Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2018 оны долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 7.7 хувь, Улаанбаатар хотод 8.8 хувь байлаа. Инфляци сүүлийн хоёр сард идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), мах, хүнсний ногоо болон шатахууны үнийн өсөлт нөлөөлжээ.
Эдгээр дөрвөн төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 4.6 нэгж хувийг дангаараа тайлбарлаж буй юм. Улаанбаатар хотын жилийн инфляцийн бүрэлдэхүүн:
Өнгөрсөн онд хураасан ургацын хэмжээ бага (төмс, хүнсний ногооны ургац 2016 онтой харьцуулахад 20-40 хувиар буурсан) байсан нөлөөгөөр хүнсний ногооны үнэ өмнөх оны мөн үеэс 10-50 хувиар өндөр түвшинд хадгалагдаж байна. Тухайлбал, хүнсний ногооны бүлгийн үнэд хамгийн их нөлөөтэй бүтээгдэхүүн болох төмсний үнэ өмнөх оны мөн үеэс 85.3 хувь, луувангийн үнэ 138.1 хувь, байцааны үнэ 39.5 хувиар өндөр байна.
Өмнөх жилүүдийн онцлогоос харахад шинэ ургац хураалттай холбоотойгоор долдугаар сард үнэ өсч, наймдугаар сард буурдаг. Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүн болон Монгол улсад импортлогдож буй шатахууны хилийн үнэ 40 орчим хувиар өссөнөөс шалтгаалан дотоодын зах зээлд шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 250 орчим (тайлант оны 5-7 дугаар сард 130 орчим) төгрөгөөр нэмэгджээ. Инфляцийн богино хугацааны төсөөлөл Нийлүүлэлтийн шокод өртөмтгий бараа, бүтээгдэхүүнийг хэрэглээний сагснаас хасч тооцсон суурь инфляци оны эхнээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 7.5 хувь өсөлттэй байна.
Эх сурвалж: Монголбанк