Одоогоос есөн жилийн өмнө интернэтээр мэдээлэл авагчдын тоо 106 мянга байсан бол 2016 онд 2.5 саяд хүрсэн судалгаа бий. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр цахим орчинг ашигладаг бол тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цагийг зарцуулж байна.

Мэдээлэл технологийн дэвшил ийнхүү цаг тутамд хурдацтайгаар урагшилж буй энэ цаг үед компьютер, утаснаасаа ганцхан товч дараад л хүссэн бараа, үйлчилгээгээ өөр дээрээ авчирч чаддаг болсон. Өдөр тутмын амьдралын хэмнэл ийнхүү цахимжсан нь цаг хугацаа, зардал хэмнэж байгаа ч иргэдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох томоохон орон зай үүсээд байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

НЭГ СЕКУНДЭД 18 ХҮН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА

Алс холын Америкаас, урд хөрш Хятадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авахын тулд тив, улс алгасан зорчих ямар ч шаардлагагүй болж, гэрийнхээ хажуу дахь дэлгүүрээс худалдан авалт хийхээс амархан болсон нь цахим худалдааны онцлог. Тэгвэл олон улсын худалдааны сайтаас цахимаар худалдан авалт хийхдээ Смишинг болон Пишинг гэмт хэргийн хохирогч болсон хэрэг хэд хэд гарсан байна.

Тодруулбал, тэд автомашин, цахилгаан бараа, гутал хувцас худалдан авахдаа үл таних, аль нэг худалдааны болоод төлбөрийн вэб сайтыг дуурайлган хийсэн хуурамч вэб сайтыг ашиглаж өөрсдийн дансны мэдээллээ гэмт этгээдүүдэд алдсанаар дансан дахь мөнгөө алдсан байна. Ялангуяа байгууллагын сүлжээнд байгаа мэдээллүүдийг устгах, худалдаа үйлчилгээ хэлбэрээр, эсвэл аялал жуулчлалын салбар, банк санхүүгийн салбарт хуурамч гүйлгээ хийх, гадаадын орнуудын хуурамч байгууллага гэж захиалга өгч хохироох, хууран мэхэлж эд зүйл, бэлэн бус мөнгийг шилжүүлэн авах гэмт хэргүүд гарч байгаа аж. Дэлхий дээр нэг секундэд 18 хүн цахим худалдааны хохирогч болж байна. 2017 онд энэ гэмт хэргийн хохирол 100 тэрбумд хүрч, жилд 556 сая, өдөрт 1.5 сая хүн ийм хэргийн хохирогч болжээ.

КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД НЭГДЭХ ШААРДЛАГАТАЙ

Цахим гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Кибер гэмт хэргийн тухай “Конвенцид” нэгдэн орох шаардлагатай байгааг цагдаагийн байгууллага хэлж байна. Ингэснээр гэмт хэргийг илрүүлэхэд дөхөм болох аж. Бараа худалдах, худалдан авах тухай олон улсын гэрээний тухай Венийн конвенц, Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай Брюсселийн конвенц, Иргэний болон арилжааны хэргийн асуудлаар гадаадын шүүхийн шийдвэр, маргаан шийдвэрлэх шүүхийн харъяаллын тухай Гаагийн конвенц, Маргаан шийдвэрлэх шүүхийг сонгох зөвшилцлийн тухай Гаагийн конвенц, Олон улсын гэрээний цахим харилцаа ашиглах тухай конвенц гээд цахим харилцааг зохицуулдаг олон улсын эрхзүйн орчин бий.

Эдгээрт Монгол Улс нэгдэн орвол энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд дөхөм болох аж. Түүнчлэн төрөл бүрийн цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг бүрэн бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж байх, Зар, сурталчилгааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль бус зар сурталчилгааг хязгаарлах, ийм зар сурталчилгаа явуулсан байгууллага, иргэдтэй тооцох хариуцлагыг чангатгах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцлов.

“ГҮҮГЛ ТРАНСЛЭЙТ” АШИГЛАЖ ЗАЛИЛАН ХИЙЖ БАЙНА

Цахим худалдаанаас гадна мөнгө зээлдүүлэх нэрээр, сугалааны аргаар гэх мэт олон төрлийн залиланд иргэд өртөж байгааг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь гадаад улсын иргэд байдаг тул хохирогчдын итгэлийг олох зорилгоор гүүгл транслэйт буюу орчуулгын программ ашиглан монголоор бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээж, зээл өгсөнд баярлалаа гэх мэт худал сэтгэгдэл, мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашигладаг байна.

Романс луйвар гэхэд интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг ба 2017 онд Монгол Улсын долоон иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна. Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг нарийвчлан хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна гэж худал хэлдэг байна.

Аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байжээ. Энэ мэтчилэн онлайн хэлбэрээр залилах гэмт хэрэг нь хуурамч гүйлгээ хийх, хуурамч байгууллага бий болгох, гэмт хэргээ далдлахын тулд санаатайгаар болон зохиомлоор дампуурах, сүлжээний бизнес, гоо сайхны болон гадаад улсаас уран зураг, эм бэлдмэл оруулж ирэх зэргээр шатлал бүхий сүлжээ үүсгэж бусдыг их хэмжээгээр хохироох, бусдын дансыг ашиглах, ялангуяа банк санхүүгийн салбарт албан тушаалын давуу байдлаа ашиглах, байгууллагынхаа нууц код, тэмдэгтийг хэрэглэх, хуурамч гүйлгээ хийх замаар үйлдэгдэж байна. Тиймээс иргэд өөрийн танихгүй хүнийг найзаар байлгах, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцлаагүйгээс гэмт этгээдүүдийн бай болж байгааг ойлгох хэрэгтэй.

Цахим гэмт хэрэгтнүүд нь үйлдлээ гадаад орноос хийдэг, ашиглаж буй цахим болон IP хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг. Танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд байдаг гэдгийг үргэлж санаж, мессежээр харилцахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Төгс

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн