Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хэлэлцээр хийж, тодорхой шийдвэр гаргажээ. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, 320 мянган төгрөг болгон, нэмэгдүүлэхээр санал нэгдсэн байна. Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоохоор заасан байдаг. Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгосон бөгөөд ирэх оны эхнээс уг хэмжээ 320 мянгад хүрэх нь. Ингэснээр ажил эрхлэгч иргэн хамгийн багадаа цагийн 1904.7, өдрийн 15.2 мянган төгрөгөөр цалинжих юм.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өчигдөр мэдээллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тухайлсан мэргэжил шаардахгүй ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд өгч болох цалин хөлсний хамгийн доод хэмжээ юм” хэмээн тайлбарлаад, “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооныхон цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар санал нэгдсэн. Одоо төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Ингээд нэгдсэн байр суурьт хүрвэл энэ асуудлыг энэ долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна” гэлээ.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь дунд сургууль төгссөн, эсвэл цэргээс халагдсан, мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүст өгөх цалин гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө нэмэгдсэнээр залуусын ажил хийх хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ.
Аж ахуйн нэгжүүд ирэх оны төсвөө боловсруулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянган төгрөгөөр бодож тусгаасай гэсэндээ бид өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Хэрэв та бизнес эрхэлдэг бол, ажилчнаа доод тал нь 320 мянган төгрөгөөр цалинжуулж чадахгүй гэж бодож байвал бизнесээ зогсоо. Бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320, 2020 онд 420 мянган төгрөг болгоно гэж тохирсон” гэв.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хэлэлцээрээр тохиролцоонд хүрсэн өөр нэг гол асуудал нь 2017 оны улсын төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай байжээ. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн уг тогтоолын гурван заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал санал нэгдсэн байна.
Тодруулбал, тогтоолын дөрөв дэх заалт буюу “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд өнөөгийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжид тулгуурлан шийдвэрлэх” гэсэн заалтыг хүчингүй болгох шаардлагатай хэмээжээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо өмнө нь “2018 оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ” гэсэн хэлцэл байгуулсан. Энэ асуудлаар ОУВС-тай зөвшилцөлд хүрсэн тул уг заалтыг хүчингүй болгох гэж байгаа юм байна.
Мөн тогтоолын тав дахь заалт буюу “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоох, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай” гэснийг хүчингүй болгохоор болсон гэнэ. Түүнчлэн тогтоолын зургаад “Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд тэтгэвэрт гарах төрийн хоёр албан хаагч тутмын оронд нэг төрийн албан хаагч нөхөн авч ажиллуулах, бусад салбараас тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийн оронд хүн томилохгүй байх” хэмээсэн нь амьдралд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж үзсэн тул хүчингүй болгох хэрэгтэй хэмээн санал нэгдсэн аж.
Мэдээллийн төгсгөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Цалингийн доод хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх юм байна. Хугацаа нь болоогүй байхад ингэж яаран зарлах хэрэг байв уу. Ийм мэдээллийг дагаад үнэ хөөрөгдөх асуудал гардаг. Хичээлийн шинэ жил эхлэх гээд иргэдийн нуруунд ачаа их байхад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна?
-Иргэдэд мэдээллийг тухай бүрт нь хүргэх нь зөв болов уу. Нөгөө талаас 2019 оны төсвийн төсөл боловсруулах ажил ид өрнөж байна. Төсвийн төсөл боловсруулж дуусахаас өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, эсэхийг шийдэх хуулийн шаардлага бий.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс гадна төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэж ойлгож болох уу?
-ОУВС-тай хийсэн зөвшилцлийн дагуу энэ оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг авч хэлэлцэнэ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ өдрүүдэд багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж буйг Засгийн газар анхаарч байгаа. Энэ хурлын дараа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал үндэсний хорооныхон төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар хэлэлцээ хийнэ.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр хэчнээн хүний орлого дээшлэх вэ. Ер нь хэчнээн хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг бол?
-Монгол Улсад нийтдээ нэг сая гаруй иргэн ажил эрхэлдэг. Тэдний найман хувь буюу 80 мянга орчим нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн тоо бий.
-Маш цөөхөн хувь нь энэ нэмэгдлийг хүртэх нь. Харин олонхынх нь нуруун дээр энэ нэмэгдэл ачаа болох юм биш үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг торгууль, татвар гэх мэтийн хэмжээ бас нэмэгдэнэ шүү дээ.
-Энэ бол санаа зовох асуудал мөн. Гэхдээ торгууль шийтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг байснаа больж, тодорхой нэгжээр тооцдог болсон шүү дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд торгууль шийтгэлийн хэмжээ нэмэгддэг нь буруу гэж үзээд, Зөрчлийн хуулийг хэлэлцэхэд ийм болгосон. Тэгэхээр тийм ч олон торгууль шийтгэл үүнийг дагаж нэмэгдэхгүй гэж ойлгож болно.
-Багш нарын цалинг нэмэх үү?
-Төсөв санхүүгийнхээ хүрээнд л ярилцана. Эхний ээлжинд бага орлоготой хэсгийн цалинг нэмэх үү, багш, эмч нарын ажлын байрны ангилал, зэрэглэлийг өөрчлөх үү гэдгийг Гурван талт үндэсний хороогоор ярина. Багш нар цалин нэмэхгүй бол ажил хаяна гэж түр хороо байгуулсныг сонссон. Одоохондоо надад албан ёсоор ирүүлсэн зүйл алга. Монгол Улс хууль журамтай орон. Хэн дуртай нь ажил хаяна гэж нийгмийг донсолгоод, айдас хүйдэст автуулж, дарамт үүсгээд байж болохгүй.
Ажил хаяна гэдэг чинь хуулиар зохицуулагдсан харилцаа. Цалин нэмүүлэх түр хороо гээч юм гэнэт гарч ирээд, улсын хэмжээний ажил хаялт зохион байгуулчих хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Засгийн газартай хэлэлцээрт орж байгаа Үйлдвэрчний эвлэлд л энэ эрх бий. Ер нь цаашид ажил хаяна гэж дуртай нь ярих нь буруу жишиг. Цалин нэмэгдүүлэх шаардлага байгааг ойлгож байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөөгийнхөөр хязгаарлагддаг нийгэмд амьдарч байгаагаа санах хэрэгтэй.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин