Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, Монгол Улсын мэс заслын зөвлөх эмч Клиникийн профессор, Ардын эмч Б.Батчулууныг “Амьдралын тойрог” буландаа урилаа.
Б.БАТЧУЛУУН ГЭЖ ХЭН БЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологи нэвтрүүлэх, чанар тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Улсын III төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын эмч цол хүртээсүгэй. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын эмч агсан Ж.Хайрулла:
-Энэ бүхнийг чи ганцаараа бүтээгээгүй. Гэргий чинь чамтай хамт Ардын эмч болсон шүү. Би 80 шүргэж байж баатар болсон. Миний шавь 60 шүргэсэн насандаа Ардын эмч боллоо. Багшийнхаа замаар баатар болохыг ерөөе.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийг шинэчлэн байгуулахад Б.Батчулуун эмчийн байгуулсан гавьяа их бий. Ард түмнийхээ авралт эмч болсон түүний гавьяа зүтгэлээр бид бахархдаг. Эрүүл мэндийн салбарт 42 жил ажиллахдаа 300 гаруй мянган өвчтөнийг үзэж, онош тодруулсан, 15 мянган хүнийг гардан эмчилж, 4475 удаа мэдрэлийн мэс засал хийсэн. Хөдөө орон нутагт 500 гаруй удаа мэс засал хийж, нарийн мэргэжлийн тусламжийг орон нутагт хоёр мянга гаруй өвчтөнд, Улаанбаатарын эмнэлгүүдэд 11.900 өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлсэн нь гайхамшиг юм.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Мэдрэлийн мэс заслын бурхан эмч Хайрулагийн бэлтгэсэн эмч нар – авралын элч нар Монголын олон гэр бүлд аз жаргал авчирсан юм. Тэдний нэг, оюутан цагаасаа Ж.Хайрулла багшийнхаа дэргэд ажиллаж, өдгөө багшийнхаа авсан өндөр цолд хүрсэн Б.Батчулуун эмч боксын гуравдугаар зэрэгтэй, хөл бөмбөгийн хоёрдугаар зэрэгтэй, уран гимнастикийн нэгдүгээр зэрэгтэй тамчирчин, Спортын мастер төдийгүй уран уншигч, бөмбөрчин, Өсвөрийн залуу техникчдийн ордонд нисэх загвараар хичээллэж байсан гээд олон талын авьяастай. Тэр бүх авьяас чадвар нь хүний уураг тархинд мэс өргөдөг уран гарт нь ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн болов уу.
Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн сайд асан П.Дамдин:
-Олон жилийн өмнө Бээжингийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт үхэл, сэхлийн ирмэгт хэвтэж байхад минь Монголоос очиж намайг үзээд эх орондоо эмчилнэ гээд авчирсан ачит эмч бол Б.Батчлуун юм. Тэр ингэж олон хүнийг аварсан, би түүний гараар эмчлэгдэж, эдгэсэн нэг бүтээл нь юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:
-Манай Б.Батчулуун энэ олон жилд хүний, өөрийн өвдсөн, зовсон болгоны өмнө ямар ч завгүй гүйхдээ бусдын төлөө гэсэн нэг л сэтгэл, төлөв даруу зангаар зүтгэж ирсэн жинхэнэ эмч, хүнлэг сайхан сэтгэлтэн. Эмч хүн ийм л байх ёстой. Тэр миний амийг аварч байлаа, гэргийн маань, ээжийн маань ч амийг аварч байлаа. Ийм сайхан хүн, эмч найзтай олон жил нөхөрлөж яваадаа талархдаг.
Монголчуудын бурхан эмч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын эмч Ж.Хайрулла агсны үйлсийг үргэлжлүүлж үлдсэн гарын шавь, Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат, Ардын эмч, Б. Батчулууны хэн болохыг хэрэв зурглая гэвээс эдгээр эрхмийн үг тал бүрээс нь тодорхойлон, цэг зураас юуг ч дутуу үл үлдээх нэгэн хөрөг болом. Тэр ийм эгэл энгийн атлаа бас нийгэм, цаг үедээ эрэлттэй, түмэн олондоо түшигтэй, амь аврагч алтан гартай эмч юм.
Одоогоос 50 гаруй жилийн тэрээ Архангай аймгийн Чулуут суманд хүний их эмч Банзрагчийн гэрт дуугаа хадаан мэндэлсэн бяцхан хүү ухаан орсон цагаасаа л аавынхаа чагнуурыг зүүн тоглож өсчээ. Аав нь их эмч, ээж нь эмнэлгийн лаборант ажилтай тул хүү хичээлээ тараад сумын эмнэлгийн ганц давхар цагаан байшин руу гүйгээд оччихдог байж. Заримдаа аавыгаа жижүүртэй үед хамт хононо. Чухам энэ л үеэс эмч болно гэж мөрөөддөг болжээ.
Аравдугаар ангиа төгсч АУДС-д элсэн суралцахдаа харин мэс заслын эмч болно гэж шийдсэн гэдэг. Чухам энэ л үеэс Ж.Хайрулла багшийгаа дагаж, жижүүртэй үед нь III эмнэлэг дээр хамт хонож, ажилд нь тусласаар, гуравдугаар курст орохдоо жижиг мэс ажилбар, олгой авах зэрэг хагалгааг бие даан хийдэг болжээ. Тэгвэл мэдрэлийн мэс заслын эмч болсон нь түүний өөрийнх нь биш багшийнх нь хүсэлтээр шийдэгдчихсэн гэдэг.
Сургуулиа төгсөөд Өмнөговь аймаг руу эвлэлийн илгээлтээр явах гээд сууж байтал ЭМЯ-ны гадна Ж.Хайрулла багш нь тааралдаад “Би чамайг явуулахгүй. III эмнэлгийн мэдрэлийн мэс засалын тасагт авч ажиллуулна” гэснээр ердөө маргааш нь тийшээ шууд очжээ. Тухайн үед мэдрэлийн мэс заслын суурь дөнгөж л тавигдаж эхэлж байж. Энэ төрлийн өвчний нас баралт өндөр, эмчээс мэдлэг, ур чадвар, хариуцлага шаардсан хүнд салбар байж.
Очсон хүн хэдхэн сар ажиллаад шантраад буцаад явчихна. Б.Батчулуун эмч ч гэсэн “Мэдрэлийн мэс засалч болохоо болъё. Яаралтай мэс заслын тасаг руу шилжье” гэж хэлээд багшийгаа уурлуулсан удаатай. Ийм хүндхэн орчин нөхцөлд мэдрэлийн мэс заслын эмчийн эрдэм, ухааныг тэрээр багшаасаа өвлөж, эмчийн ажлыг эвлэлийн үүрийн даргын ажилтай давхар хашиж ажлын гараагаа эхэлсэн бол энэ хүртэл тасгийн эрхлэгч, эмнэлгийн орлогч, эмнэлгийн дарга, зөвлөх эмчээр тасралтгүй 42 ажиллаж байна.
Энэ хугацаанд тэрээр тархи ууц, нурууны бичил мэс засал, тархины судсан дотуурх оношлогоо – эмчилгээ, тархины ховдлыг хэвлийн хөндийтэй гуурсаар холбох мэс засал, гурвалсан мэдрэлийн өвдөлтийг таслах мэс засал, тархи нугасны ивэрхийн мэс засал, тархины цус хуралтыг дурангийн аргаар эмчлэх шинэ аргыг нэвтрүүлсэн. Мөн 300 гаруй мянган өвчтөн үзэж, онош тодруулсан, 15 мянган хүнийг гардан эмчилж, 4475 удаа мэс засал хийжээ.
Хөдөө орон нутагт 500 гаруй удаа мэс засал хийж, нарийн мэргэжлийн тусламжийг орон нутагт хоёр мянга гаруй өвчтөнд, Улаанбаатарт 11.900 өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Мөн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлд олон ажил санаачилж, ашигтай загварын гэрчилгээ зургаа, лиценз тав, патент нэгийг тус, тус эзэмшиж, 300 гаруй гаруй оюутан, багш, эмч нарт мэдрэлийн мэс заслын хичээл заасан бол 20 гаруй гарын шавь бэлджээ.
ГУРВАН ҮЕИЙН ЭМЧ, ГУРВУУЛАА НЭГ БАГШИЙН ШАВЬ
Нэг гэр бүлд, гурван их эмч, гурвуул нэг багшийн шавь байх азтай бөгөөд ховорхон хувь тавилан тэдэнд тохиожээ. Б.Батчулуун эмчийн аав Д.Банзрагч агсан Намын дээд сургууль төгсч хамгийн анхны 10 нэгдэл гэж байгуулахад нэг дарга нь байсан. 1960 онд АУДС-д орж, 1965 онд хүний их эмч мэргэжлээр төгсч, сумандаа их эмчээр, сүүлд Октябрийн район /одоогийн СХД/-д эмнэлгийн даргаар ажиллаж байжээ.
Тэрээр Ж.Хайрулла багшийн шавь байж. Тэгвэл том хүү Б.Батчулуун нь аавынхаа чагнуураар тоглож, эмч болохыг мөрөөдсөөр 1970 онд АУДС-д элсэн орж, Ж.Хайрулла багшийн гарын шавьж болж 1976 онд төгсчээ. Б.Батчулуун эмчийн том хүү Батболд ч мөн аавынхаа мэргэжлийг өвлөсөн бөгөөд мөн л Ж.Хайрулла багшийн шавь, өдгөө энэ салбарын шилдэг залуу эмч нарын нэг юм.
АЛИВАА ХАГАЛГАА ЭМЧИЙН ГАР, ТҮҮНИЙ АР ГЭРИЙНХНИЙ СЭТГЭЛЭЭР АМЖИЛТТАЙ ХИЙГДДЭГ
Хагалгаа болгон хариуцлага. Амжилттай болохыг зорьж байгаа хэдий ч гарч болзошгүй эрсдлийг мэддэг учраас айдастай байдаг. Хүндрэл гарч хүний амь насыг аварч чадалгүй алдах тохиол маш их. Зөвхөн тархинд хүрэх бус мэс заслын хутга бариад хүнд хагалгаа хийнэ гэдэг том эрх, тийм эрхийг бидэнд өгнө гэдэг эргээд том үүрэг хариуцлага хэмээн Б.Батчулуун эмч ярьсан. Тэгвэл аливаа хагалгаа эмчийн гараар, эмчийн ар гэрийнхний сэтгэлээр амжилттай хийгддэг гэж бодогдоно.
Үүнийг Ж.Хайрулла багшийн нь хэлсэн “Шавь минь чи өөрөө зүтгээд энэ алдарт хүрчихээгүй. Чамтай хамт гэргий Даника /Долгорсүрэн/ чинь Ардын эмч болсон шүү” гэсэн үг батална. Б.Батчулуун эмчийн хань Д.Даника түүний ар талын албаны найдвартай даргаас гадна, эр нөхөрт нь хандаж ирдэг өвдөж зовсон олон түмэнд өмөг түшиг болж ирсэн нэг ёсны Өндөр ээж ажээ.
Хэдэн цагаар угсарсан хагалгаанд орж, цаг наргүй ажиллаж байгаа ханиа хоол, цайг нь бэлдэн халамжлахаас гадна сэтгэл санааг нь түвшин байлгаж, ажлаа тайван хийх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ хоёр хүүгээ өсгөж, улсын ажилд ч хувь нэмрээ оруулж ирсэн байна. 1979 онд Холбооны сургалтын төв сургуулийг онц төгсч, улс оронд анхны радио релейны шугам ашиглалтад орж эхлэх үед цахилгаан холбооны зүрх болсон газарт тохируулагч техникчээр ажиллажээ.
Дараа нь ШУТИС-д суралцаж төгсөөд аналоги радио релейний шугамыг тоон системд шилжүүлэх, аймаг хоорондын агаарын шугамыг шилэн кабельд шилжүүлэх, харилцаа холбоо 1,2,3 төслийн хэмжээнд бүх аймагт холболт, дамжуулалтын системийн шинэчлэл хийх зэргээр улс орны хөгжилд хувь нэмрээ оруулжээ.
Мэдрэлийн мэс заслын хэмээн мэргэжлээрээ овоглогдож, “Авралын од” гэх хүндлэлийг хүлээж яваа Б.Батчулуун эмчийн ажил амьдралын тойргийг товчхон сурвалжлахад ийм байна. Өдгөө тэрээр гавьяаны амралтанд гарсан ч гэлээ ачааллаа дийлэхгүй байгаа мэдрэлийн мэс заслын төвийг Үндэсний төв болгох, аймаг, дүүргүүдэд салбар байгуулж хөгжүүлэхэд санаагаа чилээж, улсын бодлогод тусгуулах асуудлыг судалж суудаг юм байна. Хүний оюун тархинд мэс хүргэдэг онцгой эрхтэй эмчийн олноо гэсэн үйлсэд нь амжилт хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
2 comments
Mundag sain hovor hun
Kkkkk