Үндэсний аудитын газраас улсын төсвийн 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн аудитын тайланг олон нийтэд ил мэдээлсэн. Аудитын дүгнэлтээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийт 388 төсөл, арга хэмжээнд 779.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор батлагдсанаас 351 төсөл, арга хэмжээнд 704 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийт төсөл, арга хэмжээний 80.7 хувь буюу 313 нь бүрэн хэрэгжиж, 38 нь хэрэгжилт дутуу, 37 нь хэрэгжээгүй байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд тавих хяналт сул байна гэсэн ерөнхий дүгнэлтийг аудит хийсэн юм.
Өөрөөр хэлбэл, тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа дотоод аудит хийдэггүй, чанарт болон ажлын явцад хяналт тавьдаггүй, зураг төсөл, ТЭЗҮ зэргийг баталгаажуулдаггүй, хариуцлага тооцдоггүй, үр дүн, гүйцэтгэлийг нь бодитоор үнэлдэггүй зэрэг нийтлэг дутагдал байсаар байгааг дүгнэжээ. Жишээлбэл, төсвийн хөрөнгөөр ямар нэг барилга бариулахад захиалагч нь гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулчихаад орхих биш ажлынх нь үе шат бүрт хяналт тавьж байх үүрэгтэй. Энэ мэт зөвлөмжийг төрийн захиргааны байгууллагууд хайхрахгүй байгаа нь төсвийн хөрөнгө үр дүнгүй хорогдох шалтгаан болж байна. Түүнчлэн төсөл, арга хэмжээнүүд хэтэрхий удааширдаг, тэр хэрээр татварын мөнгө үрэн таран болж, эцсийн дүндээ чанаргүй бүтээн байгуулалтууд үлдэж байгааг тогтоожээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 333 төсөл, арга хэмжээний 76.7 хувь нь дөрвөөс дээш жил үргэлжилж, нийт баригдаж буй барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дундаж хугацаа таван жил гэж гарсан байна.
Төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байгаа ганцхан жишээг тус аудитын дүгнэлтээс хүргэе. Үндэсний аудитын газраас нийт 22 төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг нь шалгажээ. Гэтэл ажлын тоо хэмжээ бүрээр үр дүнг нь хянан баталгаажуулаагүйгээс нийт 13 аж ахуй нэгжид 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бодит ажлын гүйцэтгэлээс нь илүү олгосон байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбарын сайд бүрээр ангилсан дэлгэрэнгүй баримтыг үзнэ үү.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Налайх дүүрэг-Спорт цогцолборын барилга -“Бүрд констракшн” компанид 245.8 сая төгрөг илүү олгосон.
Хан-Уул дүүрэг- Соёлын өвийн төвийн барилга -“Заг” компанид908 сая төгрөг илүү олгосон.
Хэнтий аймгийн Мөрөн сум – “Ханхэнтий” чуулгын барилга – “Макс майнд” компанид 890.3 сая төгрөг илүү олгосон.
Сонгинохайрхан дүүрэг- 104-р сургууль -“Фужи Алтай” компанид28.6 сая төгрөг илүү олгосон.
Архангай аймгийн Эрдэнэбулган сум – Хөгжимт драмын театрын барилгын ажлыг гүйцэтгэсэн “Акми Холдинг” компанид 402.3 сая төгрөгийг илүү олгосон.
Сүхбаатар дүүрэг- Үндэсний номын сан – “Акми холдинг” компанид 8.7 сая төгрөг илүү олгосон.
Хуульзүй, дотоод хэргийн сайд
Чингэлтэй дүүрэг – Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг – “Шинэ барилга” компанид 4.9 сая төгрөг илүү олгосон.
Эрүүл мэндийн сайд
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум – 50 ортой төрөх эмнэлэг -“Лайт капитал хаус” компанид 849.6 сая төгрөг илүү олгосон.
Дорноговь аймгийн Сайншанд сум – 50 ортой эмнэлэг – “Монинжбар” компанид 600.6 сая төгрөг илүү олгосон.
Батлан хамгаалахын сайд
Баянзүрх дүүрэг – Цэргийн нэгдсэн эмнэлгийн цогцолбор – Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т 91.2 сая төгрөг илүү олгосон.
Өмнөговь Даланзадгад сум –Говийн бүсийн сургалтын төв- “Изо хаус” компанид 235.7 сая төгрөг илүү олгосон.
Өмнөговь Даланзадгад сум –Говийн бүсийн сургалтын төв- “Солид констракшн” компанид 354.6 сая төгрөг илүү олгосон.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Булган аймгийн Булган сум – Аймгийн Засаг даргын Тамгын газрын барилга -“Түмэн Алт” компанид 48.3 сая төгрөг илүү олгосон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин