Манай улсаас БНСУ-ын их дээд сургуульд элсэн суралцах залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл тухайн улсад суралцахаар сонирхож буй залуустаа дараах мэдээллийг хүргэж байна.
Өмнөд Солонгос улсын Боловсролын яам 2021 он гэхэд тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн 38 их, дээд сургуулийг хаахаар болсноо албан ёсоор мэдээлжээ.
Хувийн их, дээд сургуулиудыг хаах болсон шалтгаанаа тэдгээр сургуулиудад суралцах оюутан залуусын тоо ихээр буурч байгаатай холбон тайлбарлажээ.
2018 оны хичээлийн жилд 480 мянган оюутан их, дээд сургуульд элссэн ч гурван жилийн дараа 56 мянгаар буурч, 2021 онд 424 мянга болох, улмаар 4 жилийн сургалттай 333 сургуулийн 38 нь элсэх оюутангүй хоцрох урьдчилсан тооцоо гарсан байна.
Тиймээс ирэх гурван жилийн хугацаанд тодорхой шалгуурын дагуу хувийн 38 их, дээд сургуулийг хааж, үйл ажиллагааг нь зогсоох аж.