УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хаалттай болохоор товлогдсон байсан юм. Гэвч хохирогч ирээгүй тул шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулжээ.
Шүүхийн албан ёсны мэдээлэл:
Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан.
Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон. Гэвч уг шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магалдлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөрийн 11.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлалаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар