Японы Яамагучи мужид дэгдсэн ойн хээрийн түймрийн үеэр сураггүй хоёр настай Ёошики Фужимот эсэн мэнд олдсон талаар “www.asahi.com” сайт мэдээллээ. Хүү гурван өдрийн өмнө сураггүй болсон бөгөөд аврагч хүүг олсон байна. Хүү өвөөгийнхөө гэрээс 560 метрийн цаана байрлах ууланд байхыг олжээ.
Хүүг олсон аврагч “Бид 72 цагийн турш тасралтгүй хүүг хайсан. Үнэнийг хэлэхэд хүүг эсэн мэнд олно гэдэгтээ итгэлгүй байсан. Би хүүгийн өвөөгийн гэрийн ойролцоо байхад хүүхдийн уйлах чимээ сонссон. Чимээг даган явсаар нэг газар ирсэн. Тэр газраас холгүй хад дээр нэг зүйл байхыг харсан. Би анхандаа хадан дээр байгаа зүйлийг хүүхэд гэж бодоогүй. Шувуу эсвэл өөр зүйл байна гэж бодсон. Би итгэл муутайхан “Фужи” гэх дуудахад “Би энд байна” гэж хүү хэлсэн. Тэр үед л хүү эсэн мэнд байгааг ойлгосон” хэмээн “NHK” сувагт ярьжээ.
Яамагучи мужид хэт халж буй бөгөөд хүү олон хоног хоол идээгүй учир их тамирдсан гэнэ. Хүү алга болох өдөр буюу наймдугаар сарын 12-ны 10.30 цагийн орчимд өвөө болон гурван настай ахынхаа хамтаар гэрээсээ 400 метрийн цаана байрлах голд сэлэхээр явсан аж. Түймрийн улмаас тус бүсэд нэвтрэхийг хориглосон байсан аж. Тэд буцаж явах үедээ хүү төөрчээ. Хүүг хайх ажиллагаанд 100 гаруй аврагч, сайн дурынхан оролцсон байна.