Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс найман хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нэг хүнд ногдох ҮНО, ДНБ-ий хэмжээгээр ойролцоо, дундаж орлоготой бусад оронтой харьцуулбал тун өндөр тоо юм.
Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр бидний байдал илүү тодорхой болох биз ээ. 60 гаруй сая малтай, байгалийн асар их баялагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байна вэ. “Ядуурлын шалтгаан хаана, юунд байна вэ” гэсэн асуултад хөтлөгдөж, албан тасалгааны цонхоор бус, ард иргэдийн дундаас амьдрал ямар харагдаж байгааг сурвалжлахаар эхлүүлсэн “Амьдрал сайн уу” цувралынхаа энэ дугаарыг нийслэлээс хүргэж байна.
ШАРИЛЖИН ДУНД САРНАЙ УРГАДАГГҮЙ
Хоёр машин шүргэх шахуу зөрдөг нарийнхан гудамжны өргөссөн хэсэгт, хоёр айлын хашааны булангийн догол зайд барьсан жижиг таван ханатын хажуугаар машин явахад дугуйн эргэлтэд нь шороо шажигнаж, жижиг чулуу үсрэх нь хүртэл гэр дотор тодхон сонсогдоно. Гудамжны голын зам гэрийн хаяа шүргэх шахам, дугуйн дороос үсэрсэн чулуу хаалгаар ороод ирэхээр ойрхон учраас тэр. Улаан зам дээр ханаа шийрлэсэн энэ айл 3-11 насны гурван хүүхэдтэй. Хаалгаар гарангуут хөл хөдөлгөөн ихтэй машин зам нүүрэн дээр нь тулдаг учраас тэд гэрээсээ хамраа цухуйлгана гэж саналтгүй. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо (Тахилт)-ны иргэн Б.Оюунтунгалагийнх.
Тэрбээр архинд дуртай, агсам аавын дарамтнаас гарч, өөрийн гэсэн гэр орон, амьдралтай боллоо гэтэл өөр нэг архичин, хүчирхийлэгчийн гарт орсон, түүнээсээ зугтан нийслэлийг зорьж, амьдралын хамаг л хатуу хөтүүг бүсгүй биеэрээ туулж, давж гарна гэсэн итгэлээр зүтгэж буй “азгүй” эмэгтэйчүүдийн нэг. Б.Оюунтунгалаг Өвөрхангайн уугуул.
Тэрбээр “Аав минь ээж, дүү, биднийг их зовоодог байсан болохоор би багаасаа гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл, зодоонтой амьдралаас зугтаж, гудамжинд шахам өссөн. Бушуухан хүнтэй сууж, өөрийн гэсэн амьдралтай болчихвол бүх зовлон дуусаж, сайхан амьдралын хаалга нээгдэх юм шиг санагдаад 18-тайдаа гэрлэсэн. Эхний нэг жил амьдрал сайхан л байлаа. Дараагийн жилээс нь нөхөр маань архи ууж, зодоод эхэлсэн.
Агсам тавина, хутга шөвөг гаргана. Таньж мэдэх хүмүүс “Хүүхэд төрүүлж өгөхгүй болохоор эрэгтэй хүний ааш эвдэрдэг” гэхээр нь охиноо төрүүллээ. Зан авир нь өөрчлөгдсөнгүй. Тэгж байтал хүү минь төрсөн. Ялгаа огт гараагүй. 2012 оны намар нөхрийн хамаатных нь хуриманд хамт явлаа. Тэнд согтоод намайг зодож, аймгийн төвөөс 30 гаруй км-ийн цаанаас ганцааранг минь явган хөөж явуулав.
Уруулаа сэтлүүлж, нүд, амаа хүн харахын аргагүй хөх няц болгуулчихаад шөнөжин алхаж ирэхэд ээж минь “Би насаараа аавын чинь гарын шүүс болсон. Чи яг миний замаар явж байна. Ийм хүн өөрчлөгддөггүй юм. Насны залуу дээр сал. Олонтой газар бараад” гэсэн” хэмээн бараан дурсамжуудынхаа зах зухаас дэлгэсэн.
Охиноо өөр шигээ амьдруулахгүй гэсэн ээж нь тэр өдрөө Улаанбаатар руу явах автобусны тасалбар бичүүлж, Б.Оюунтунгалаг хоёр хүүхдээ дагуулаад, хаана очиж, хэнтэй уулзахаа мэдэхгүй, нөхрөөсөө салахын тулд л хүн танихгүй, газар мэдэхгүй нийслэл рүү зугтжээ. Энэ бол түүний зовлонгийн эхлэл ч биш, төгсгөл ч биш байлаа. Хөдөөнөөс анх ирсэн хүнд зах хязгааргүй мэт санагддаг их хотоос аавынхаа хамаатныг хайж олоод, үүдний амбаарт нь толгой хоргодсоноор нийслэлийн сүрлэг сайхан барилгуудын сүүдэр дэх эрээн бараан дүр зургийн нэг хэсэг болов.
Хоёр нялх үрээс нь өөр өөрийг нь гэх хүнгүй энэ газарт дасаж, хайрхамжгүй, хүний зовлонд дассан хөндий хүйтэн олны хөлд гишгэгдчихэлгүй тэсэж үлдэх гэж халаас хоосон бүсгүй чадлаараа л зүтгэж. Нийслэлээ бараадаж, олон түмний дунд ороход учир нь олдоно, ажил хийж, хоёр хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөчихнө гэж бодож ирсэн нь дэндүү гэнэн хэрэг байсныг тэрбээр ойлголоо. Хотын харьяалалгүй, мэргэжил боловсролгүй болохоор албан газруудын хаалга түүний өмнө хаалттай.
Цагаа тулахаар үмх хоол, балга ус ч үнэгүй олдохгүй энэ газарт хоёр хүүхдээ харангадуулчихгүй байх шаардлага түүний хоолой дээр хутга тулгав. Ганц ч өдөр ажилгүй өнжих эрхгүй бүсгүйд цалин голж явах боломж байсангүй. Элдэв бичиг баримт шаардахгүй ажиллуулаад, өдөрт нь мөнгөө өгдөг нь түүний байгаа байдал, хэрэгцээнд яг нийцсэн тул зах дээр мод хөрөөдөж, хагалан, савлах ажил хийлээ. Өвлийн хүйтэнд бүсгүй хүнд ахадсан ажил боловч гүрийхээс өөр арга үгүй. Ингэж байгаад “тушаал дэвшиж”, ойр хавийн цайны газарт угаагч, үйлчлэгч, бэлтгэгчийн ажилд шилжив.
Энэ тухай ярихдаа тэрбээр “Бидэн шиг хүмүүс олдсон ажлаа хийгээд, өгсөн хөлсийг нь аваад явахаас биш, цалин голох тухай ярилтгүй. Бага ч гэсэн цалин өгдөг ажилтай байгаадаа баярлаад л олсон ажлаа хийдэг. Өнгөрсөн өвөл гэрээс холдож, ажил хийх боломжгүй байсан учраас эндээ ойролцоо нүүрс шигшиж, шуудайны ам барьж өгөх, зөөж, хураах гэх мэтээр ажилд нь туслаад нүүрсний хог авч түлсэн.
Хүмүүс “Өдөржин ажиллаад хөлсөнд нь хог аваад байхдаа яадаг юм” гэдэг. Би тэгж боддоггүй. Өвөлжингөө галтай байлгаж, гурван хүүхдийг минь дулаан өвөлжүүлнэ гэдэг надад том тус. Тэр хүн надаар шуудайныхаа амыг бариулахгүй, нүүрс шигшүүлэхгүй, тэгээд гарсан хаягдлаа өгөхгүй бол бол би юугаараа гал түлэх юм бэ. Би ямар ч хар бор ажлыг голохгүй хийдэг” хэмээсэн.
Ажил, цалин голоогүйн буянд айлын үүдний амбаараас гарч, нийтийн байр хөлслөөд, хоёр хүүхэдтэйгээ хангалуун биш юм гэхэд өлсгөхгүй, подхийтэл амьдарч байтал нөхөр нь араас ирснээр гунигт өдрүүд дахин эхэлжээ. Муу ч, сайн ч хоёр хүүхдийнх нь эцэг “Би алдаагаа ойлгож, засарсан. Дахиж хэзээ ч тийм зан гаргахгүй. Та гуравтайгаа л амьдармаар байна.
Амьдралаа, хүүхдүүдээ бодъё” гээд хүрээд ирэхэд эхний удаадаа баярладаггүй, итгэдэггүй бүсгүй хүн цөөн. Олон ч бүсгүй чухам ийм үгэнд л хууртаж, арай гэж сугарсан зовлонт амьдрал руугаа буцан очиж, итгэл найдвараа хугачуулдаг. Б.Оюунтунгалаг тэдний нэг. Тэд нийтийн байрнаас гарч, хашаа, гэр хөлсөлж амьдрах болов.
Хөдөө ажиллана гэж хэдэн сараар яваад “Цалингаа авч чадалгүй хулхидуулчихлаа” гэх мэтийн бүтэлгүй зүйл яриад ирдэг, олигтой тус нэмэргүй нөхрөө “Амьдралын төлөө зүтгээд л байна. Ингэж байгаад бидний амьдрал сайхан болно” гэсэн уужуу сэтгэлээр угтаж, үдсээр гурав дахь хүүхдээ олсон нь 2015 он. Таван сартай жирэмсэн эхнэртээ нөхөр нь “Хүүхдийнхээ өлгий, даавууг бэлдэж, шинэ хүнээ сайхан хүлээж авах бэлтгэлээ хангана” гээд хөдөө ажиллахаар явж.
Явснаас нь хойш сар шахмын хугацаа өнгөрөхөд утсаар хоёроос илүү яриагүй нөхрийнхөө хэлсэн үгээр гол зогоож, “Хань минь ажлаа хийгээд завгүй байгаа байх, мөнгө хураах гээд утасны нэгжээ хэмнээ юм болов уу” хэмээн өөрийгөө тайвшруулсаар дахин хэд хонов. Төрөх хугацаа дөхөж, хүйтний улирал хаяанд ирээд байхад нөхрөөс нь сураг чимээ ирэхгүй болохоор холбоо барих арга хайлаа.
Хамт ажилладаг хүнийх нь дугаарыг олоод ярьтал “Чиний төрөх, үхэх надад хамаагүй” гэх хатуу үг сонсох нь тэр. Гэвч араас нь ирэхдээ хэлсэн үг нь цээжний мухарт гэрэлтэж, гурван хүүхэд, хар багаас нийлсэн намайгаа ингээд орхичихгүй байх гэсэн найдлага тээсээр, хоёр хүүхдийнхээ хичээл ном, ахуй амьдралаа чадлынхаа хэрээр залгуулсаар, нэг л өдөр “Ажил дууссан” гээд ороод ирэх байх хэмээн хүлээсээр байж. Зуны сүүлчээр явсан нөхөр нь өвлийн эхэн сард ч ирсэнгүй.
“Нөхөр чинь хотод ирснээр барахгүй өөр хүүхэнтэй хамт амьдарч байгаа” гэсэн мэдээг нэгэн танил нь дуулгав. Энэ үг тулгар бүсгүйд аянга ниргэх шиг аймшигтай туссан гэдэг. Муу ч гэсэн насны хань, тулж түших ганц хүн минь гэж бодож, хамтдаа зүтгэн хүүхдүүдээ өсгөж, амьдралаа босгоно гэж төсөөлж явсан хүн нь ингээд явчихна гэдэг итгэж, эвлэрэхэд бэрх байсан нь ойлгомжтой.
Б.Оюунтунгалаг тэр бараан өдрүүдийн тухай “Эгчийндээ байна гэхээр нь уулзаж, ядаж өөрийнх нь амнаас үгийг нь сонсох санаатай хоёр ч удаа очсон. Надад олдоогүй. Тэр үед боогоод үхмээр санагдах өдөр цөөнгүй таарсан. “Хоёр хүүхэдтэйгээ болоод байсан амьдралдаа яах гэж дахиж тэр хүнийг оруулав, ямар үйлээр дахиад жирэмсэн болчихов доо” хэмээн толгойгоо шааж, дэрээ нэвтэртэл уйлж хоносон шөнө тоогоо алдсан” гэсэн.
Ус, түлш бэлтгэх, хоол ундаа базаах гээд бүх зүйл өнөө маргаашгүй нярайлах дөхсөн цүдгэр бүсгүйн толгой дээр буув. Хоёр хүүхдийнхээ 20 мянган төгрөгийг цуглуулж, цувдай, хэдэн кг мах аваад, бүгдийг нь хэрчиж, жижиглэн, хоол хийхэд бэлэн болгож хөлдөөхөөс эхлээд нүүрс зардаг айлын ажилд туслан, түлшээ базааж, ганц бие ээж чадлынхаа хэрээр бэлтгэлээ хангаж амжлаа.
… “Ойр хавийн хүмүүс сонжиж, шохоорхоод асуухаар нь “Манай хүн хөдөө ажилладаг” гээд хэлчихдэг юм. Хөдөөнөөс хааяа ах, дүү нар ирэхээр “Нөхөр ирсэн” гэнэ. Тэгж байж амиа авч явахгүй бол хаалга үүд самардаж, өшиглөхөөс эхлээд хэцүү. Нөхөртэй гэдэгт итгэсэн нь ч, нөхөр гэхээр хүн ирэхгүй байна гэж харж буй нь ч бий л байх. Нөхөргүй, хүүхэдтэй хүүхэн гэхээр л яадгаа алдчихсан амьтан гэж хүмүүс боддог шиг санагдаж, санаа зовдог”…
Энэ хорвоо дээр зовлон, зовсон хүн огт байдаггүй юм шиг баярын уур амьсгал орсон, хүн бүр бялуу, оргилуун дарс бариад гэр өөдөө яарсан арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ганц бүсгүй инээд хөөр цацруулсан олны урсгалыг сөрөн нүдэндээ нулимстай явж байв. Ууц нуруу нь тасрах гэж буй мэт чилж, хүдэр хадар эрчүүдийг ч сөхрүүлэм хүчтэй базлалтын зай хором хормоор ойртон, далайц нь нэмэгдэж байхад тэрбээр хотын төвөөс 20 шахам км-ын алсаас эмнэлэг бараадахаар автобусанд суужээ.
“Бусдад дараа болохгүй юм шүү. Энэ бол миний л амьдрал, миний л үүрэх ёстой ачаа, давах ёстой даваа” гэж бодсоор ирсэн бүсгүй энэ удаа ч хэрийн хүнийг ухаан балартуулж, барьц алдуулдаг төрөхийн өвдөлтийг бүх биеэрээ мэдэрч явахдаа бусдад мэдэгдэхгүйг хичээж байлаа.
Ээждээ шинэ жилийн бэлэг болж ирсэн охин нь бүтэлттэй төрсөн учир долоо хоног эмнэлэгт эмчлүүлэх хэрэгтэй болов. Эмнэлгийн хоол идэж, дулаан байранд ганц ч болов илүү хонох нь хорвоогийн бараан бүхэнтэй нүүр тулж яваа ээж, ямархан амьдрал хүлээж буйг тааварлах ч үгүй бяцхан охин хоёрт зол байлаа. Энэ хооронд гэртээ үлдсэн охин, хүү хоёр олон түмний буянд гал алдчихгүй ээжийгээ хүлээж суув. Эмнэлгээс гарахдаа ээж, охин хоёр мөн л автобусаар хөл залгуулжээ.
Өөрийг нь сонгож, зориод ирсэн бяцхан охиноо хурдхан өсгөөд, ажил олж хийнэ хэмээн хоног тоолж суутал нялх үрийг нь түнхний дутуу хөгжилтэй гэж оношилов. Жил гаруй эмчийн хяналтад байж, асарч, сувилсны ачаар түнх нь нөхөн төлжсөн гэсэн хариу сонсож, ямар ч байсан бүрэн бүтэн хөлтэй хүүхэдтэй болох нь хэмээн баярлаж суутал зүрхний гажигтай гэсэн шинэ онош сонслоо.
Гадаад, дотоодод төлбөрийг нь төлж хагалгаанд оруулж чадахгүй тул хаана л буяны байгууллагын эмч ирлээ гэж дуулдана, тэр болгон руу тэвэрч явсаар япон эмч нарын гарт охиноо даатгажээ. Хагалгаа амжилттай болж, айх аюул ард үлдсэн хэдий ч охин байнга эмнэлгийн хяналтад байх шаардлагатай бөгөөд ээжийн асаргаа сувилгаа юу юунаас илүү хэрэгтэй. Багаасаа өвчин ороосон тул дархлаа муутай, архаг сульдаатай гурван настай охин нь одоо ой гарантай хүүхэд шиг жижиг биетэй, 10-хан кг жинтэй.
Эмч нар зүрхний цоорхой нөхсөн суулгац нь хөдөлчихвөл 10 сая төгрөгөөр янзална, уйлж, ээрвэл зүрхэндээ нөлөөлнө гэсэн, охин хамрын ханиад тусах төдийд эмнэлэгт хэвтдэг тул түүнийг цэцэрлэгт ч юм уу, өөр нэгэнд даатгаж түвдэхгүй өнөөдрийг хүрсэн аж. “Хүүхдээ л эрүүл саруул хүн болгоод өсгөчихвөл хоолтой хононо уу, үгүй юү гэдэг одоохондоо тийм ч чухал санагдахгүй байна. Энэ жил овоо гайгүй байгаа тул цэцэрлэгт өгөөд ажил хийх санаатай байгаа. Ажилд л орчихвол амьдралаа босгочихно” гэж бүсгүй ярьсан.
Ядуу тарчиг амьдралд өссөн, аав, ээжийн хайр халамж амсаагүй хүүхдүүд амжилтад хүрсэн, нэртэй од, тэргүүлэх бизнесмэн болсон түүх олон. Гэвч тэр бол адил төстэй амьдрал туулсан сая сая хүүхдийн маш цөөхөн нь. Олонх нь аав, ээжийнхээ амьдарсан замаар сажилсаар, тарьсан балчгийг нь туулсаар хорвоог бардаг. Шарилжин дунд сайхан цэцэг ургах нь ховор билээ.
УЛААН ЗАМ ДЭЭР ГЭЭГДСЭН АМЬДРАЛ
Хашаа, гэрийн түрээс зэргийг төлж дийлэхгүй тул өөрийн гэсэн газартай болох гэж бүсгүй бишгүй явжээ. Өчнөөн өдөр хөөцөлдөн байж өргөдлөө цохуултал “Баруунтуруунд авбал ав, өөр байршилд газар байхгүй” гэсэн хариу өгсөн байна. Б.Оюунтунгалаг “Газартай болж л байвал хаана ч яах вэ гээд нүүхээр судалтал тэнд нь өрхийн эмнэлэг, сургууль байхгүй.
Баруунтурууны хүмүүс эндхийн эмнэлэгт үзүүлж, хүүхдүүд нь наашаа сургуульд явдаг. Эмээлтээс Таваншар ороод, тэндээс наашаа явдаг автобусанд сууж ирнэ. Хүүхэд өвдөж сандаргалаа гэхэд тэгж тойрч явах хооронд юу болох вэ. Хоёр томыгоо би зөөж чадах биш, өөрсдөө хичээлдээ явж, ирнэ. Хүүхдүүд 08.30 цагт хичээлдээ орохын тулд хэдэн цагт тэндээс гарах вэ. Өвлийн хүйтэнд тэгж явж чадах уу гээд бодтол яагаад ч бүтэхгүй санагдсан” хэмээсэн. Ингээд өөрийн гэсэн газартай болох мөрөөдөл, оролдлого нь хад мөргөчихөөд буй аж.
Энэ хавиасаа олоод авчих санаатай 2-3 ч эзэнгүй газарт очиж буугаад, хөөгдөж нүүсэн Б.Оюунтунгалагийнх өнгөрсөн хавар одоо байгаа хашааны буландаа буурь зассан аж. Хашаагүй задгай газарт, хөл хөдөлгөөнтэй замын хажууд болохоор гэрээ эзэнгүй орхиж зүрхлэхгүй, гадагшаа ч тухтай гарч чадахгүй зуссан гэнэ.
Хоол хүнсээ цуглуулах гэж зах ороод, буцаж ирэхдээ гудамжны үзүүр тойронгуут хамгийн түрүүнд “Гэр минь байна уу” гэж хардаг, барааг нь хараад “Ашгүй” гэж баярладаг гэнэ. Хашаа хороогүй айлуудыг эзэнгүй хойгуур өрхийг нь хуулаад авчих, гэрийг нь ачаад явчих явдал хотын захын гэр хороололд олон гардаг тул ийн болгоомжилж, түгшдэг хэрэг.
Одоо байгаа газраасаа зунжин хөөгдсөн, бас сургуулиас автобусны долоон буудлын зайтай учир удахгүй нүүхээс аргагүй ч хаана очихоо мэдэхгүй байгаа тэрбээр “Тахилтын 22 дугаар сургуулийн ойролцоо эзэнгүй хашаагаа сахиулах айл олдохгүй л байх даа” хэмээн санааширсан. “Эмнэлэг, сургуулиас нэг их хол биш хоосон газар бий. Айлууд шууд очиж буугаад, дараа нь өөрийн болгож авдаг” гэж хүмүүс зөвлөсөн ч Б.Оюунтунгалаг дахин зөвшөөрөлгүй газарт бууж, хөөгдөхийг хүсэхгүй байгаагаа учирласан.
Тэрбээр “Өөрийн гэсэн газаргүй, байнга хөөгдөж явахад нүүж суух, гэрээ ачаалж, барихаас эхлээд хэцүү зүйл олон бий. Хүүхдүүд жаахан болохоор хүн гуйхаас аргагүй. Эрэгтэй хүн гуйчихвал нөхөргүй, гурван хүүхэдтэй хүүхнийг яаж ч болно гэж боддог бололтой, өвөртөө оруулчих гэж үзнэ. Ганцаараа “ноцолдож” байж нүүдэг болохоор бууриа сэлгэхээс бүр зүрхшээдэг болсон. Хашаагүй ингээд байхаар замаар явж байгаа хүмүүс “Энд гурван хүүхэдтэй ганц бие хүүхэн байна” л гэж харж байгаа. Ойр хавийн хүмүүс сонжиж, шохоорхоод асуухаар нь “Манай хүн хөдөө ажилладаг” гээд хэлчихдэг юм.
Хөдөөнөөс хааяа ах, дүү нар ирэхээр “Нөхөр ирсэн” гэнэ. Тэгж байж амиа авч явахгүй бол хаалга үүд самардаж, өшиглөхөөс эхлээд хэцүү. Нөхөртэй гэдэгт итгэсэн нь ч, нөхөр гэхээр хүн ирэхгүй байна гэж харж буй нь ч бий л байх. Нөхөргүй, хүүхэдтэй хүүхэн гэхээр л яадгаа алдчихсан амьтан гэж хүмүүс боддог шиг санагдаж, санаа зовдог.
Энд буусны дараахан энэ хавийн нэг хүн согтуу ирж хаалга үүд өшиглөж, нүдээд амраахгүй байсан. “Манай нөхөр хөдөө ажилладаг. Та битгий дээрэлхээд байгаарай” гэж хэлснээс хойш үзэгдэхээ больж, ашгүй. Эмэгтэй хүүхэдтэй, өмгөөлж хамгаалах хүнгүй болохоор эрэгтэй хүнтэй танилын хэмжээнд ч ойртохоос айдаг.
Элдэв муухай мэдээлэл сонссоор байгаад юм бүхнээс эмээдэг болоод байна. Эрэгтэй хүнээс дөлж, зай бариад явдаг болохоор надад эсрэг хүйсийн найз байхгүй. Ямар нэг юм боллоо гэхэд эмэгтэй хүний л буруу болж таарна. Эрчүүдэд нь буруу өгөхгүй байж эмэгтэй хүнийг л буруутгаж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог шүү дээ. Ер нь боломж л гарвал дээрэлхэх санаатай хүн захаас аван тааралдана. Хүн л мэддэггүй болохоос, тэр болгоноо тоочоод явбал эмэгтэй хүний зовлон барагдахгүй.
Энэ бүхнийг хүнд яриад байж болохгүй. Одоо цагт эвий хөөрхий гэхээсээ хүний зовлонгоор жаргал хийх нь олон. Тэгээд ч би хүнээр өрөвдүүлэх дургүй. Тиймээс болохгүй байсан ч болж байгаа юм шиг л явдаг” гэв.
ЗООГИЙН ГАЗАРТ ГАНЦ УДАА ХООЛ ИДЭХ МӨНГӨӨР ДӨРВӨН АМ БҮЛ БҮТЭН САР АМЬДАРДАГ
Нөхрөөсөө салахдаа хүүхэд тус бүртээ 50 мянган төгрөгийн тэтгэмж тогтоолгосон ч өнөө хүртэл өгөөгүй тул Б.Оюунтунгалагийнх гурван хүүхдийн 20 мянга, цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөс өөр орлогогүй. Айлаас цахилгаан татахдаа сард 20 мянган төгрөг өгөхөөр тохирсон тул хамгийн түрүүнд төлнө.
Дараа нь гэрийн түрээс болох 40 мянган төгрөгөө шилжүүлнэ. Ингээд үлдсэн 50 мянган төгрөгөөр сарын хүнс, ойр зуурын хэрэгцээний зүйлсээ базаадаг аж. Хотын төвийн тансаг биш зоогийн газарт ганц удаа хоол идэх энэ мөнгийг дөрвөн ам бүлийн бүтэн сарын хэрэгцээнд хүргэхэд ээжээс багагүй “авьяас” шаардах нь тодорхой. Ихэвчлэн гэдэс цувдай мэтийн хямд төсөр материалыг сайхан амтлаад бууз, цуйван зэрэг хуурай хоол хийнэ.
Ганц, хоёр кг мах аваад нүдний цөцгий мэт хямгадан байж, хааяахан шөлтэй хоол буцалгаж, хөлсөө гаргана. Илүү дутуу зүйлд мөнгө үрэхгүй, үнэтэй зүйл авахгүй болохоор 50 мянган төгрөгөөр амь зуугаад л байдаг аж. Мөн гэр цэвэрлээд өгөөч, идэш хоол авсан, гэдэс арилгаач гэсэн айлуудын ажилд туслаад ойр зуурын хоолны юм, хүүхдийн багадсан хувцас гээд өгснийг нь авдаг, тэр нь их нэмэр болдог аж.
Энэ сарынхаа мөнгөөр хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг авч өгөх тул хоол хүнсний асуудал хүндэрнэ. Гэвч хүүхдүүдээ эрдэм боловсролтой, зөв хүн болгох зорилгынх нь дэргэд хэд хоног дундуур ходоодтой явах Б.Оюунтунгалагт жижиг асуудал гэсэн. Тэдний охин зургаа, хүү дөрөвдүгээр ангид орох юм билээ.
Бүсгүй “Хүүхдүүдээ эрүүл саруул, хүн шиг хүн болгохыг юунаас ч илүү хүсэж байна. Тэгээд өөрийн гэсэн гэр орон, хашаатай болж, хаяад явсан хүн маань ингэж амьдарч байгаа гэж үү гэж бодтол, тэр хүн ирж харахгүй ч сургийг минь сонстол сайхан амьдрах юм сан. Энэ мөрөөдөлдөө хүртлээ хүүхдүүдээ бусдаас дутаачихгүй юм сан, амьтнаас царай алдуулахгүй явуулах сан гэж хичээдэг.
Хоол унд, ойр зуурын хэрэглээнээсээ 500, 1000 төгрөг илүүчилж байгаад хоёр томдоо хааяа шинэ хувцас авч өгмөөр санагддаг ч тэр бүр боломж гарахгүй юм. Шинэ, гоёыг нь авч өгч чадахгүй юм гэхэд хүмүүсийн өгсөн хуучин нойтон хувцсыг угааж арчлаад, оёж шидээд, мөр бүтэн, хиргүй явуулахыг боддог. Өгсөн юмыг нь сайхан өмсөж явбал цаад хүндээ ч урамтай шүү дээ. Өмссөн, өмсөөгүй нь ч бүү мэд, шалны алчуур болгочихсон байвал хэнд ч сайхан санагдахгүй.
Хоолтой, хоолгүй байсан ч хичээлийн хэрэгслийг нь авч өгөөд, сургуулийг нь таслуулахгүй явуулахыг хичээдэг. Би хүүхдүүддээ “Хичээл номоо сайн хийхгүй бол ээж шигээ хүн болно шүү” гэж үглэдэг юм. Чадалтай, магадгүй хувь тавилан, аз заяатай хүмүүс шиг хангалуун сайхан амьдрал, элбэг дэлбэг эд хөрөнгө өгч чадахгүй ч гэсэн толгойд нь эрдэм хийгээд, хүн шиг хүн болгоод орхивол миний хэрэг бүтнэ.
Хичээлийг нь таслахгүй явуулаад, зөв хүн болгоод өсгөчихвөл хүүхдүүддээ өгч чадах зүйл тэр. Надад өөр зорилго гэхээр зүйл алга. Зорилго тавиад ч түүндээ хүрэх гишгүүр, тулаад өндийх сэжим харагдахгүй байна. Өнөөдөртөө миний чадах зүйл гэрээ цэмбийтэл цэвэрлээд, хүүхдүүдээ хиргүй явуулах л байна. Эд маань жаахан томроод, ажил төрөлд орчихвол амьдрал арай өөр болно гэдэгт итгэдэг” гэсэн.
ТҮҮНД МӨРӨӨДӨЛ БИЙ
Б.Оюунтунгалагийн гэрийг гаднаас нь харахад нооройж, урагдсан зүйлгүй, шинэ цагаан бүрээстэй тэвхийсэн таван ханат. Гэрт ороход олон хоногийн бороонд норсон бололтой чийг, хөгц үнэртэх ч хулдаасаа цэмбийтэл угааж, хоёр талд зассан нааран ороо толийтол засчээ. Сүйдтэй тавилга хогшилгүй хэдий ч цэвэрхэн орчин хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх аж. Жилдээ нэг удаа гадуур цагаан бүрээс, борооноос хамгаалах гялгар цаас авч барьдаг гэнэ.
“Амьдарч байгаа гэрээ минийх биш, айлынх гэж хүнийрхээд, нооруулж, завааруулаад байж болохгүй шүү дээ. Навсайлгаад байвал хүмүүс миний дотор орж үзээгүй, туулсан амьдралыг мэдэхгүй хэрнээ унхиагүй, арчаагүй, заяагүйгээр нь дуудах байлгүй. Анх энэ гэртээ ганц муу матрастай л орж байсан.
Айлууд хуучирч муудсан хогшлоо сольж, хаяхаар нь хадаж янзлах боломжтойг нь авч тавьсаар одоо бүрэн тавилгатай болчихсон. Хүүхдүүд ч овоо болж байна. Газартай л болчихвол бусдыг нь өөрөө босгочихмоор санагддаг. Хорооноос ч юм уу, энд тэндээс туслаад хашааны газартай болгоод өгвөл би мод, цэцэг, ногоо тарьж, дугуйгаар хөөрхөн юм хийгээд, гоё тохижуулчихаж чадна.
Тэгээд “Та нарын өгсөн газрыг би ингэж авч яваа” гэж үзүүлнэ дээ гэж мөрөөддөг. Тэгвэл тусалсан хүмүүст ч гэсэн сайхан санагдана шүү дээ. Энэ хүнийг ийм байхад нь тусалсан, ингэж сайхан амьдарч байна гээд хүнд үзүүлсэн ч бахархалтай байх болов уу. Хүмүүс элдэв тусламж аваад л байдаг, тэгээд яасан нь мэдэгдэхгүй алга болчихдог юм билээ. Тэгэхээр тусалсан хүнд ямар сайн байв гэж.
Газар хөөцөлдөөд бүтэлгүйтсэнээс хойш хороондоо олон очоогүй. “Энэ хүүхэн дандаа юм гуйж явах юм” гэж хэлүүлмээргүй байдаг учраас дахин дахин очдоггүй. Харин хүүхдүүдээ гараас гарахаар ажил хийж, өөрөө амьдралаа босгоно л гэж боддог. Дандаа энэ чигээрээ явахгүй” хэмээсэн энэ бүсгүйд тусалж, дэмжээд өгвөл амьдралаа аваад явчих итгэл найдвар, зорилго тэмүүлэл дүүрэн зөв хүн шиг санагдсанаа энд онцлон хэлэх нь зөв болов уу.
Түүнээс ямар ажил хийж чадахыг нь асуухад “Хар бор ажил л хийж чадах байх. Уг нь тогоочийн сургалтанд сууж, жижиг гуанзанд тогоочоор ажиллаж байсан. Даанч зүрхний хэм алдагддаг болохоор хэт халуун бүгчим орчинд удаан байж болохгүй гэсэн. Гэхдээ би ямар ч ажлыг голохгүй хийнэ” гэж хариулсан.
ТӨГСГӨЛ
Эрээн бараан амьдрал, оногдсон хувь тавилангаа хэнд ч нялзаахгүй, бусдад түвэг болохгүй, өөрөө бүхнийг үүрнэ, хувь заяаны сорилт бүрийг давж гараад амьдралаа босгоно гэж боддог энэ бүсгүйд амьдралд бууж өгмөөр санагдах үе ч олон тохиолддог. Тэрбээр энэ талаараа “Заримдаа ч гутардаг л юм. Уйлмаар, орилмоор санагдах үе олон таарсан. Тэглээ гээд хүүхдүүдийнхээ дэргэд уйлж болохгүй. Үрс минь айж сандарна, санаа нь зовно.
Тиймээс бачимдах тоолондоо “Надаас хүнд амьдрал туулж яваа хүн олон. Хүүхдүүд минь эрүүл саруул, элэг бүтэн байгаа нь том аз. Хөлснийх ч гэсэн толгой хоргодох гэртэй, инээлдэж, шулганалдах, намайг чин сэтгэлээсээ хайрлах үрстэй байхаас өөр юу хэрэгтэй юм бэ” гэж өөрийгөө тайвшруулж, зоригжуулдаг. Тэгэхээр баян хүн шиг санагддаг.
Хүнд хаягдлаа явлаа гээд үхэж болохгүй шүү дээ. Намайг л байхгүй бол миний гурван хүүхдийг харж хандах хүн байхгүй. Манайханд намайг харж, хандаад байх хүн алга. Аавынх нь талынхан бүр ч тоохгүй. Тиймээс хүүхдүүдийнхээ төлөө амьд явах, амьдрах хэрэгтэй” хэмээн нулимс дуслуулсан.
Ийм нэгэн хүний бүсгүй үр хувь тавилантайгаа эвлэрч, аз заяагүйдээ гомдон, гурван хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ зориулан амьдарч байна. Тэр бол цаг үеийн золиос болж, нийгэмдээ, гэр бүлдээ гээгдсэн нэгэн үеийн төлөөлөл билээ. Түүн шиг олон ээж үрсийнхээ төлөө хатуу бүхнийг сөрөн, заавал давж гарах үүрэг өөртөө өгөөд хүчлэн зогсож байгаа.
Эх сурвалж:
2 comments
энэ хүний хаягыг өгөөч эгч нь өөрийнхөө хэмжээнд бага ч гэсэн тус болье гэж бодоод танай хэнтэй холбоо барих вэ миний саналын дор биччих ок
Holboo yaj barih ve?