ХААИС-ийн доктор, дэд профессор Т.Балдантай ярилцлаа.
-Үр, хөврөл шилжүүлэн суулгах технологи хэзээнээс эхлэлтэй вэ. Дэлхийн аль улсуудад илүү амжилттай хэрэгжүүлж ирсэн бэ?
-Дэлхий нийтэд 1890 оноос энэ чиглэлийн судалгааны ажил хийгдэж эхэлсэн түүхтэй. Анх АНУ-ын Кембриджийн их сургуулийн эрдэмтэд туулайн дээр туршилт хийж байсан. Гэсэн ч хэсэг хугацаанд завсарлаж 1950-иад оныг хүртэл зогсонги байж байгаад эргэж сэргэсэн. Манайд бол 1987 онд энэ ажлын эхлэл тавигдсан түүхтэй.
Гэсэн ч 1990 оноос өмч хувьчлал явагдаж өмчийн харилцаанд өөрчлөлт орсноор 10 гаруй жил зогсонги байдалд байсан. Харин 2010 оноос энэ ажлыг дахин сэргээж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх зорилготой зүтгэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Канад, Япон, Франц зэрэг улсуудад үр, хөврөл шилжүүлэн суулгах технологийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Судалгааны салбарт ч, үйлдвэрлэлийн салбартаа нэвтрүүлж үр шимийг нь хүртэж байгаа. Харин манайхан зохиомол хээлтүүлгийн арга хэрэглэж байсан.
Энэ үед нэг хээлтэгч үнээг сайн чанарын нэг бухаар хээлтүүлээд жилд нэг л тугал хүлээж авдаг байлаа. Зохиомол хээлтүүлэг гэдэг нь хээлтүүлэгч мал-бух, хуц, ухна, азаргаар олон тооны хээлтэгч малыг хээлтүүлэн тэдгээрийн үр удмыг авч үлддэг арга л даа. Жилдээ техникчийн ур чадвар, ашиглаж буй багаж төхөөрөмж, технологи зэргээс шалтгаалж 70-80 хувийн үр дүнтэйгээр төл авах боломжтой.
-Шинээр нэвтэрсэн үр, хөврөл шилжүүлэн суулгах технологийн мөн чанар нь юу вэ. Хэрхэн хэрэгжүүлдэг юм бэ?
-Сайн үнээ, сайн бух хоёрыг хээлтүүлэгт оруулж ашиг шим сайтай, удамшлын чанар нь батажсан сайн үнээний удмын олон төл авахад технологийн мөн чанар оршиж байгаа юм. Үүний тулд хээлтүүлэгт оруулахын өмнө өндөр ашиг шимтэй, амьдын жин их, нядалгааны гарц сайтай үнээний өндгөвч дээр олон тооны өндгөн эсийг нэгэн зэрэг ялгаруулж өгдөг.
Ингээд ашиг шим арвинтай, генетик чадавх сайтай бухаар хээлтүүлэхээр ашиг шим сайтай үнээ бухын олон хөврөл бий болно. Энэхүү бий болсон олон хөврөлийг зориулалтын багаж, уусмал ашиглан зайлан авч ашиг шим багатай боловч эрүүл тээгч үнээнд шилжүүлэн суулгадаг. Өөрөөр хэлбэл нөгөө ашиг шим сайтай үнээний удмын олон хөврөлийг ашиг шим багатай боловч эрүүл хээл тээх чадвартай үнээнүүдээр тээлгэж олон тугал авч байгаа юм л даа.
Хээлтэгч мал амьтны өндгөвч 100 гаруй мянган өндгөн эсийн үүсвэртэй байдаг боловч байгалийн жамаараа хээлтүүлэгт ороод 8-12 төл өгч, өөрийн үр удмаа үлдээдэг. Бусад нь ямар ч ашиглалтгүй хаягддаг. Инновацийн төслийн дэмжлэгтэйгээр бидний үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж буй энэ ажлаар хээлтэгч малын биологийн чадавхыг илүү үр ашиглах боломж бүрдэж байгаа юм. Бид энэхүү судалгааны ажлыг Шинжлэх Ухаан Технологийн сангийн инновацийн төслийн дэмжлэгтэйгээр гадаадын судлаачидтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бол одоо бид бие даан-үндэсний мэргэжилтнүүд гүйцэтгэж байна.
-Үр, хөврөл шилжүүлэн суулгах ажиллагааг илүү дэлгэрэнгүй танилцуулаач. Хөврөлийг мэс заслын аргаар хагалж авна гэсэн үг үү?
-Одоо мэс заслын бус аргаар шилжүүлэн суулгаж байгаа. Ямар нэгэн зүсэх огтлох юм огт хийхгүй. Эхлээд ашиг шим сайтай донор үнээгээ сонгоно. Дараа нь ашиг шим сайтай үнээний төл тээх эрүүл тээгч үнээг сонгоно. Ингээд донор үнээндээ өндгөн эс олноор ялгаруулах эмчилгээ хийнэ. Мөн энэ хугацаанд тээгч үнээндээ ороо жигдрүүлэх дааврыг тарьж ороог нь оруулна.
Ингээд ороо нь орсон донор үнээндээ хээлтүүлэг хийнэ. Хээлтүүлэг хийснээс хойш 6-8 хоногийн дараа хөврөлийг зайлж аваад чанарын болон хөгжлийн үнэлгээ хийж хамгийн боломжтойг нь тээгчдээ шилжүүлэн суулгана. Шилжүүлэн суулгахдаа тээгч малын аль талын өндгөвчинд өндгөн эс ялгарч шар бием үүссэнийг мэдэх шаардлагатай. Шар бием үүссэн талын савны эвэрт хөврөлөө шилжүүлэн суулгавал илүү үр дүнтэй болохыг судлаачид тогтоосон байдаг.
-Жилд хэд орчим төл хүлээн авах боломжтой вэ?
-Ашиг шимтэй үнээнээс биологийн зүй тогтлоор нь жилд нэг тугал авдаг бол тээгч үнээнүүд ашиглаж 40-50 тугал авах боломжтой. Хэдэн тугал авах нь хөврөл шилжүүлэн суулгах ажлыг технологийн дагуу хийсэн эсэх, техникчийн ур чадвар, донор болон тээгчийн тарга хүч, дааврын боловсруулалт хийсэн хувилбар, схемчлэл, арчилгаа маллагааны технологи гэх мэт олон хүчин зүйлээс хамааралтай. Донор үнээг жилд хэд хэдэн удаа ашиглан нэг удмын олон төл авах боломжтой.
-Хөврөл шилжүүлэн суулгах технологийг ямар ямар амьтанд яаж ашиглах боломж байна вэ?
-Сүүний гарц сайтай үнээ, ноолуурын гарц сайтай ямаа, ноосны чиглэлийн хонь гээд бүх мал дээр ашиглах боломжтой. 2014 онд Солонгосын “КОЙКА” Олон Улсын байгууллагатай хамтарч Төв аймгийн Баянчандмань суманд сүүний чиглэлийн фермд 22 хөврөл шилжүүлэн суулгаж 14 тугал гаргаж авсан.
Хөврөл шилжүүлэн суулгах технологи 60 орчим хувийн амжилттай байдаг. Бид одоогоор гол төлөв мах, болон сүүний чиглэлийн үхэрт хөврөл шилжүүлэн суулгах технологийг хэрэгжүүлж байна. Энэ дан ганц мал аж ахуйн салбарт хэрэглэгддэг технологи биш л дээ. Бусад салбарт тухайлбал биологийн салбарт ч ашиглах, юм хийх боломжтой.
-Та зохиомол хээлтүүлэг 80 гаруй хувийн үр дүнтэй гэж яриандаа дурдаж байсан. Харин үр, хөврөл шилжүүлэн суулгах технологи 60 орчим хувийн үр дүнтэй гэж байна шүү дээ?
-Хөврөл шилжүүлэн суулгах ажлын онцлог нь мах сүү, ноос ноолуурын гарц сайтай малын төлийг богино хугацаанд олныг хүлээж авах боломжтойд оршиж байгаа . Хар ухаанаар бодоход өдөрт гурван литр сүү өгдөг хоёр үнээний оронд зургаан литр сүү гардаг нэг үнээ илүү хэрэгтэй биз дээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт социализмын үед ажиллаж байсан манай ахмадуудын зохиомол хээлтүүлэг хийсэн үнээний хээл авалт 90 гаруй хувьтай ч байсан.
Энэ үзүүлэлэлтээрээ зарим нь шагнал урамшил авч байсан түүхтэй. Бидний хийж гүйцэтгэснээр хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүн 64.5 хувьтай байна. Гадаад улс орнуудад бэлтгэгдсэн үндэсний чадварлаг залуу мэргэжилтэн, судлаач, зооинженер, үржлийн биотехнологич нар бий болж байгаа учир дээрх үр дүнг цаашид улам нэмэгдүүлэх боломжтой юм.
-Таны хувьд туршилт, судалгааны ажлаа үйлдвэрлэлд амжилттай хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд хэр тохиромжтой вэ. Сөрөг нөлөө бий юу?
-Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль цаг уурын онцлогт дасан зохицсон биологийн онцлог шинж бүхий монгол үнээ тугал гаргаж байгаа шүү дээ. Тээдэг хээлээ л тээж байгаа учраас ямар нэгэн сөрөг нөлөө огт байхгүй. Мэдээж тэжээллэг арчилгаа сайн байвал амьдрах чадвар төдий чинээ сайтай төл хүлээж авна. Энэ нь хөврөл шилжүүлсэн үнээ гээд бусдаасаа илүү арчлаад тордоод байх шаардлага бараг байхгүй гэсэн үг л дээ.
-Хэрэгжүүлэхэд их түвэгтэй олон ажиллагаатай юм шиг санагдлаа. Жирийн малчин хөврөл шилжүүлэн суулгах боломжтой юу?
-Тийм ээ, технологи шаардана, тиймээс жирийн малчны хийх ажил биш л дээ. Мэргэжлийн байгууллага, энэ чиглэлээр мэргэшсэн эрх бүхий мал зүйч, зоотехникч, үржлийн биотехнологич нар хийнэ. Энгийн хүн хийх боломжгүй. Бид л гэхэд энэ ажлыг багаараа хийж гүйцэтгэж байна. Тухайлбал доктор Г.Энхманлай, П.Мягмарсүрэн, Б.Энхболор, докторант Ч.Гантөгс, магистрант Б.Цолмонбаатар, Г.Энхбаатар, Д.Түмэн-Өлзий гэх мэт залуу судлаачидтай хамтран хийж байна.
-Хурдан азарганы төл хүлээж авах сонирхолтой уяачид олон байгаа байх. Төлийг нь тээгч эхээр дамжуулж богино хугацаанд олныг хүлээж авах боломжтой юу?
-Боломжтой. Гэхдээ энэ чиглэлээрээ төрөлжиж мэргэших шаардлагатай. Бусад малтай харьцуулахад гүүний хөврөлийн амилалт, үр тогтолт өндөр биш. Гэхдээ манай багийн залуус туршиж үзэж, туршлага хуримтлуулж байгаа.
-Бог малд энэ аргыг хэрэгжүүлэх боломжтой л байх?
-Бод мал дээр хийхэд бэрхшээл бага боловч зарим тохиолдлын бэрхшээлүүд бий. Гэхдээ хонь, ямааны ороо маш сайн ордог тул ямаанд хөврөл шилжүүлэн суулгах ажлыг хийхэд тохиромжтой. Энэ чиглэлийн ажил манайд 1987-оноос хийгдэж байсан боловч улс орны эдийн засаг, нөөц чадавх муухан байсан, төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн энэ талын ойлголт дутуу дулимаг байсан учраас дэмжигдээгүй нэг хэсэг зогсонги байдалтай байсан.
Монгол Улсын мал сүрэг 66 саяд хүрч бэлчээрийн даац хэтрээд байгаа тухай хүн болгон ярих болсон. Малчдыг “Та нар малын тоогоо цөөрүүл, бэлчээрийн даац хэтэрлээ” гэж шахах биш, нэг малаас авч буй ашиг шимийг нэмэгдүүлэхдээ шинжлэх ухаан, технологийн ололтыг ашигла гэдгийг зөвлөн арга замыг тодорхойлж өгөх шаардлагатай байна. Энэ талаар суртал ухуулга маш сайн хийх хэрэгтэй юм. Одоогийн байдлаар зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах ажил яагаад далайцтай хийгдэхгүй, үр дүн багатай байна гэхээр төрийн зохицуулалт байхгүй, хэрэглээ бага, хэрэглэгч байхгүй байгаатай холбоотой
Тиймээс эрчимжсэн аж ахуйн бүс нутаг, газар тариалангийн райондоо, хот орчмын бүс нутгийн нийт малд зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах ажлыг заавал хийлгэдэг-хийдэг болгох хэрэгтэй юм.
-Танай багийн хамт олонд тулгамдаж буй ямар асуудал байна вэ. Ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Үндсэндээ ороо жигдрүүлэх, өндгөн эс олноор ялгаруулах, хөврөл шилжүүлэн суулгах ажлууд маань дааврын оролцоотойгоор хийгдэж буй ажлууд. Монгол Улсын хэмжээнд нэг ч төрлийн даавар үйлдвэрлэдэггүй. Дандаа гаднаас импортоор авч байгаа. Гэхдээ дааврын бэлдмэл дотоодод үйлдвэрлэхгүй байна гээд энэ ажлыг хийх боломжгүй гэх ойлголт биш.
Магадгүй нэг донорт 500-800 мянган төгрөгийн зардал гарлаа гэж үзэхэд бид нэг донороос найман хөврөл зайлж авахад нэг хөврөл 100 мянган төгрөг болж байна гэсэн үг. Магадгүй олныг зайлж авахад нэг хөврөлийн үнэ гэдэг юм чинь багасна. Гэхдээ дандаа гадаадаас даавар авч монгол малд суулгах нь бидний гарц биш. Тиймээс үндэсний хэмжээний хөврөл бэлтгэдэг технологи боловсруулах, нэвтрүүлэх ажлыг эрдэмтэд судлаачид нэвтрүүлэх хэрэгтэй.
-Үүнийг цаашид ямар үе шаттайгаар хөгжүүлэх вэ?
-Эхлээд фермийн аж ахуй эрхэлж буй улсуудад энэ төрлийн ойлголтыг зөвөөр өгөх ёстой. Дээр нь өртөг үнэтэй гэх асуудал байхыг үгүйсгэхгүй. Гарах арга зам нь төрийн байгууллага, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд хамтын оролцоотой ажиллах. Тодорхой хугацаанд ингэж явж байгаад төрийн оролцоо багасч биеийг нь даалгаж болно.
Гадаадын хөгжилтэй орнуудад шинэ технологи-инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төрийн дэмжлэг 60 орчим хувь, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийнхний оролцоо тус бүр 20 хувь байж байгаад аажмаар бууруулан биеийг нь даалгадаг хэлбэр байдаг шүү дээ. Үүнийг ч бодох л ёстой юм. Цаашид бид эдийн засаг санхүүгийн талаар тодорхой хугацаанд төрөөс дэмжлэг аваад их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, фермерийн аж ахуй эрхлэгчидтэй хамтран энэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх-хэрэглээ болгох зайлшгүй шаардлагатай.
-Манайхан гаднаас өндөр ашиг шимтэй мал оруулж ирж байгаа ч үр ашигтайгаар ашиглаж байгаа нь ховор юм шиг санагддаг?
-Сүүлийн жилүүдэд Засгийн газраас фермийн аж ахуй эрхлэгчдийг дэмжээд мах, сүүний чиглэлийн үхэр, хонь, ямааг олноор нь оруулж ирсэн. Эдгээрийг хэрхэн үр дүнтэйгээр ашиглах талаар бодох цаг ирээд байна л даа. Түрүүчийнх нь орж ирээд таван жил болсон ч үр дүн тиймхэн, сайн биш байна. Тиймээс энэ мах, сүүний гарц сайтай малын үр удмыг богино хугацаанд олныг хүлээж авах боломж бол хөврөл шилжүүлэн суулгах арга юм. Тиймээс төрийн бодлогын хэмжээнд дэмжих хэрэгтэй байна. Одоогоор хувийн хэвшлийнхэн оролдоод явж байна.
-Сайн чанарын тугал гарч ирэхэд түүнийг өсгөн бойжуулж энгийн үнээтэй хээлтүүлж үржил шимтэй төл авах боломжтой юу?
-Төрийн бодлогын хэмжээнд өөрийн чинь ярьж байгаагаар зохиомол хээлтүүлгийн аргаар ашиглах боломжтой. Хоёроос дээш үеийн хээлтүүлэгч байвал илүү үр дүнтэй. Энэ тохиолдолд цөм болон хэрэгцээний хоёр аж ахуй байх шаардлагатай. Хэрэгцээний аж ахуйд сайн чанарын бухнаас гарсан төлийг шууд маханд борлуулдаг хэлбэр байж болно. Түүнээс гадна бодлогын түвшинд цөм зэргийн аж ахуйд хамгийн сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч хоёрыг ашиглан тэдгээрийн удмыг үржлийн аж ахуйд сайжруулагчаар ашиглах хэрэгтэй юм.
Эх сурвалж: