Хүний хамгийн чухал бас эмзэг эрхтэн бол нүд. Хэсэгхээн зуур нүдээ аниад алхахад ямар хэцүү байдаг билээ. Хорвоо ертөнцийг танин мэдэх хос эрхтэн маань гэрлийг мэдэрч, хүлээн авах үүрэгтэй, тархинд очиж буй мэдээллийн 90 хувийг дамжуулдаг. Хүн эхийнхээ хэвлийд бүрэлдээд ердөө хоёрхон долоо хоногийн дараагаас хараа орж эхэлдэг. Харин бүтэц хийгээд “ажиллах” тогтолцоо нь эзнээ долоон нас хүрэх үед бүрэн хөгжиж, тогтворждог гэнэ. Өнөөдрийн байдлаар манайд 8000 хүнд болор шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
ЭМЯ–ны урилгаар АНУ-ын “Орбис” нисдэг нүдний эмнэлэг өнөөдөр найм дахь удаагаа Монголын нүдний эмч, профессорууд, сувилагч нарын дунд нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах эрчимжүүлсэн сургалт боллоо. Гурван долоо хоног үргэлжлэх энэхүү сургалтад нүдний өвчлөлийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн “Насанд хүрэгсдийн болон хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний жишиг” төслийн хүрээнд явагдаж байна.
MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, АНУ-д магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм. Нэг дор 5-10 хүн хүлээн авах хүчин чадалтай юм. Нисдэг эмнэлэг дотроо нисгэгчийн бүхээгээс гадна таван хэсэгтэй аж. Үүнд: сургалт, лекцийн танхим, дадлагажуулах тоног төхөөрөмжийн өрөө, мэс заслын өрөө, багаж ариутгалын өрөө, мөн өвчтөнүүдийг мэс засалд оруулахын өмнө болон дараа амраах өрөө багтана. Хамгийн сүүлийн үеийн, шилдэг тоног төхөөрөмжүүдээр тоноглогджээ.
Манай улсын хүн амын дунд хөнгөн, хүнд хэлбэрийн нүдний өвчлөл элбэг байдаг. Харин эх орондоо эмчлүүлж чадахгүй, нүдний өвчтэй иргэдэд ORBIS нисдэг нүдний эмнэлэг тусламж ихээхэн үзүүлдэг байна. Өнөөдөр тус нисдэг эмнэлэг олон хүнийг нүдний өвчинөөс нь салгаж, эрүүл нүдээр ертөнцийг харах боломжийг олгосоор байгаа юм.
2015 онд хийсэн зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар манай улсад 50 наснаас дээш сохор 6 мянга 900 хүн, хүнд хэлбэрийн хараа алдалттай 6 мянга 800 хүн байна. Тэдний 39 хувь нь болор цайлт ба 20 хувь нь нүдний даралт ихсэх өвчинтэй гэх оноштой байжээ. Үүнээс гадна 15 мянган хүнд сул харааны тусламж үйлчилгээ шаардлагатай байгааг тогтоосон боловч одоогийн байдлаар тэдгээр үйлчилгээ нь Монголд байхгүй байна. Хөдөө орон нутагт зөвхөн зургаан аймагт болрын мэс засал хийгдэж байгаа учраас нийт мэс заслын 90 хувийг Улаанбаатар хотод хийж байгаа юм.
2017 онд уг төслийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ ба таван аймгийн эмнэлгүүдэд сумдад нийт 23,072 хүүхдэд нүдний урьдчилсан сэргийлэх үзлэг, 17 мянга 267 хүүхдэд амбулаторийн үзлэг хийжээ. Мөн нэг мянга 331 нярайд ДНР-ийн урьдчилсан сэргийлэх үзлэг хийж, 35 нярайд эмчилгээ хийсэн байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Нисдэг эмнэлэг анх манай улсад 1989 онд хөл тавьсан. Өнөөдөр найм дахь удаагаа ирж байна. Өнгөрсөн хугацаанд “Орбист” эмнэлгийн хамт олон Монголын 66 мянган хүүхдэд туслам үйлчилгээ үзүүлсэн байдаг. Дутуу төрсөн нярай 2508 хүүхдэд үзлэг хийж 272 хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Үүний ачаар эдгээр хүүхдүүд өнөөдөр хорвоо ертөнцийг харах хувь олдсон. Цаашид тус эмнэлэг манай улсад нүдний чиглэлээр орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж үйл явцыг эмнэлэг дээрээ болон онгоц дотор явуулах боломжийг бүрдүүлж байгаа.
“Орбис” олон улсын байгууллага 2019 онд таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь насанд хүрэгчдийн чихрийн шижингээс үүдэлтэй нүдний эмгэгээс урьдчилан сэргийлж, цаг алдалгүй шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Мөн ЭХЭМҮТ, нэгдүгээр эмнэлэг дээр манай эмч мэргэжилтнүүд хамтарч өвчтөнүүдэд мэс засал хийх ийм нөхцөл бүрдэх юм. 2014 оноос энэхүү эмнэлэг нь манайд төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдээр хангахаас гадна, орчин үеийн нүдний төхөөрөмжөөр хангасан нүдний тасагтай болсон. Мөн Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон гэх таван аймагт хүүхдийн харааг хамгаалах төсөл хэрэгжүүлж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэв.