Засгийн газрын зүгээс оюутнуудад хүүгүй, барьцаа хөрөнгө шаардахгүй “Оюутны хөгжлийн зээл”-ийг өнгөрсөн тавдугаар сард олгох шийдвэрийг гаргасан. Тус зээлийг Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн 62 их, дээд сургуулийн 32 мянга гаруй оюутанд олгохоор нийт 75 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Үүний дагуу боловсролын зээлийн сан нь наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгох юм байна. Ингэхдээ сурлагын голч дүн 2,8 дээш, ирээдүйн зорилгоо зөв тодорхойлсон эссе зэрэг зээлийн шаардлагыг бүрэн хангасан оюутан бүр хүсэлт гаргах боломжтой аж.
Энэ тухай “Боловсролын зээлийн сан”-гийн зээлийн албаны дарга Э.Батсэлэм хэлэхдээ, “Сургуулиудын оюутны тоо, чадамж, тус сургуулийг төгсөөд ажлын байраар хангаж байгаа байдал зэргийг уялдуулаад квотыг тогтоосон. Одоогоор төрийн өмчийн их дээд сургуулиудад оюутны төлөөлөл оролцсон таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй комисс бүрдэн ажиллаж байна. Сургуулийн шаардлагыг хангасан оюутнуудын материалыг хянан үзээд зээл олгоно” гэжээ.