Бидэнд суралцах, хэвших ёстой олон харилцааны соёл бий. Үүний нэг нь хүнийг ярьж байхад яриаг нь таслахгүй байх, утсаар ярьж байхдаа хэлэх үгийг нь дуустал нь сонсох. Ийм энгийн чадваргүй, тэвчээргүй бүдүүлэг зан гаргадаг хүмүүс манай улсын иргэдийн 3-ны 2 нь.
Хорооны ажилтан руу цахим үнэмлэх хэзээ гарах талаар лавлаж асуухад “Би мэдэхгүй, иргэний бүртгэлээс асуу” гээд ярьж дуусаагүй байхад таслах. Нөгөө газар луу нь залгаад бас л асууж дуусаагүй байхад өөр зүйл яриад утсаа таслах жишээний. Найз нөхөд, хамаатан садан, ажил алба дунд ч утсаар ярьж байхад хэлэх үг дуусаагүй байхад баяртай ч байхгүй тасалдаг хүмүүс олон.
Ямар ч төрлийн уулзалт, цуглаан, хурал дээр нэгнийгээ тэвчээртэй сонсдог хүн бас л ховор. Хаана, хэзээ, ямар яриаг таслах вэ гэдгээ мэдэж, зохицуулж чаддаг байх хэрэгтэй байна. Хэн нэгэн хувийн амьдрал, өөрт тохиолдсон зүйл, эсвэл чиний мэддэг зүйлийн талаар ярьсан байлаа ч яриаг нь таслах бол бүдүүлэг зан гэдгийг ойлгож, хүлээцтэй сонсож сурмаар байна хүмүүсээ.
Хүн эхлээд харилцааны соёлд бүрэн суралцаж байж цаашид хөгжин дэвших үндэс болж, өөрийгөө бусдад үнэлүүлэх хэмжүүр гэдгийг ойлгох ёстой. Иргэд нь соёлтой байж л улс эх орон хөгжинө. Мөн хүүхэд эцэг эхийн толь гэдэг учир багаас нь бусдыг сонсож сурах занд сургах хэрэгтэй юм шүү.
Эх сурвалж: TV5