Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлж, түүгээрээ эх орноо дэлхийд сурталчлах, эдийн засгийн эргэлтээ ч сайжруулах бүрэн боломжтой улс. Учир нь бид дэлхийд Чингисийн Монгол гэдгээрээ алдартай. Зөвхөн “Чингис хаан” гэсэн тодотгол жилд хэдэн мянган жуулчинг манай улс руу дууддаг. Үүнээс гадна дэлхийн хаана ч байхгүй үзэсгэлэнт байгаль, дуу алдам онгон дагшин үзэсгэлэн зөвхөн биднийх. Ихэнх жуулчин манай улсыг зорихдоо цэвэр агаар, цэнгэг устай тал нутагт очиж, монгол гэрт амарч, цагаан идээ идэж, морь унах сонирхолтой ирдэг. Тиймээс ч амар амгалангийн орон гэсэн төсөөлөл тэдэнд бий.
Харин үлдсэн цөөхөн хэсэг нь л Улаанбаатарыг тольдож, үдшийн хотоор зугаалах нь адал явдалтай санагддаг байх. Тэгвэл тэдний аюулгүй байдлыг хэн, хэрхэн хангах вэ. Өнөөдөр бид жуулчдыг хэрхэн татах вэ, юугаа үзүүлэх вэ гэж зовнидог ч аюулгүй байдлыг нь хэрхэн хангах тал дээр тун дутмаг байгаа нь нууц биш. Засгийн газар жилд ирэх жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхээр төлөвлөсөн.
Өнгөрсөн жилийн хувьд 971 мянган жуулчин манай улсад иржээ. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад 14.5 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч Өнгөрсөн гуравдугаар сард Герман улсын иргэн, жуулчин эмэгтэй монгол орноор ганцаараа хийсэн аяллынхаа туршид бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа өөрийн блогтоо бичсэн нь хэдэн мянган сэтгэгдэл авч, цахим сүлжээнд гэрлийн хурдаар тархсан. Энэ нь Монгол Улсыг аялахад хамгийн эрсдэлтэй орны нэгээр нэрлэж, хар тамга дарсан юм.
Үүнээс гадна жуулчидтай холбоотой халаасны хулгай, дээрмийн тохиолдол тоймгүй олон бүртгэгдэж байна. Зарим зөрчил нь шийдэгддэг ч, эдгээр мэдээлэл тарснаар манай орон руу чиглэсэн жуулчдын цөөнгүй хэсэг нь буцахад хүрч байна.
ХҮМҮҮСИЙН БУРУУ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА
Солонгос улсын иргэн Чой Ван Су манай улсад аялсан тэмдэглэл бичжээ. “2018 оны долоодугаар сарын 9. Үзэсгэлэнг нь тольдоод л баймаар байгалийн сайхныг би Монгол Улсад харлаа. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд майхнаа бариад хээр хоноход ч сэтгэл амар. Маргааш Хөвсгөл далайг үзнэ. 2018 оны долоодугаар сарын 15. Би Улаанбаатар хотод ирж, жижигхэн хэр нь тохилог буудалд буусан боловч хэтэвчээ алдчихлаа. Хэн нэгэн нь өрөөнөөс минь авчхаж. Өрөөгөө түгжээгүй нь миний л буруу байх. Үйлчлэгч бүсгүйгээс асуусан боловч мэдэхгүй гэж хариулсан”.
Энэ мэт эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн гэх мэдээлэл ар араасаа цуварч байна. Саяхан манай улсад аялж явсан Францын хоёр иргэнийг дээрэмдсэн гэх асуудал бас л шуугиан дэгдээсэн.
Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Баясгалан “Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд суурилсан мэдээллийн урсгал, маркетинг маш хурдтай газар авах болсон. Үүнийг дагаад хүмүүс аяллын блог, цахим хуудсыг дагаж, мэдээлэл авч, аяллаа төлөвлөдөг. Тэгэхээр энэ төрлийн мэдээлэл аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлнө.
Энэ бол хотын төдийгүй орон нутгийн иргэд аялал жуулчлалын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай шууд холбоотой. Нүүдэлчдийн найрсаг, зочломтгой байдлыг олон улсад мэддэг болсон. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр жуулчидтай зүй бус харилцдаг хэсэг ч байна. Нэг хүний буруутай үйлдлээс болоод бүхэл бүтэн улс орны аялал жуулчлалын салбарт маш сөрөг үр дагавар авчирч байгаа юм” гэж байв.
Харин Монголын аялал жуулчлалын холбооны менежер Н.Дархижав “Манай байгууллагын хувьд ямар нэгэн гомдол хүлээж авдаггүй. Бидэнд гомдол ирлээ ч шийдвэрлэх эрхзүйн үндэс байхгүй. Зөвхөн Монголын аялал жуулчлалаа гадаадад сурталчлах, дотоодын аяллын компаниудад хандсан уриалга л гаргадаг” гэсэн юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНГ НЭМЬЕ
Жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр БОАЖЯ, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч ажилладаг аж. Тусгай дугаарт дуудлага хүлээн авдаг бөгөөд гарсан зөрчлийг нь цаг тухайд нь хурдан шийдэж өгөхийг эрмэлздэг гэж байв. Манай улсын аялал жуулчлалын тогтолцооны хувьд аяллын компани нь хүлээн авсан жуулчныхаа эрүүл мэнд, амь нас аюулгүй байдлыг хариуцдаг юм байна. Харин бие даасан аялагчдын хувьд хэн, хаашаа явж байгаа талаарх мэдээлэл авахад хэцүү байдаг тухай албаныхан ярьж байна.
Харин орон нутгийн хувьд бүр хүндрэлтэй. Учир нь нэг аймагт нэг л аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн байдаг аж. Тэр нь давхар байгаль орчноо ч хариуцдаг юм байна. Тиймээс нэг дор олон жуулчин ирэхэд хүн бүрт хүрч ажиллах боломжгүй. Аяллын компаниар дамжиж ирсэн жуулчдын асуудлыг компаниас нь шийдэх ч ганц, ганцаар бие даан ирсэн жуулчдын хувьд ямар нэгэн эрсдэлд ороход аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн л шийдвэрлэх үүрэгтэй аж.
Тиймээс Монголын аялал жуулчлалын салбарт зөвхөн хөтөч, орчуулагчаас гадна аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлага тулгарч байна. Мөн Хувиараа яваа жуулчид холбогдох байгууллагаас мэдээлэл авалгүйгээр аялалд гардаг. Тиймээс ямар нэгэн бүртгэл, хяналтын арга хэмжээ авах боломжгүй.
Үүнээс болж зарим нь гэмт хэргийн шинжтэй халдлагад болон байгаль, цаг уурын бэрхшээлд өртөх тохиолдол бий. Тэгэхээр бие даан аялж байгаа аялагчид тухайн газар, цаг агаарын нөхцөл байдлыг сайн судалж, маршрутаа зөв сонгох хэрэгтэй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 comments
Ганц нэгээрээ гуйлга гуйх нь холгүй тэнэж явдаг шар харууд өөрсдөө ч асуудалтай. Хаана юу хийж явдаг, ямар зорилготой доншуучилж яваа нь сэжигтэй. Эднийг өөгшүүлснээр аялал жуулчлал хөгжинө гэж байхгүй гэдгийг бас бодолцох ёстой. Анхнаас нь зөвхөн чиглэл хариуцсан дотоодын компаниудад хариуцуулах нь зөв.
muusain tenemel juuchdiig uhseniig ni hundeldeg yum ,ihenh ni yanhandahgej irj baigaa, gadaadad juulchdiig hen ch toohgui l adilhan l baidag mash unetei, tegeed ch juulchidiin hereg alga heden ayalaliin kompaniin karmaand orno, nutag oron bohirduulna.