Өчигдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Ажлын хэсэгт НХОГ-ын Хууль дотоод хяналтын албаны дарга С.Цэдэнсодном, ахлах инженер Б.Ганзориг, Азийн хөгжлийн банк болон бусад албаны хүмүүс байлцсан юм. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн аеротенкийн бетон хийцийн ажилтай танилцсанаар ажлаа эхлүүлсэн бөгөөд УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна.
Тэнд өдөрт Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний тулд анхдагч бохир хүлээж авах дөрөв, хоёрдогч бохир усыг цэвэршүүлэх таван тогоо бүхий тунгаагуур ажилладаг юм байна. Анх үүсгэн байгуулагдсанаас хойш тоног төхөөрөмжийн сайжруулалтын засварууд хийгддэг ч аеротенкийн бетон хийцийн засвар огт хийгдээгүй байна. Одоогийн байдлаар нэг дүгээр аэротанкийн засвар бүрэн хийгдэж, хоёрдугаар аэротанкийн засварын ажил 50 хувьтай явж байна. Засвар хийгдсэнээр биологи цэвэрлэгээ сайн хийгдэх нөхцөл бүрдэх аж. Нийслэлийн зүгээс бүхий л зүйл дээр туслаж дэмжихээ илэрхийллээ.
Үүнээс гадна Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Баянхошуу дэд төвд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын явцтай танилцсан юм. Энэ үеэр ажлын явцыг түргэвчилж, заасан хугацаандаа, чанартай барилга хүлээлгэн өгөх үүргийг гүйцэтгэгч компаниудад өглөө.
240 ортой хүүхдийн цэцэрлэгийг ирэх сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг есөн сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх юм байна. Мөн Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажилтай танилцсан юм. Тус ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 хувьтай байгаа бөгөөд тендерийн хугацаанд ажил бүрэн амжиж дуусна гэдгийг гүйцэтгэгч компани болох “Хангилцаг” ХХК-ны ерөнхий менежер хэлж байлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү үерийн хамгаалалтын шатны модон тавцанг найдвартай бат бөх материалаар сольж хийх үүрэг даалгавар өглөө.
Улаанбаатар хотын Тасганы усан сангаас 3, 4 дүгээр хорооллын усан сан баруун дүүргийн насос станц хүртэлх 8070 метр урттай ф600мм-ын цэвэр ус дамжуулах гол шугамын барилга угсралтын ажилтай танилцсан бөгөөд нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтийн ажил дээр тусалж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.