УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөрг ээлжит бус чуулган зарлах хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. Чуулганаар чуулганаар “60 тэрбум”-ын хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэргийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тэрбээр “
УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд орлоо. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн энэ асуудлыг Үндсэн хуулийн асуудал гэж харах уу аль эсвэл томилогдсон албан тушаалтнаа хамгаалах уу гэдгийг хамтдаа харцгаая. Судалгаанд оролцсон ард иргэдийн 97 хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Тиймээс ард түмнээс сонгогдсон элчийн хувьд энэ байдалтай эвлэрч чадахгүй. Миний хувьд сэтгэл хөдлөлөөр явдаг хүн биш. Хэн нэгэнтэй албаар муудалцах зорилго ч байхгүй. Нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа юм байхгүй. Зүгээр л ийм тодорхой гэрчтэй хэргийг эвлүүлэг гээд хаачихвал цаашид нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал хэрхэн шийдэгдэх нь бүрхэг болно.
Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдоос гурван зүйлийг шаардаж байна.
- Нэгдүгээрт, МАН монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
- Хоёрдугаарт, өөрийн хүсэлтээр хуулийн байгууллагад хандаж энэ хэргээ дахин шалгуулах.
- Гуравдугаарт, ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, гишүүдийн бүрэн эрхт халдахаа зогсоох. Ээлжит бус чуулганыг нэн даруй зарлахыг шаардаж байна.
Эдгээр шаардлагыг наймдугаар сарын 20-ны дотор хэрэгжүүлэхгүй бол олон нийтийн дэмжлэг хүсч, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Хэрэв энэ хөдөлгөөн үр дүнд хүрэхгүй бол иргэний нийгмийн байгууллага, бусад гишүүдтэй хамт эсэргүүцлийн жагсаал хийнэ” гэв. Харин УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс шаардлагатай бол ээлжит бус чуулганыг зарлаж болно гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.