Өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн саванд нярай хүүхдийг давхар өлгийгөөр өлгийдөн, гялгар уутанд хийж хаясан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс түүнд оноосон нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.
1996 онд төрсөн А гэх казах бүсгүйд Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт гаргасан байв.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А-г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин А эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэг үйлдэхдээ сэтгэл санааны хямралтай байсан учраас ийм үйлдэл гаргасан. Цаашид хүүхдээ өөрөө авч асарна гээд хорихоос өөр төрлийн хөнгөн яг оноож өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүхээс түүнд оноосон нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.