Монгол Улсын Хөгжлийн банк болон ОХУ-ын Внешэконом банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй хөдөө аж ахуйн эхний ээлжийн техник тоног төхөөрөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэн өгөх ажиллагаа (2018.08.06) боллоо.

ОХУ-аас оруулж ирсэн 21 төрлийн 196 ширхэг газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж хүлээн авах ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон албаны бусад хүмүүс, тариаланчид оролцсон юм.

Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгоно.

Арга хэмжээг нээж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нээж хэлсэн үгэндээ, “2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Уг түүхт ойн босгон дээр Монгол Улсын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, 7 аймаг, 60 сум, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Газар тариалангийн салбарт хөгжлийн шинэ жаран эхэлж байна.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Атар 60” бүтээлч аян өрнүүлж байна. Аяны хүрээнд ойн зурвас татах, тариалангийн талбайг хашаажуулах, үр, сорт, техник, технологийн шинэчлэл хийх зэргээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. Бид атар газар эзэмшсэн цагаасаа эхлээд ОХУ-тай нягт хамтран ажиллаж ирсэн. Үрийн шинэчлэлд ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчиддаа олгосон, энэ намар ургацаа хураана.

Өнөөдөр 10 мянган ам.долларын өртөг бүхий 20 гаруй төрлийн 200 орчим техник тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байна. Энэ бол газар тариалангийн техник технологийн шинэчлэлд чухал хөрөнгө оруулалт боллоо. Ийнхүү энэ намар ургацаа амжилттай хураан авахад бидэнд хэрэгтэй чанартай техник тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авлаа” гэв.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан энэ жилийн хаврын тариалалтын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 3-наас эхлүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байна. Төлөвлөсөн хэмжээний ургацаа амжилттай хураан авах бэлтгэл ажлын нэг болгож, ийнхүү ОХУ-аас чанар сайтай техник тоног төхөөрөмж оруулж ирж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун онцолсон.

Энэ үеэр тариаланчдыг төлөөлөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Шаравын Мардаан хэлэхдээ, “Энэ бол тариаланчдад олдож байгаа алтан боломж. Тийм учраас бид энэхүү олдож байгаа боломжоо ард иргэдээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангахад зориулахын тулд бүх чадлаараа хичээн зүтгэх ёстой” гэлээ.

By updown

One thought on “200 орчим шинэ техник, тоног төхөөрөмжийг ОХУ-аас хүлээн авлаа”
  1. Gazar tarialancnid gej ulsaas awcn handaggui tarisan taria ni oligtoi urgadaggui joohon urgats awahaaraa ulsad undur uneer shahdag zugeer ulsad erhelsen nuhduud odoo bolimoor yumaa

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн