2018-08-08 13:151min014

Халаасны хулгайчдийн балгаар гадны жуулчин гуйлга гуйхад хүрчээ

juuljin

Төрийн ордон сүндэрлэсэн их жанжин Д.Сүхбаатарын талбай дээр гадны жуулчин гитартай дуулах нь аливаад сониуч манайхны анхаарлыг татаж, олон хүн цуглах шалтгаан болжээ. Эх нутгаасаа  монголын үзэсгэлэнт нутгаар аялж, хүмүүсийн ахуй амьдрал, ёс заншилтай нь танилцахаар ирсэн  гадны иргэн үүргэвчтэй цүнхээ урдаа дэлгэж, дуулж байгааг харсан хүнд өрөвдмөөр сэтгэгдэл төрүүлнэ.

Баргил хоолойгоор эх нутгаа санагалзах шиг дуулах Орос жуулчинд лав золгүй явдал тохилдсон нь хэнд ч ойлгомжтой. Тэр халаасны хулгайчдад бичиг баримт, мөнгөө алдсанаас болж 10 гаруй хоног дуулж байгаа аж. Талбайн зурагчдын яриснаар анх ядарч зүдэрсэн байдалтай, сахал үс нь ургасан, өмд нь ноорхой ирсэн гэнэ. Зурагчин н.Доржхандын хэлснээр “Хөөрхий минь хүний нутагт таних хүнгүй, идэх хоол, унтах газаргүй хэцүү л байгаа байх. Шинэ өмд авч өмссөн бололтой. Энэ хүн өглөө оройдоо ирж дуулчихаад л “монтел”-ыг чиглэн явдаг юм. Хаана хонодог юм  бүү мэд. Сайхан ч хоолойтой, хөдөлмөрлөж мөнгө олж байна штээ. Хүмүүс  их цуглаж, мөнгө өгдөг. Өдөртөө барагцаагаар 50-100 мянган төгрөг цугларчихдаг юм шиг байна лээ” гэсэн юм.

Улсын баяр наадмын үеэр жуулчид манай орныг хамгийн их зорьдог. Энэ үеэр чоно борооноор гэдгийн үлгэрээр халаасны хулгайчдын “ан” жуулчид болдог нь нууц биш. Тухайлбал, гадны жуулчдын камер, зургийн аппарат, хэтэвч гээд л авч болох бүхнийг тэд “суйлна”. Тиймээс ч жуулчдад хамгийн халгайтай орны тоонд манай улс данслагдсан байдаг нь ичмээр. Ирсэн нэг нь хэзээ ч эргэж ирэхгүй, дээрээс нь “Тийшээ хэзээ ч битгий зүглээрэй!!!” гэж бусдадаа захиж байна.