35 мянган оюутанд олгох зээлийг хичээлийн шинэ жилээс хойш хэрэгжинэ

Их, дээд сургуулийн оюутнуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгохдоо өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсан. Үүнийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу шинэчилж, Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Энэ журам өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

10 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВБАЛ ЗУРГААН ЖИЛИЙН ТУРШ САР БҮР 139 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ

Энэ хичээлийн жилд 35 мянган оюутанд зээл олгох боломжтой. Зээлд хамрагдахын тулд бакалаврын оюутан голч оноо 2,6-аас дээш, магистр, докторынх 3,2-оос дээш, ЕБС-иа төгсөж байгаа бол ЭЕШ-ийн оноо 600-аас дээш байх шаардлагатай юм. Түүнчлэн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгох юм байна.

Оюутны зээлд хамрагдаж байгаа суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй байхаар журамлажээ.

Бүрдүүлэх бичиг баримт:

Иргэний үнэмлэхний хуулбар

ЭЕШ-ын онооны хуулбар

Сургуулийн тодорхойлолт

Төлбөрийн нэхэмжлэх

Тухайн улиралд судлах хичээлийн жагсаалт

Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт

Ирээдүйн орлогоо тодорхойлсон эсээ бичлэг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн