-Компани хуучнаар сангийн аж ахуйн сууринаас өнөөдрийн Хөвсгөл алтан дуулга ХК-ийн болтлоо өргөжиж. Энэ урт замд юу туулав?

-Манайхыг анх 1998 онд дуудлага худалдаагаар хувьчилж авахад тариалангийн сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байсан юм.Худалдан авах үед Тариалан сумын хуучин сангийн аж ахуй нь 9,000 гаруй га эргэлтийн талбайтай байсан боловч ердөө 200 га –д тариалалт хийсэн, техникүүд нь айл айлын гэрийн гадаа, ажилтнуудынх нь сэтгэл санаанд сангийн аж ахуй цаашид яах эсэхийг мэдэхгүй, ороо бусгаа үе байлаа.

Биднийг худалдан аваад очиход ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгарч, тэд нар маань жагсаж байсан л даа. Яагаад жагссан бэ гэтэл тухайн үед төрийн өмчийн компаниас хувьчилж авсан удирдлагууд нь бага мөнгөөр авчаад ахиу үнээр зарчаад байсан юм билээ. Энэ нь ажилтнууд болон орон нутгийн иргэдэд бас л тэрхүү зүйл давтагдах гэж байна гэсэн болгоомжлол бий болгочихсон, одоо та нар бас зарчаад яваад өгнө гээд эсэргүүцэж байлаа.

Тухайн үед аав минь хувьчилж аваад захиралаар нь очоод байсан. Тэгээд нөхцөл байдлыг сайн тайлбарлаж “Бидэнд ингэж худалдах бодол байхгүй, бид Хөвсгөл аймгийн газар тариаланг хөгжүүлэхийг зорьж байгаа учраас энэ өдрөөс эхлээд бидэнтэй хамтран ажиллаарай, хэрвээ итгэхгүй байгаа бол орхиод явж болноо.

Хэдэн жилийн дараа ямар болсоныг хараарай гээд…” гэж тайлбарлаж ойлгуулахыг хичээсэн. Харин ажилчид маань бидэнд итгэж, эерэгээр хүлээн авсан даа. Ингээд бид ажилдаа шуурхайлан орж, хамгийн эхэнд тархаа бутархай байсан техникүүдээ цуглуулан аж ахуйгаа эмхлэх, ажиллах сонирхолтой ажилчдаа цуглуулж та бүхэн хувьцаат компанийн ажилчид боллоо шүү гээд буцаан авсан. Тэгээд л үйлдвэрлэлээ сэргээсэн. Тухайн үед шатахуун үнэтэй, олдоц муу, үрийг хаанаас авах нь тодорхой бус, дээр нь Сангийн аж ахуй маань улсад багагүй хэмжээний өртэй байсан юм.

-Дараа нь 9,000 га эргэлтийн талбайг яаж ашиглах вэ?, тариалалтыг зөв технологийн дагуу яаж явуулах вэ?

гэдгийг судалж, хуучин технологи нь ямар байсан, байгаа техникийн боломжоо харж байгаад 3,000 га талбайд маш чанартай уринш хийлгэе гээд бүгд хичээсэн. Гэвч техник, тоног төхөөрөмжүүд нь хуучирсан, сэлбэг хэрэгсэл нь олдохгүй байсан тул 1,700 га-д уринш хийсэн. Газар тариалан чинь 2 дахь жилээсээ ургац өгдөг. Тэгээд 1999 онд маш сайн ургац хурааж авсан даа. Үүндээ урамшиж дараа дараагийн ажлуудаа эхлүүлсэн.

Техникүүд маань хуучраад ашиглалтаас гарч эхэлсэн тул техникээ шинэчлэх хэрэгтэй болсон, 2-т хурааж авсан буудайгаа яаж зарж борлуулах вэ?

гэдэг асуудал тулгарсан. Эхний ээлжинд улсад өртэй байсан тул буудайгаараа болон бусад боломжуудаа ашиглан өрөө төллөө. Дараа нь тухайн үед сангийн аж ахуйд 2 жижиг тээрэмтэй байсан боловч буудай цэвэрлэгээний хэсэг нь гар ажиллагаатай байсан. Тэгээд бид буудайгаа ширхэг ширхэгээр нь цэвэрлэж байгаад л байгаа боломжоо ашиглаад гурилаа үйлдвэрлэж эхэлсэн.

1 тээрэм нь өдөрт 500 кг, 2-лаа нийлээд 1 тн орчим гурил хийдэг. Гурил маань өдөртөө зарагддаг байв. Ингэж манай гурилын үйлдвэр 2 тээрэмтэйгээр эхэлж байлаа. Энд тэмдэглэн хэлэхэд манай үйлдвэр хөгжих болсон бас нэг шалтгаан нь компани ОХУ-д төгссөн маш сайн технологийн инженертэй болсон явдал. Инженер маань “Энэ хоёр тээрмийг ажлуулж болж байна. Одоо цэвэрлэгээний тоног төхөөрөмж хэрэгтэй. Тэгвэл түүхий эд нийлүүлээд байх юм бол 1 тээрэм өдөрт 1 тн, 2 ла 2 тн гурил хийх боломжтой гэж хэлсэн”.

Бид ч цэвэрлэгээний тоног төхөөрөмж олох ажилд ороод БНХАУ-аас худалдан авч суурилуулсан. Тэгээд 2 тээрэмтэй байсан бол 5 тээрэмтэй болсон, цэвэрлэгээний механик цехтэй болсон. Гэтэл гурилын үйлдвэрлэл маань хэрэглэгчидээ хангаж чадахаа больсон. За ер нь иж бүрэн үйлдвэртэй болох хэрэгтэй юм байна гэж үзээд судалгаагаа эхэлсэн. Гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авахад цаанаасаа технологийн схемтэй бэлэн үйлдвэр байдаг байсан. Харин одоогийн гурилын үйлдвэрийнхээ технологийн схемийг 2011 онд бид өөрсдөө боловсруулж, яг түүнийхээ дагуу БНХАУ-д очиж тоног төхөөрөмжөө захиалан хийлгэж байлаа.

Тэгэхэд Хятадын инженерүүд гайхаад та нар бидэнд маш сайхан хичээл заалаа гэж хэлж байсан даа. /инээв/

Одоогоор хэдий хэмжээний тариалалтын талбайтай вэ? Хэдэн хувьд нь тариалалт хийж байна

Анх хувьчилж авахад 9,000 га талбайтай байсан гэдгийг дээр хэлсэн. Бид нөөц боломжоо харж байгаад түүнээсээ 3,000 га-г нь орон нутагтаа буцааж өгсөн. Харин газар авсан зарим иргэд маань бид ажиллаж чадахгүй юм байна гээд бидэнд буцааж өгсөн тохиолдол байгаа. Одоогийн байдлаар 7,000 га талбайтай байна. Хуучин технологиор бид 50% д нь уринш, 50%-д нь тариалалт хийдэг байсан бол сүүлийн 3 жил тариалалтын талбайгаа нэмэгдүүлж 60-70%-д нь тариалалт хийж байна.

-Та компаниа 2007 оноос удирдаж байгаа байхаа. Ер нь энэ салбарын мэргэжилтэй хүн үү?

-Би боловсролын салбарын хүн. Гэхдээ бид мэргэжлийн сайн боловсон хүчинг цуглуулж хамт олон болгож чадсан. Тийм болохоор мэргэжлийн бус гээд ажлын байран дээр хүндрэл бэрхшээл гарах нь бага байдаг. Удирдах арга барилын хувьд би аавыгаа дагаж компаниа хувьчилж авснаас эхлээд одоо хүртэл ажиллаж байна. Манай аав 1998 оноос 2007 он хүртэл энэ компанийг удирдаж ажилласан. Энэ хугацаанд ааваасаа их зүйлийг сурч, заалгаж авсан маань өнөөг хүртэл тус дэм болж байна даа.

Та саяхан “Эрүүл монгол хүний төлөө” гэсэн эрхэм зорилгоор ажилладаг гэж хэлсэн байсан. Энэ талаар тодруулж хэлбэл

Монгол Улс эрүүл иргэнтэй байж хөгжинө. Тиймээс идэж байгаа хүнс маань эрүүл, ажиллаж байгаа орчин нь эрүүл байх ёстой. Манай хамт олон бүтээгдэхүүнээ эрүүл байлгахын төлөө ажиллаж ирсэн. Тиймээс миний хувьд өөрийнхөө хийж байгаа ажил дээр хүнсний аюулгүй байдлыг 100 хувь найдвартай хэлж чадна.

“Хөвсгөл алтан дуулга”ХК-ийн үнэт зүйл юу вэ?

Компанийн үнэт зүйл бол хүн. Өөрөөр хэлбэл манай хэрэглэгчид, компанийн маань ажилчид. Ер нь манайд шинээр ажилд орсон хүн бол ажлаас гарах нь ховор байдаг. Манайх одоогоор 70 ажилтантай. Тэд маань ажилдаа дуртай, компанитайгаа хамт хөгжье гэсэн сонирхолтой байдаг юм. Тийм болохоор дахин хэлэхэд манай үнэт зүйл бол хүн.

-Танайх улаанбуудайгаа өөрсдөө тарьж, хадгалж, гурилаа үйлдвэрлэдэг. Энэ нь өрсөлдөөнд танайд ямар боломжийг олгож байна?

-Гурлын үйлдвэрлэлдээ хэрэглэгдэг болохоор буудайгаа яаж борлуулах вэ гэж санаа зовох юм байдаггүй. Энэ бидний давуу тал, боломж. Харин ч бусад тариаланчдаасаа буудай худалдан авч байна. Бид 1,2 төрлийн сортыг масс хэмжээгээр тариалдаггүй. Олон төрлийн сортын буудай тариалдаг. Энэ яагаад олон сортын буудай тарьж байна гэхээр нэг сортыг нөгөөтэй холиход дээд гурил гарна, энийг энтэй холиход цавуулаг ийм болно гэх мэтээр хэрэглэгч болгонд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тарьж байна.

-МХБ-д 200 гаруй ХК-иуд бий, Өнгөрсөн хугацаанд тэдний дийлэнх нь банкны зээлээр бизнесээ санхүүжүүлж ирсэн. Танайх энэ удаа үүнээс татгалзлаа. Энэ сонголтод юу нөлөөлөв?

-Хувьцаа нэмж гаргах ажил бидний хувьд эртнээс бодож, хүсэж байсан зүйл л дээ. Харин гадна, дотны нөхцөл бололцоо бүрдэхгүй явсаар байгаад өнөөдөр тохироо нь бүрдээд хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд бид дандаа арилжааны банкнаас урт, богино хугацаатай зээл авч ирсэн.

Зээлийн хүү өндөр, дээр нь хязгаартай, өөрийн хөрөнгөөс давсан зээл олгохгүй, хамаг эд хөрөнгө барьцаалдаг шүү дээ. Бид зээл аваад их юм хийгээд л байдаг, хийгээд л байдаг өөрт үлдэж байгаа ашиг бага байсаар ирсэн. Гэхдээ манай компани өдий хугацаанд банкны зээлээр энэ үйлдвэрээ босгож, техник тоног төхөөрөмжөө 100% шинэчилж чадсан. Харин одоо банкны зээлээсээ ч гарч байна.

Тийм болохоор нэг талаас өөр хэлбэрийн хөрөнгө оруулалт татая, манай компани чинь хувьцаат компани, хувьцаа маань Хөрөнгийн бирж дээр арилжигдаж байгаагийн хувьд энэ боломж, давуу талаа ашиглая, хувьцаагаа идэвхитэй арилжигддаг болгох зорилго руугаа явья гэсэн үүднээс нэмж хувьцаа гаргахаар шийдсэн. Нөгөө талаар манай үйлдвэр хоногт 100 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай боловч 20-30 тн-ыг л тээрэмдэж байгаа. Бид компанийнхаа өсөлтийг бүрэн хангаж чадахгүй байна.

Бидэнд илүү өсөлт үзүүлэх боломж харагдаад байгаа юм. Хүчин чадлаа 100% биш юмаа гэхэд 80% ашиглах боломжтой. Энэ нь түүхий эдийн дутагдалтай холбоотой. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирвэл хэрэглэгчдийнхээ хүсээд байгаа хэмжээнд бүтээгдэхүүний нийлүүлэлтээ хийж чадна. Өнөөдөр хэрэглэгчид маань гурил авъя гээд байдаг бид түүхий эдийн дутагдлаас болоод нийлүүлж чадахгүй байгаад байна. Тийм учраас түүхий эдийнхээ нөөцийг бүрдүүлэхийн тулд тогтвортой санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй юм байна гэж үзсэнтэй холбоотой. Дээр нь нэмж хэлэхэд өнгөрсөн 20 гаруй жил хамт байсан болон шинэ хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай урт хугацаанд хамтран ажиллахыг хүсэж байна.

-Нэмэлт хувьцааг худалдан авснаар илүү олон хүнд энэ салбарт оролцох боломж бүрдэж байна. Та хөрөнгө оруулагчиддаа юу амлаж чадах вэ?

-Бид тоног төхөөрөмж, үйлдвэртээ хийх хөрөнгө оруулалттаа хангалттай хийлээ. “Хөвсгөл алтан дуулга”ХК-д одоо томоохон хэмжээний шинэчлэл хийх шаардлаггүй. Тэгэхээр эдийн засгийн өсөлт, үр ашигт анхаарч ажиллах цаг нь болсон. Одоо түүхий эдээ хангалттай нөөцлөөд, борлуулалтаа хийгээд явахад өсөлтөө үзүүлж, тооцоолсон үр ашигтаа хүрч чадна.

Үнэт цаасны танилцуулгад тусгасан эдийн засгийн тооцоолол бол манай компанийн боломжийг хамгийн багаар тооцсон үзүүлэлт байгаа. Манай компани өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас үйл ажиллагаа маань цаашид эдийн засгийн өсөлтөө хангаж, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчиддаа тогтвортой өсөлттэй хувьцааны өгөөж хүртээж чадна гэдгийг амлах байна.

Энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд манайх бүтээгдэхүүнээс БНХАУ, Тайванийн үйлдвэрлэгчид дээж авч шинжилж үзээд худалдан авах санал ирүүлж байсан тохиолдолууд бий. Гэхдээ төр засгийн зүгээс дотоодын хэрэглээгээ бүрэн хангах хүртэл экспортыг хориглосон байгаа учраас гаргах боломж байдаггүй. Харин улаан буудайгаас бусад тарималаар бүтээгдэхүүн хийгээд, тухайлбал, малын тэжээлийг гаргах бүрэн боломж байгаа. Энэ чиглэлээр бид хангалттай хэмжээний судалгаа хийсэн.

-Компанийн менежментийн баг нь хөрөнгө оруулагчдад, төдийгүй компанийн өсөлтөд маш чухал байдаг. Энэ тал дээр танай компани ямар бодлоготой байдаг вэ?

-Манай компани энэ хавар Төлөөлөн удирдах зөвлөлөө бүрэн шинэчилсэн байгаа. Ингэхдээ компанийн үйлдвэрлэл, өсөлт, хөгжилд хэрэгтэй гэж үзсэн мэргэжлийн хүмүүсийг хувьцаа эзэмшигчдийн зүгээс оруулсан. Тухайлбал, хөдөө аж ахуйн 2 доктор, хууль, эдийн засаг, эрсдлийн удирдлагын мэргэшсэн хүмүүс орсон. Цаашдаа ч энэ бодлого, уламжлалаа баримтлаж ажиллах байх.

-Засаглал, мэдээллийн ил тод байдал бол хөрөнгө оруулагчдын танай компани руу хүрэх гүүр. Компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд үүнийг сайн хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ?

-Манайх өөрөө хувьцаат компани учраас засаглал, ил тод байдлыг хангах үүрэгтэй. Түүнийгээ ч өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудад хууль журмын дагуу зохих мэдээ, тайлангаа цаг хугацаанд нь тогтмол өгч ирсэн. Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай компанийн үйл ажиллагаа хувьцаа эзэмшигчдийнхээ нүдэндээр явагдаж ирсэн гэж хэлж болно.

Манай компанийн хувьцааны 20 гаруй хувийг орон нутгийн иргэд эзэмшиж байдаг. Тэгвэл бид юу хийгээд байна, юунд зориод ямар ажил хийж байгаа нь тэнд оршин сууж байгаа хувьцаа эзэмшигчдийн маань нүдэн дээр нь ил тод харагдаж байлаа. Бүр зарим хувьцаа эзэмшигчид маань ойлгохгүй байгаа, мэдэхгүй байгаа зүйлээ шууд манай дээр ирж, надтай уулзаад асууж лавлаад явж ирсэн дээ.

Тийм болохоор цаашид бид хууль журмаа, засаглалын кодекс, зарчмуудаа баримтлан бүх хувьцаа эзэмшигчтэйгээ илүү ойр байх болно. Өнөөдөр компаниуд ногдол ашгийн идэвхитэй бодлого баримтлах нь нэмэгдэж байна. Хөвсгөл алтан дуулга ХК-ийн ногдол ашгийн бодлогыг сонирховол Өнгөрсөн хугацаанд манай компани төдийлөн их ногдол ашиг олгож байгаагүй.

Үүнд нэг онцлог байдаг. Дээрх хэлсэнчлэн манай хувьцааны тодорхой хувийг тариалангийн сангийн аж ахуйд ажиллаж байсан орон нутгийн иргэд эзэмшдэг. Тэд нар маань биднийг дандаа дэмжин ажиллаж байсан болохоор ногдол ашиг олгооч гэж нэг их шаардаж байсангүй. Гол нь компанийг хөгжүүлэх чухал гэдэг байсан.

Харин одоо ногдол ашиг олгоно гэж яагаад эргэлзэхгүй, итгэлтэй хэлээд байгаа гэвэл компанид хэрэгтэй техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлүүдээ бүрэн хийчихсэн. Тодруулбал, 2006 оноо хойш 4.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг компанидаа хийгээд байна.

Өнөөдрийн хэмжээнд хүртэл компаниа өсөн дэвшихийг тэвчээртэй хүлээсэн хувьцаа эзэмшигчид маань ч гэсэн ногдол ашиг авахыг хүсэж байгаа байх. Тиймээс бид цаашид ногдол ашгаа жил бүр нэмэгдүүлэх бодлого баримтлах болно.

Эцэст нь асуухад 5 жилийн дараах Хөвсгөл алтан дуулга компанид өнөөдрийнхөөс ямар өөрчлөлт гарсан байх вэ?

-За 5 жилийн дараа бидний төлөвлөж байгаагаар манай газар тариалангийн үйлдвэрлэл одооныхоос 3 дахин, гурилын үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалт ямар ч байсан 100% -д хүрсэн байна. Дээр нь бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, Алтан дуулга гэдэг нэртэй бүтээгдэхүүний нэр төрөл олон болсон байна. Жишээ нь, одоо манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг эгнүүлээд тавьбал 1.5 м орчим урт болдог юм. Үүнийг дор хаяж 3 метр урт болсон байна байх /инээв/ За бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа

By updown

2 thoughts on “Д.Дуламсүрэн: Өнгөрсөн хугацаанд компанид хэрэгтэй технологийн шинэчлэлүүд бүрэн хийгдсэн. Одоо эдийн засгийн өсөлтөд анхаарч байна”
  1. Баяр хүргье. Эх орныхоо хамгийн ариун дагшин хөрсөнд ургуулсан экологийн цэвэр хүнс үйлдвэрлэж буй танай хамт олны үйлс дэлгэрэх болтугай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн