Машинаа эвдчихээд, дүүгийн гадаа сул хэвтэх хуучин микрогоор гурав хоног хөл дүүжлэв. Будаг нь халцарсан, навсайсан, төмөр нь харжигнасан ч мотор сайн, тун дажгүй. Ном зөөхөд даац сайтай. Гэвч халсан үедээ унтарчихаараа асахгүй болчихдог гэмтэй. Гэсэн ч үүргээ гүйцэтгэж, нэлээд юм зөөгөөд амжив. Харин энэ гурван өдөрт хүнийг унаж буй унаагаар нь үнэлдэг үнэлэмж нэлээд байдгыг мэр сэрхэн анзаарч мэдрэв.
Хажуугаар гарахдаа тун сүрхий шахах юм. Дуут дохиогоор цочоох нь их байна. Машиндаа сайн дасаагүйгээс хааяа будилж, арааг нь буруу зөрүү хийж, хөдөлгөж ядах нь ч байх. Тэр бүрд хараал, доромжлол сонсох нь арай л их. Байж ядан сигнаалдаж, дэргэдүүр гарахдаа цонхоороо хашгична.
Уулзах хүмүүсийн харьцаа машиныг маань харчихаад их өөр болчихно. “Энэ ч дээ” гэсэн янзтай. (Мэдээж хэрэг бүгд биш л дээ. Намайг мэддэг, сайн таньдаг хүмүүс бол байдгаараа л байх.)
.
1960-аад оны үед сэтгэгч Эрих Фромм /герман үндэстэн/ барууны эд материалд түшиглэсэн нийгмийн хөгжлийн их урсгалд “Хүн алга болж, хүн зүгээр л бараа материалтай адилхан болж буй үзэгдэл” бий болсон тухай бичиж байв. Ф.Ницще “Бурхан таалал төгсөв” гэсэн лугаа адилаар Фромм “Хүн таалал төгсөв” хэмээн тунхаглаж билээ. Тэгээд тэрбээр “Хүн стандарчлагдав. Хүний давтагдашгүй дотоод мөн чанар улам бүр бүдгэрч, нэг нэгнээсээ ялгарах юмгүй үйлдвэрлэлийн бүтээгдхүүн шиг стандарт хүмүүс бий болов. Тэр хэмжээгээр амьдралын гоо сайхан үгүй болж, уйтгартай бүрхэг утга учиргүй амьдрал ноёрхоно” гэж тэрхүү санаагаа задлан тайлбарлаж байсан санагдана. “Хүн дэлгүүрт ороод өөрт хэрэгтэй, таалагдсан бараагаа л сонгож авдаг лугаа адил хүмүүс нэг нэгтэйгээ харьцахдаа зөвхөн өөрт хэрэгтэй хүмүүстэйгээ л харьцдаг болж байна. Тэр хэмжээгээр хүний үнэ цэнэ үгүй болж, хүн бараа таваар шиг болж хувирлаа” гэсэн.
Социалист улс төр, гүн ухаан, социологийнхон Э.Фроммын энэхүү гаргалгаануудыг баярлалдан шүүрэн авч, барууны хөрөнгөтний нийгмийн хөгжил гэдэг үнэн хэрэгтээ ийм л байдаг хэмээн сурталдаж байлаа. Тэр бүхэнд үнэний ор бий ч бас хэтрүүлэн улс төржүүлж, үзэл сурталжуулсан нь илүү талдаа.
Харин монголчууд бид сүүлийн хорин хэдэн жил хүссэн ч, эс хүссэн ч тэрхүү хүнийг бараа таваар болгодог хөрөнгө мөнгөний нийгмийн их далайд хөвж, живж явна. Ямаршуу үр дүнд хүрч байгааг нь бараглаж мэдэх ч өнгөрсөн хэдэн хоногт зүс царай тааруухан машин хүлэглэхдээ илүү тод мэдрэв.
.
2008 онд АНУ-аас ирээд гар утас авах үед нэг бус хүн 9911-тэй утас авахыг зөвлөж байсансан. Учир нь тийм л утастай байх нь таны нийгмийн байр суурь боломжийн буйг илтгэдэг гэсэн. Ер тоо хүнд нөлөөлдөгт итгэдэг. Таардаг тоо, таардаггүй тоо гэж үнэхээр бий. Гэхдээ 9911 гэдэг тоо хүн бүхэнд сайн нөлөөтэй гэдэгт бол огт итгээгүй учир би ердийн утас авсан.
Хааяа нэг том дугаартнууд утсаа авахгүй, дахин дахин залгуулах нь бий ч, ерөнхийдөө 9911-тнүүд утсаа авдаг. Бас найрсаг, соёлтой харьцах нь илүү ч байж магад. Гэхдээ л нэгэн үе энэ дугаар нэлээд хэдэн саяын үнэ хүрснийг бодоход хүн бүхэнд таарсан азтай тоо гэхээс илүүгээр нийгмийн зиндааг илэрхийлдэг чадал нь тийм үнэ хүргэсэн биз.
2013 онд үйлдвэрлэгдсэн ердийн товчлууртай утсыг 4 жил барив. Утсаар ярихаас өөрөөр хэрэглээ байхгүй надад бол болоод л байдаг юм. Хамгийн гол нь авсаархан, сүлжээ сайн барьдагт нь дуртай. Харин надад цөөнгүй хүн “Утсаа солиочээ, санаа зовмоор юм. Амбасын юм бариад. Бүдүүлэг гэдэг нь” гэж “зөвлөсөн.”
.
Хэдий унаж буй унаа, өмсөж буй хувцас нь тэр хүний нийгмийн амьдралын зэргийг тодорхойлох нэг үзүүлэлт мөн боловч, харин тэр хүний дотоод мөн чанарыг тодорхойлох үндсэн хүчин зүйл биш юм. Харамсалтай нь бид нүдэнд харагдах, гарт баригдах төдий зүйлсээр л хязгааргүй орчлон хорвоог хэмжиж, үнэлдэг гэнэн хөөрхий дордос мэт хүнийг өмссөн зүүснээр нь, эдэлж хэрэглэснээр нь тодорхойлон үнэлдэг өрөөсгөл үзэл, хандлагад ихэд живж дээ.
Чухам тийм болохоор л зөвхөн материаллаг ахуйн төлөө дээр доргүй үхэн хатан тэмцэлдэж, тэр нь даамжраад улсаа ч цөлбөн хоослож, авилгалдаж, офшордож, бүлэглэж, талцаж, мафижсан улс төрийн тогтолцоог нэгэнт бий болгож орхижээ.
Улс орон хэрхэн санасанчлан хөгжих билээ, ард иргэд хэрхэн сэтгэл хангалуун аж төрөх билээ.
Үндэстний үнэт зүйлсийн эрэмбэд нэлээд доогуур байх учиртай эд материалын баялаг хэмээх зүйл өнөөдөр бүхнээс дээр заларчихаж. Ийм байхад хэрхэн үймээн самуунгүй, бухимдал стрессгүй нийгэм байгуулж чадах билээ. Улс орны хөгжлийг зөвхөн Эдийн засгийн үзүүлэлтээр л хэмждэг, ЭЗ-ийн өрсөлдөөнийг шударга өрсөлдөөн гэж сурталчилдаг үзэл нь угтаа нийгэм болоод хүний оршихуйн мөн чанарын эсрэг гэдгийг бид анзаардаггүй. Тиймээс энэ төөрөгдөлд хошуурцгаагаад оршихуйн уг сууриа өөрийн мэдэлгүй нурааж, эвдэлж байна. Суурьгүй барилга хэрхэн босох билээ. Түүн лүгээ адил суурь үнэт зүйлээ эвдэж орхисон хүний нийгэм хэрхэн хөгжих, хөгжих бүү хэл оршин тогтнох билээ. Нүднээ өндөр байшингууд босож, үнэт машинууд хөлхөлдөвч мөн чанартаа хөгжил гэхэд нэн эргэлзээтэй. Хүн нь хөгжөөгүй, хүн нь үнэ цэнэгүй нийгэмд хөгжил жинхэнэ утгаараа байх ямар ч боломжгүй. Хүн ийнхүү бараа таваар лугаа адил болоод ирэхээрээ хүний мөн чанар үнэгүйдэж, хүн хүндээ их сайндаа машин, хувцас, албан тушаал төдий болж байна. Олонхидоо хүн хүндээ зүгээр л хог новш болов. Монгол хүн монгол хүндээ хог новш мэт болов. Монгол хүн монгол хүндээ ихэрхэж бардамнах нь их болов. Угтаа дотоод үнэт зүйлгүй хүн л тийн ядарсандаа ихэрхэж, бардамнаж, дээрэлхдэг юм. Яг л ядарсанаа эврээрээ ямагт сэжих тавьтаргүй ямаа шиг. Үр дүн нь бид нэгнээ унадаг машин, уудаг иддэг зүйлс, эдэлж хэрэглэдгээр нь үнэлдэг болов. Хамгийн гачлантай нь түүнээ зүй ёсны үнэлэмж гэж итгэж төөрөлдөх…
Бид дээр дооргүй хулгайлцгаадаг болов. Хүн чанар, ёс журам, шударга үнэн гэдэг зүйл хоосон чамирхал, наргиа наадам, зарим тохиолдолд алиа маазрал мэт болов.
.
Ингэхэд хүний мөн чанар амьдрал хийгээд хүмүүст, ялангуяа өөртөө хандах харьцаа, үзэл хандлагаар л илэрдэг болохоос биш өмссөн зүүсэн, уусан идсэн, унасан хэрэглэснээр тэр бүр илэрдэггүй. Түүнд хууртаж, бас түүний төлөө явах нь хайран энэ сайхан завшаант амьдралаа утга учиргүйн цалманд хаяж өгч буйгаас ялгал үгүй. Уг нь муу машин унасан бүхэн мөн чанараараа муу хүмүүс биш лугаа адил бас сайн машинтай бүхэн сайхан хүмүүс биш юм.
Фроммын “Хүн таалал төгссөн” гэдэгт би бүрэн итгэдэггүй, ялангуяа Монгол хүний тухайд бол… Хүмүүс амьд хэвээр байгаа гэдэгт итгэхийг хүсдэг. Энэ бүхэн бол цаг зуурын самуурал төдий гэж боддог. Бид бараа таваар болчихоогүй, бидний үнэ цэнэ өмссөн хувцас, унасан, эдэлсэнтэйгээ тэнцэх хэмжээний доош орчихоогүй. Бидэнд, бидний мөн чанарт өмссөнөөс, унаж эдэлснээс илүү их үнэт зүйлс байх ёстой.
.
Одоо бүр зөчиж зөрүүдэлмээр санагдах. Энэ хандлагыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж тарах шахсан Эксел авдаг юм билүү гэж бодогдох. Дотоод хүн маань ийм байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй нь.
Эх сурвалж https://www.facebook.com/Nominchimed/posts/655978257938078
1 comment
Minii bodoj yvdag zuil hun huneesee iluu garah gej bus heregleh gwj avdag getel tsaana ni huuhdiin genen muruudul ni tom bolsonch arilah ni bitgii hel bur nemegdeed uurtuu ogtoos hereggui zuiliig zeel tavin bj uuriin bolgoj hunees deer garah gej busdiin hild chiregden guih ni ineedem bas haniad uuriiguu zovoon bj avsan zuilee busdad bhgui bol uuruus ni dooguur gej bodoh deerleheh gej oroldoh ni bas l uruvdmuur
Ug ni zuidee bol unuuh uurt ni bgaa ter zovlon bolson zuil ni busdad heregteegui bolhoor uuriin bolgoh gej shunahgui bgaag oilgoh uhaan ni tutdag gedgiig yriltsaj bhdaa l …….