Сүхбаатар дүүргийн Засаг Дарга Х.Болормаа өнгөрсөн баасан гаригт Багшийн дээд орчимд ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдийг хүлээн авч уулзжээ. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас тус дүүргийн найм дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд талбайд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хөшөө байрлуулах тухай 181 дүгээр тогтоолын дагуу Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг байрлуулах, хөшөөний орчмын иж бүрэн тохижилтын ажлыг хийж эхлүүлэхээр мэдээллийн самбарыг байршуулсан юм.
Иймд тус талбайд зөвшөөрөлгүй байрлаж буй 16 түргэн үйлчилгээний цэгд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн. ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид дээрх шийдвэрийг эсэргүүцсэн тул Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр, дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижирээр ахлуулсан ажлын хэсэг тэднийг хүлээн авч уулзан, холбогдох хууль, дүрэм, тохижилт бүтээн байгуулалтын талбайг чөлөөлж, түргэн үйлчилгээний цэгүүдийг шилжүүлэн байршуулах талаарх шийдвэрийг танилцууллаа.