Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхийг завдах үед 3 нисдэг аппарат дэлбэрч долоон хүн бэртжээ. Өнгөрсөн бямба гарагт Боливарын үндэсний гвард байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагааны үеэр төрийн тэргүүн үг хэлж байх үеэр дэлбэрэлт болсон аж. Энэ тухай Венесуэлийн мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригесийн мэдэгдснээр “3 дрон байсны нэг нь ерөнхийлөгчийн зогсож байсан индрийн эсрэг талд байрлаж байсан бол нөгөө нь дээш хөөрч, индрийн баруун талд дэлбэрчээ. Өөр нэг дрон нь индрийн урд талын барилга орчимд дэлбэрсэн байна” гэжээ.
Ерөнхийлөгчийн аминд хүрэхийг завдсан уг хэргийн дараа хэвлэл мэдээллийн 11 сэтгүүлч, ажилтан хууль бусаар баривчлагдсан бөгөөд тэдний заримыг нь зодож, дээрэмджээ. Үүнийг Венесуэлийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл эсэргүүцэж мэдээлэл авах эрхийг зөрчсөн хүмүүст шийтгэл ногдуулахыг хүсч буйгаа твиттер хуудсаар дамжуулан илэрхийлжээ.
Харин ерөнхийлөгч Н.Мадуро энэ халдлагад сөрөг хүчнийхнийг болон Колумбын эрх баригчдыг буруутгасан юм. Харин Колумбын гадаад хэргийн яам энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.