Оскарын шагналт алдарт жүжигчин Леонардо Ди Каприо байгаль орчин, экологийн асуудалд онцгой анхаардаг уран бүтээлчдийн нэг. ”Титаник”-ийн од Allbirds компаний байгальд ээлтэй шинэ төрлийн спорт гутал үйлдвэрлэх ажилд хөрөнгө оруулах болжээ.
Тэрбээр хэлэхдээ “Allbirds байгальд ээлтэй түүхий эд боловсруулж гутлын үйлдвэрлэлд шинэ үе авчирч байгаад би баяртай байна. Шинэ бүтээгдэхүүн дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа экологийн доройтлын асуудлыг шийдэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэжээ.
2016 онд байгуулагдсан Allbirds компани нь Шинэ Зеландын хонины ноос, модноос гаргаж авсан утас, дахин боловсруулсан шил, цаасаар гутал үйлдвэрлэдэг. Чихрийн нишингээр хийсэн сүүлийн загварын пүүз нь гэхэд 35 ам.доллараар худалдаалж байгаа юм. Леонардо Ди Каприогийн тэргүүлдэг байгаль орчныг хамгаалах сан энэ жил Сейшелийн арал орчмын далайн ан амьтныг хамгаалах ажилд 1 сая ам.доллар хандивлажээ.2014 онд Лео онгон байгалийг хамгаалж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд 20 сая доллар зарцуулж байсан юм.