Харшил гэдэг нь хүний дархлааны системийн тэнцвэр алдагдаж, гадны нөлөөнд хэт мэдрэг болж, тэр үйл явц нь арьс болон бие мах бодод сөргөөр илрэх шинж юм. Үүнийг дэлхий нийтээр иргэншил, нийгэмшлийн өвчин гэж нэрлэж байна.
Зуны улиралд ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин ихэсдэг. Харшил дотроо олон янз. Бидний амьдарч байгаа орчин, ажил мэргэжлийн онцлог, идэж байгаа хоол хүнс зэргээс шалтгаалж харшил үүсэх хүчин зүйлүүдийн тоо маш их болсон. Тухайлбал шарилж ургамалын харшилтай хүн дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Заавал эмчийн зааврын дагуу эм бэлдмэл уух хэрэгтэй юм. Тиймээс харшил хөдлөх бүрт “Хлорфенамин” дур мэдэн уухгүй байхыг эмч нар анхаарууллаа.
Харшилтай хүний хамар битүүрэх, найтаах, хамраас шингэн нус гарах, нүднээс нулимс гарах, нүд загатнаж улайх, чихний дотор, хамар загатнах шинж тэмдгүүд илэрдэг. Мөн бие бялдар, сэтгэл санаа, нийгмийн харилцааны идэвхийг буруулдаг. Зарим өвчтөнд ургамлын харшлын үед ядрах, цухалдах, бачимдах, сэтгэл гутрал бий болох, анхаарал төвлөрөх болон оюуны ажил хийх чадвар нь буурдаг.
Дэлхийн хүн амын 20 хувь нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудлын нэг болоод байна гэж болно. Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хүрэгсдийн 5 хувь, хүүхдүүдийн 15 хувь нь өвчилсөн байна. Түүнчлэн 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид үзэж байгаа юм.
Нийслэл хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна. Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалтыг 2-3 жил дараалж хийлгэснээр харшилгүй болох боломжтой юм.