Улаанбаатар хотод 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус 434 нийт 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулжээ. Харин энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт нийт 114,252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа бол ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж.
Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл өнгөрсөн сарын сарын 25-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм. Бүртгэлийг Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явуулж байна. Уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулжээ. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудлууд олон байгаа.
Тухайлбал, хандив тусламж, хээл хахуулийн сүлжээнд орсон олон сургууль, цэцэрлэг байгаа, хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байгаа гэх мэт асуудлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан хурлын үеэр хэлж үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсэг нийслэлийн боловсролын байгууллагуудтай холбоотой тодорхойгүй бүх асуудлыг нээлттэй болгож, холбогдох байгууллагуудын төлөөлөл багтах аж.