Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж, 2015 онд Өвөрхангай аймгийнхан 330 сая төгрөгөөр энэ хаалгыг барьжээ.


 Аймаг бүр хаалгатай байх ёстой гэсэн бичигдээгүй хууль манай улсад үйлчилж буй мэт. Сүүлийн үед эл “хууль” аймгаас халиад, сум, тосгонд хүртэл хэрэгжих болов. Саяхан 80 жилийн ойгоо тэмдэглэсэн Булган аймаг “Анхдагчдын өлгий нутаг” нэртэй хаалганыхаа нээлтийг ёслол, төгөлдөр тэмдэглэн, улаан тууз хайчилж, дааганы уралдаан зохион байгуулаад амжсан. 280 сая төгрөгийн өртгөөр бүтсэн энэхүү хаалгыг тус аймгийн “Эвсэг сайхан” компанийнхан өөрсдийн хөрөнгөөр барьж, нутагтаа хандивлажээ.

Хэнтий аймаг руу орох замд “Их эзэн Чингис хааны өлгий нутаг” нэртэй хаалга байдаг. Үүнийг 2013 онд барьж, хүлээлгэн өгсөн. Нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэй 10-аад хүн тууз хайчилж, хаалгаа ёслол төгөлдөр хүлээн авчээ. Өртөг нь 190 сая төгрөг аж. Энэ мэтээр дурдаад байвал барагдахгүй.

Одоогоор Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Дорнод гэх мэт хаалга сүндэрлүүлээгүй аймаг гарын таван хуруунд багтахаар цөөн үлджээ. Үүний зэрэгцээ сумууд ч хаалгатай болох “уралдаан”-д эрчимтэй оролцож байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Сагсай сум 2013 онд хаалгаа босгосон бөгөөд тэр нь 25 сая төгрөгөөр бүтжээ. Мөн тус аймгийн Булган, Дэлүүн, Улаанхус сум, Цагааннуур тосгон ч хаалга барьсан байна. Үнэ ханшийг нь сонирхвол 9-25 сая төгрөгийн өртөгтэй аж. Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр эл бүтээн байгуулалтыг хийсэн байх юм.

Хамгийн үнэтэй хаалгыг аль аймаг, сум сүндэрлүүлснийг олж тогтоохоор нэлээд эрэл сурал боллоо. Бидний олж мэдсэнээр, хамгийн өндөр өртөгтэй хаалгыг Өвөрхангай аймгийнхан бүтээжээ. Үнэ нь 330 сая төгрөг. Тус аймгийнхан Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж хийсэн эл бүтээлдээ жаргалын найман морь сийлж, Өндөр гэгээний бүтээл “Соёмбо”-ыг дүрсэлжээ.

Уг нь аймгуудын хаалга тухайн аймгаа танилцуулах мэдээлэл агуулсан байх ёстой. Ядаж л гадаадын жуулчин ирэхэд зам заадаг зурагтай баймаар. Гэтэл хаанах гэдгийг нь “хэлж өгдөггүй” хаалга нэртэй арк хэлбэрийн хөшөө тэдэнд төдийлөн зам заахгүй болов уу. Улс даяараа санхүүгийн хямралтай хэмээн иргэдийнхээ халаасны хэдийг танаж хасан, гадаадын улс орнуудаас өр тавин амь зууж буй манай улсад “Хүндэтгэлийн” нэртэй шавар хаалга одоохондоо илүүдсэн зардал. Тэгээд ч дэлхийн өндөр хөгжилтэй улсын хотууд руу ороход ийм нүсэр байгууламж байдаггүй, ганц шон, төмөр самбар дээр бичсэн нэр л байх нь түгээмэл аж.

Гэтэл манай улсад сумууд 9-120 сая төгрөгөөр хаалга хийлгэдэг болжээ. Харин аймгуудын хаалга дунджаар 50-330 сая төгрөгийн өртөгтэй юм байна. Барих ажиллагаа нь ч нэлээд ярвигтай, шат дамжлага ихтэй гэнэ. Тухайлбал, аймаг, сумын олонх нь эхлээд хаалганыхаа зураг төслийг гаргах уралдаан зарлаж, ялагчид нь 1-2 сая төгрөгийн урамшуулал олгодог аж. Тэр зургийн дагуу хаалга барина.

Бид аймаг, сумууд хэдэн төгрөгийн өртгөөр хаалга барьсныг тус бүрээс нь асууж тодрууллаа. 10 аймаг, зургаан сум, нэг тосгоны хаалганы өртгийг нийлүүлэн тооцоход хоёр тэрбум гаруй төгрөг болов. Уг нь эл хөрөнгөөр аль нэг аймагт эмнэлэг, эсвэл сургууль, цэцэрлэг байгуулахад хангалттай хүрэлцэх байсан нь мэдээж. Харамсалтай нь, энэ хэмжээний мөнгө бүтээн байгуулалт болж чадалгүй, аль нэг аймаг, сумын үүдэнд хөшөө болон “царцсан” гэсэн үг юм. Үүний цаана бидний олж мэдээгүй, хэчнээн хаалга, хэдий хэмжээний хөрөнгө байгаа нь тодорхойгүй.

Цаашид ч баригдсаар байх бололтой. Жишээ нь, Өмнөговь аймаг хаалгатай болохоор энэ жил 400 сая төгрөг төсөвлөжээ. Дорноговь уг нь “Сайншанд сум” гэж аймгийнхаа төвөөр нэрлэсэн хаалгатай юм байна. Гэтэл заавал “Дорноговь аймаг” гэсэн нэр бүхий хаалга босгохоор зэхэж буй гэнэ. Энэ мэт хаалганууд ар араасаа сүндэрлэсээр 21 аймгийн 330 сум бүгд өөрсдийн хаалгаа бүтээхийг зорих нь.

Зарим хаалганы үнэ өртгийг хүргэе.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

2 thoughts on “Хоёр тэрбум төгрөг хөшөө болон “царцжээ””
  1. Энэ бол солиорол. Гэхдээ эндээс албан тцшаалтанууд мөнгө унагаадаг арга нь ил харагдаж байна. Хэнтий аймгийн 200саяын хаалга, Говь-алтайн 190 саяын хаалга, Баянөлгийн сумын 25 саяын хаалга, Өвбрхангайн сумын 30 саяын хаалгыг харахад л хаалгаар мөнгө хийдэг нь харагдаад байх юм.

  2. АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ АСУУЛГҮЙГЭЭР ДУР МЭДЭН ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ ХЭН ТЭДЭНД ӨГӨӨД БАЙНА ВЭ? ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ УУ. НЯМДОРЖ САЙД УУ. НАМ НЭРИЙН ДОР НУУГДСАН АЛИА САЛБАДАЙ НАР УУ. ХЭН Ч БАЙСАН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ШҮҮ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн