Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүй, Дотоод Хэргийн сайд С.Бямбацогт нар өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд хэвлэлийн бага хурал хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д холбогдсон талаар мэдээлсэн юм.
Мөн систем тойрог дотор автоматаар хэрэг хуваарилах, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлагатай болох, тухайн хэргийг гурван шатны шүүх цогцоор харах, мэдээ тайланг шуурхай гаргах зэрэг ач холбогдолтой.
“ШҮҮХ ШҮҮГЧИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРЧ АЖИЛЛАХ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ БАЙГАА”
Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг “Шүүхийн дотоод үйл ажиллагаандаа зориулж нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Эрүүгийн хэргийн бүртгэлийн системд шүүх болон холбогдох байгууллагууд нэгдсэнээр шүүх шүүгчийн захиргааны ажил олон улсын түвшинд хүрч ажиллах эхлэл тавигдаж байгаа юм. Цаашлаад хэргийн холбогдогч өөрийн хавтаст хэрэгтэй танилцах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээлээ. Шүүх засаглал мэдээллийн нэгдсэн сантай болсон нь нэг хэргийг гурван шатны шүүх цогцоор харах, эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлагатай болох, мөн шүүх, хууль сахиулах байгууллагууд нэгдсэн системээс мэдээлэл авах солилцох зэрэг боломж бүрдэх юм.
С.БЯМБАЦОГТ: ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭГДЭХ ХҮРТЭЛХ ПРОЦЕССЫГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын үндсэн хуулинд зааснаар иргэн бүр шударга шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа нууц явагддаг. Харин шүүхэд шилжсэнээс хойшхи тухайн хэргийн шийдвэрлэгдэх хүртэлх процессыг иргэн бүрт нээлттэй явуулах боломж нээгдэж байна. Энэхүү эрхийг хэрэгжүүлэх хүрээнд эрүүгийн хэргийн мэдээллийн нэгдсэн системийг бий болгож байна.
Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтээс мөрдөн байцаалтанд шилжээд, прокуророос шүүхэд шилжинэ. Үүнээс хойш шүүхийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй явагдана. Иргэд өөрсдөө хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Иргэдийн дунд хэрэг шүүх явцад хэн нэгний нөлөөлөл орох вий гэсэн болгоомжлол байдаг.
Өмнө нь тухайн хэрэг дээр ажиллах шүүгчийг ерөнхий шүүгч томилдог байсан бол одоо эрүүгийн хэргийн нэгдсэн системээр шүүгч нарыг автоматаар томилно. Ингэснээр ил тод, нээлттэй, хөндлөнгийн нөлөөллөөс ангид шүүх тогтолцоо бүрдэх юм” гэлээ. Өмнө нь хууль зүйн байнгын хорооноос иргэдийн эрх зүйн үйлчилгээг сайжруулах чиглэлээр иргэний нэгдсэн систем, захиргааны нэгдсэн системийг ашиглалтанд оруулж байсан. Харин энэ удаад Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Шүүхийн Ерөнхий Зөвлөл хамтран хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системийг ашиглалтанд оруулж, Баянгол дүүргийн шүүх, Нийслэлийн болон Дээд шатны шүүхэд туршилтаар ажиллуулжээ.