Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Тиймээс жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
2018 оны наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут, Цагаантуруут, Таац, Түй, Байдраг, Богд, Буянт, Заг болон Орхон гол Бат-Өлзий сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-105 см нэмэгдэж, Чулуут, Цагаантуруут, Заг, Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 10-40 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 40-60 см даван хүчтэй үерлэж байна.
Дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтэс ээс онцгойлон анхаарууллаа.
НАЙМДУГААР САРЫН 3-7-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ