“Эсгий хот” хэмээх нэр хүртсэн “Өргөө” хот, монголын бурхан шашны анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын шав тавьсан “Алтан тэвшийн хөндий” –д буурай зассанаас хойш өдий хүрчээ. Нэгэн үе “Азийн цагаан дагина” гэж магтуулав. Бас нэгэнтээ Улаанбаатар болж, дараа нь Утаанбаатар гэж хочлуулав. Энэ нэрээрээ 21-р зуунтай золгож байх шиг. Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 70-аад хувь нь гэр хорооололд амьдарч байна гэх. Өөрөөр хэлбэл 30 гаруй мянган га талбайг гэр хороолол эзэлж байгаа. Олон уул өөд авирч гэр хороолол хаяагаа тэлж байхад орон сууцжуулаад бүгдийг нь тэнд нүүлгэж оруулаад хот утаагүй болчих юм шиг манай төр засгийн томчуул ярих. Үнэндээ ямарч хотын захаар борчуул нь амьдардаг дэлхийн жишиг. Тэр тусмаа орон сууцны байтугай оромжны мөнгөгүй ядуу бид тэр өндөр үнэтэй харш руу чинь яаж ч нүүж орохсон билээ. Уул нь орон сууцанд нь орчихмоор байдаг. Улс зээл өгөөд ч, мөнгө босгоод ч бага ч болов тохилог гэх тэр лүүгээ оруулж болно л доо. Харамсалтай нь улсынхаа баялаг, орд газар, ашигт малтмал, зэс алтаа харийнханд зүгээр шахуу өгч, авилга авсан этгээдүүдийн балгаар ард түмэн нь ядуу, улс өртэй, тэгээд гийгүүлэх юмаар маруухан байхад өндөр харш зүүдэлж хонох маань ч бүр өнгөрөөд байна. Дахин төлөвлөлт гэж бас сайхан чихэнд цэцэг ургуулж, хашаа хороог нь хуурч авчихаад өнөө хүртэл чирэгдүүлж байгаа барилгын компануудын балаг тэр ажлаа өөрсдөө зогсоогоод авлаа. Хайран 0,07 га газар, 1-2 өрөөгөөр солих газар мөн үү. 35х20 метр газрын талд л 15 давхар орон сууц барьчих газраа өгөөд сууж байх гэж дээ. Энэ бол хэрэг дээрээ барилгын хэдэн компануудыг дэмжсэн газрын луйвар шүү дээ. Тэрхүү хашаанд 2-3 айл амьдарч, аж ахуйгаа залгуулж байгаа. Хэрэвзээ дахин төлөвлөлтөөр хашаагаа өгнө гэвэл тэдний нэг нь л нүүд ороод, бусад нь уул өөд авирч шинэ гэр хороолол үүсгэнэ. Үүнийг хэн ч ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна. Дахин төлөвлөлтөөр хашааг нь, газрыг нь авч байгаа бол тэрхүү хашаанд байгаа бүх айлд орон сууц өгөх ёстой. Тэгээгүй цагт шинэ гэр хороолол, бүр ч цахилгаангүй газар лаатай, түүхий нүүрсэн түлштэй гэр хороолол үүсэх нь дамжиггүй. Гэтэл гэр хороолол гэдэг маань юусан билээ. Нөгөө л эсгий хот. Тохижилт гэж байхгүй, шороон дотроо.
Цөөхөн жимсний мод тарьчихаад түүнээсээ жимсээ түүсэн шүү амьдраад байх сэтгэл, боловсрол, ажил байхгүй. Өөрөөсөө холтгоод газрын мухарт жорлонгоо барьчихаад тийшээгээ сажлах нь “талын гурван айл” шиг. Шороон дотроо ач зээгээ “өсгөж” байгаа тэдэнд ногоон байгууламж, мод ургамал гэх сэтгэлгээ бүр ч байхгүй. Саяхан Улаанбаатар хотын Тохижилт ногоон байгууламжийн зөвлөлгөөн боллоо. Түүнд Нийслэлийн иргэдийн хурлын дарга С.Амарсайхан, хотын мер Су.Батбол, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар оролцогсдод хандаж үг хэлсэн. Хотын мер юу гэж хэлсэн гэж. Манай гэр хорооллын айл өрхүүд маргааш нүүх гэж байгаа нүүдэлчин шиг хоноцын сэтгэлгээгээр хандаж байна гэсэн. Түүн шиг үнэн үг хаана байна. Би бүр түүнийг өглөө нь ачаалах гэж буй жинчин шиг л гэж хэлэх гээд байгаа. Энэ их талбайг эзэлж байгаа гэр хорооллыг ойжуулснаар ямархан үр дүнд хүрч болох талаар судалгаа хийжээ. . Улаанбаатарын гэр хорооллын 216 мянган хашаа бүрт 3 үхрийн нүд+ 3 чацарганы + 3 монос буюу гоёл чимэглэлийн мод+ 1 шилмүүст мод гэсэн хослолоор тооцож нийт гэр хорооллын бүх хашааг ногооруулах юм бол хотын мод сөөгний тоо 2,16 саяар нэмэгдэж, ногооруулсан талбайн хэмжээ 2808 га-гаар өргөжинө. Фотосинтез явагдах ногоон гадаргууг үхэрийн нүдний модоор жишээлэхэд 28080 га-р нэмэгдэнэ. Хашаа бүрт ургаж буй 10 ширхэг мод сөөг дунджаар жилдээ 12528 тн нүүрсхүчлийг шингээж, 208440 кг хүчилтөрөгч гаргах боломжтой юм. Мөн гэр хорооллын тоос шороо 16 хувиар багасч агаарыг цэвэршүүлэх шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэж чадна гэжээ.
Дээрх тооцоо судалгаа, хэмжилтийн дүн нь хотын гэр хорооллыг иргэдийн өөрсдийн оролцоотойгоор бүрэн ойжуулж болох эдийн засгийн болоод материаллаг нөөц байгааг харуулж байгаа төдийгүй, маш богино хугацаанд хотын агаарын чанар, экологийн нөхцлийг сайжруулах бүрэн бололцоо байна. Мөн гэр хороололд амьдрагсад орчноо тохижуулсан ойжуулснаар өөрсдийн амьдрах орчин сайжрахаас гадна хашааны үнэ өсөж, амьдралын чадамж дээшилж, ядуурал буурах, ингэснээр хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нэг талын бололцоо бүрдэх юм. Энэ ажлыг хэн хийх ёстой билээ. Хороодын дарга нар нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулаад, нэгтгэж, судлаад, шаардагдах суулгац, материалыг нь олж өгөхөд туслах ёстой. Гэтэл улс төржсөн, албан тушаал горилсон, ёстой л цүнх сугавчилсан нөхөд байгаа болохоор энэ ажил хол явахгүй байна. Олон жилийн өмнө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун их хуралд сонгогдох гэж Баянзүрх дүүргийн 18 хороонд тус бүрд нь 1000 хайлас мод өгч, сүржин үзүүлэх сургууль зохион байгуулж, танай хашааг ингээд сайхан болгоод өгнө гэж ханцуй шамалснаа, дараа нь мод авсан эзэндээ мөнгийг нь ч өгөлгүй зугатан алга болж билээ. Мод тарих ажлаа үргэлжлүүлэн хашаа бүрийг ногоон болгочихсон бол Их хуралд хэдэнтэй сонгогдох сайхан боломжоо алдсанаас гадна 2016 оны УИХ-ын сонгуульд нэг дуучин хархүүд далаараа тавиулсан. Иргэдийн төлөөнөө юм хийхгүй бол ийм болдогийн наад захын жишээ энэ.
Харин Б.Төмөрчулууны өөрийн нь бичсэн “Сэргэн мандалт” гэдэг жижиг номонд “Монголын хог нь хүртэл сэргэлэн” гэсэн нэг мөр миний санаанд үлдэж, мань хүн түүн шигээ сэргэлэнтээд өнгөрсөн юм. Зүй нь хотоос хөрөнгө оруулалт хийж байж л явах ажил л даа. Хашаа бүрийг модтой болгох хөдөлгөөн өрнүүлж, хашаандаа мод тарьсан айлыг урамшуулах журам гарган мянга гаруй айл тэр хэдэн жил урамшуулалд хамрагдаж байсан санагдана. Бас Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн шугамаар олон зуун айлд жимсний мод тарьж өгөх ажил өрнөж хашааг нь өөд татах гэж оролдсон. Харамсалтай нь тэр их модноос хэдийг нь өөрсдөө арчилж ургуулсан билээ. Бүр адраад манай хашаанд мод тарих зай байхгүй гэж хүртэл эсэргүйцэж, нохойгоо сул тавьж айлгаж байсан айл хүртэл байсан билээ. Ийм л модонд дургүй гэр хорооллынхон байхад хотын утаа, униар битгий хэл өвчин тахал гарахад байг гэх газаргүй. Нэг хашаанд наад зах нь Чацарганын 10 бут байхад тэр айл жилд 70-100 кг жимс хураан авах боломжтой бөгөөд өнөөдөр тэгж хашаанаасаа жимс хураан авч буй айл хэд билээ. Жаахан л зүтгэл гаргачихвал болоо. Дээр нь жимсний мод, суулгацын үнэ харьцангуй хямдхан байгаа. Ердөө л 1,5-5,0 мянган төгрөгийн хооронд байна шүү дээ. Харамсалтай нь хашаагаа тэгж өөд татах сэтгэлгээ маш муу, маргааш л ачаалаад нүүх гэж буй жинчний сэтгэлгээгээр хандаж байгаатай холбоотой. Дээр нь нэмж хэлэхэд хашааг үнэ оруулдаг юм бол ногоон ургамал, ой мод, жимс жимсгэний талбай. Солонгост нэг нөхөр эдлэнгээ зарсан гэнэ. Тэгсэн тэнд байсан хаус, барилга байгууламж нь нийт үнэнийхээ 25 хувь, бусад нь мод, сөөг, жимсний талбайн үнэ байсан гээд бод доо. Хаана ч тэр ногоон байгууламжтай эдлэн ямархан их үнэ цэнэтэйг соёлт хүн төрөхлхтөн мэднэ. Тэгэхээр эдлэн газартаа эзэн болж, гараа хөдөлгөж, хөлс шингээж чадвал ад үзэгдээд байх хаяа зах бишсэн билээ. Гэр хорооллоо гэж…
3 comments
Хашааны айлууд битий хэл байрны айлууд орц, байрны орчмын газраа тохижуулахгүй байна аа. Нэг орцонд олон айл байдаг. Гарах хаалганаас цаашхи нь хүний гэж бодоод байх юм. Сайхан мод зүлэг тариад орох гарах гарцаа чөлөөлөөд гоё болгож болно доо. Орцноос нь үмхий үнэртсэн, будаг шавар нь халцарсан, орцны плита нь хагарсан аль эртний үеийн шавар шалтай. СӨХ нь хаяадаа /тэр нь 5-10 жилд/ халтайлгаад будсан нэр зүүх юм.
Ger horoololiihniig bainga gazart oruulna gedeg uchraas humuus setgej amidrah gecuu dee
Ямар гоё онож хэлэв ээ ккк, би ч гэсэн нүүдэлчдийн яг тийм нэгхэн хэсэг нь кккк