-Харшил үүсгэдэггүй, вирусын эсрэг Монголдоо гар аргаар үйлдвэрлэсэн “Сайн” саванг эмнэлгүүд голдуу авч байна-
Малын хаягдал өөх, тосоор юу хийж болдог вэ…Саван хийж болдог. Тэрхүү савангаа цэвэрлэгээ, ариутгалын бодисыг орлуулан ашиглаж болно. Үүнийг та мэдэх байх. Тэгвэл малын өөх тос, шөлөн тос, эфирийн тос, ургамлын тос зэргийг ашиглаж, саванг гар аргаар үйлдвэрлээд эхэлжээ. Энэ талаар “Дорнод импекс” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяртай ярилцсанаа хүргэж байна.
-Малын өөх тосыг ашиглан эдийн саван хийж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Манай “Сайн” савангийн гол түүхий эд бол малын өөх тос. Мөн шөлөн тос, эфирийн тос, ургамлын тос зэргийг ашиглаж, савангаа гар аргаар үйлдвэрлэж байна.
Эдийн саван гэж нэрлэгддэг барааны хувьд манай улс 90 хувийг нь гаднаас импортлон авдаг учраас зах зээлийн хувьд гаднаас шууд хамааралтай байдаг. Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн нь үнийн хувьд харьцангуй бага мэт боловч хүн болгоны хэрэглээ байдаг учраас нэлээд том зах зээл болдог. Эдийн савангийн хэрэглээ ч Монгол улсад жил бүр өсөж байгаа боловч түүнийг тууштай үйлдвэрлэсэн компани дотоодод байхгүй байна. Иймээс манай компани энэ төрлийн бизнесийг эхлүүлээд байна.
-Гол түүхий эд нь малын өөх тос гэсэн. Олдоц хэр байдаг вэ?
-“Мал, хэл, хил гуравтайгаа байхад Монгол баян” гэдэг шүү дээ. Манай улсад жилд дунджаа бүр 50-60 сая мал тоологддог. Үүнээс 7 сая гаруй мал нядалгаанд явж, идэш болдогоос 20-30 мянган тонн тос, өөх гардаг гэсэн судалгаа бий. Гэтэл тэрхүү өөх, тосыг хэрэгцээгүй зүйлд тооцож хаях нь бас их байдаг юм байна. Тэгэхээр гол түүхий эд маань олдоц ихтэй. Зарим байгууллага хувь хүмүүсээс гэрээний үндсэн дээр өөх тос худалдан авч гол түүхий эдээ бүрдүүлж байна.
Мөн зөвхөн малын өөх тосоор савангаа хийдэггүй. Эфирийн тос, ургамлын тос зэргийг ашиглана. Эдгээр тос өөрөө саван болоод хувирчихгүй. Саван болгохын тулд саармагжуулах бодис хэрэглэдэг. Үүнийгээ ч дотоодоосоо авдаг. Зарим иргэд өөрсдөө манайд хандаж, хэрэглэхгүй өөхөө өгөөд оронд нь саван авах нь нэмэгдэж байна.
Худалдаанд гаргасан “Сайн” саван
-Тэгэхээр манай улсад гаднаас импортоор орж ирж байгаа тэр олон савангаас танай саван юугаараа ялгаатай, давуу талтай вэ?
-Нэгт, бүх түүхий эд дотоодынх гэж өмнө ярьсан. Тэгсэн мөртлөө үнийн хувьд хямд. Хоёрт, ямар ч химийн будаг, үнэртүүлэгч, элдэв элемент байхгүй. Гуравт, хир буртгийг маш сайн арилгадаг. Дөрөвт, элдэв элемент агуулаагүй учир ямар ч харшил үүсгэдэггүй. Тавт, саван маань өөрөө тос өөхнөөс бүтсэн болохоор тосыг маш сайн задалж өгдөг. Давуу талыг дурьдаад байвал олон талаас нь хэлж болох байх.
-Айл өрхүүд төрөл бүрийн угаалгын бодисыг түлхүү хэрэглэдэг. Гэтэл энэ бүхнийг ганцхан барааны саван орлох боломжтой байдаг. Таны хувьд?
– Айл бүрт түмэн төрлийн угаалга цэвэрлэгээний бодис өрөөстэй байдаг. Аяга тавагны, хана туурганы, шил тольны, ванн тосгуурны, суултуурын, шалны, даавуун эдлэлийн, ноосон эдлэлийн гээд угааж болдог гадаргуу болгонд зориулагдсан гэх бүхий л бодисыг худалдан авч ванны өрөөгөө чимдэг болжээ. Гэтэл энэ бүх бодисыг бараг бүгдийг нь барааны саван ганцаараа орлож чадна. Барааны саван хамгийн гол нь эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй цорын ганц угаалгын бодис. Барааны саван шиг аюулгүй, ямар ч хоргүй үнэнч нөхөр цэвэрлэгээний бодис дотор байхгүй. Барааны саванг угаалгын өрөө, гал тогооны өрөөндөө хүндэтгэлтэйгээр буцааж залвал зохино. Ингэж хэрэглэснээр та мөнгөө хэмнээд зогсохгүй, эрүүл мэндээ хамгаалах болно гэдгийг хэлмээр байна. Тухайлбал, Барааны саван натурал бүтээгдэхүүн учраас харшил өгдөггүй онцлогтой. Хүүхдийн даавуу, хувцас зэргийг барааны савангаар угаадаг. Жижиг сажиг зүйл, ширээний алчуур, тоосны алчуурыг ч угаахад барааны саван шиг тохиромжтой зүйл байхгүй. Мөн аяга таваг угаагч шингэн саван хичнээн их усаар зайлаад ч аяга тавагнаас бүрэн салдаггүй бөгөөд хоол ундтай хамт бидний биед орж эрүүл мэндэд маань багагүй хохирол учруулдаг нь батлагдаад байгаа. Харин барааны саван аяга таваг сав суулгын угаалгын бодисыг орлож чадах ба тавган дээр үлдэхгүй усаар бүрэн зайлагддаг гээд давуу тал ач холбогдол их шүү.
https://www.youtube.com/watch?v=lPCwmEP-Ys8
“Сайн” савангийн хувьд ямар ч хоргүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн. Түүний гол бүрдүүлэгч нь тосон хүчлүүдийн натрийн давснууд бөгөөд элдэв будаг, үнэр оруулагч зэргийн химийн бодис байдаггүй. “Оригоороо” байгаа барааны саванг сонговол дээр. Барааны савангийн шүлтлэг ph нь 11 – 12 байдаг учраас угааж цэвэрлэх чадвар сайтай байдаг. Угаалгын нунтаг угааж чадахгүй толбыг барааны саван арилгаж чаддаг. Тосон хүчлийн агууламж ихтэй учраас /72% хүртэл/ маш сайн хөөсөрдөг, энэ нь хүйтэн усанд ч угаах боломжтой болгодог юм. Барааны саван ноосон даавуун болон ноосон эдлэлийг хөвсгөр зөөлөн болгоно.
-Тэгэхээр та өмнө нь савангаа гар аргаар хийдэг гэж байсан. Гар аргаар хийхэд маш их хөдөлмөр , цаг хугацаа ордог байх?
-Тэгэлгүй яахав. Манайх савангаа гар аргаар хүйтэн технологиор үйлдвэрлэдэг. Одоогоор цөөн ажилчинтай. Өдөрт 500 саван хийж, нэг ширхэгийг нь зах зээл дээр 650 төгрөгөөр худалдаалж байна. Өдөрт хийсэн 500 савангаа хэрэглэгчдийн гар дээр хүргэхийн тулд бүтэн сар буюу 30 хоног хатаалтад байлгадаг. Тэгэхдээ ямар нэгэн сэнс ашиглахгүй, вакум орчинд бус тасалгааны темпертурт хатаадаг гэсэн үг. Ингэж хатаахыг хүйтэн арга гэдэг. Ер нь хүйтэн аргаар саван хийх нь их нарийн ажлаас гадна маш их цаг хугацаа шаардагддаг эко арга гэж болно. Тиймээс ч хөдөлмөр, цаг хугацаа их ордог.
-Хэрэглэгчийн хувиар нэг зүйлийг тодруулж асуумаар байна. Гадуур худалдаалагдаж байгаа эдийн савангууд гоо сайхны саван шиг төрөл бүрийн өнгөтэй байдаггүй ч цагаан, шар, бор өнгөтэй байх нь элбэг. Энэ өнгө чанарт нөлөөлдөг үү. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?
-Нэг тосондоо л боов боорцог олон удаа хайраад байхаар тухайн тос ямар өнгө үнэртэй болдог билээ дээ, та бүгд мэднэ шүү дээ. Хүрэн бор өнгөтэй болж, дахин дахин ашиглах тусам эрүүл ахуйн шаардлага хангахаа байдаг. Түүн шиг бор бус аль болох цагаан, өнгөгүй саванг ашиглах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна даа.
Саванг хатаах үйл явц
-Манайхан хөл гараа бага зэрэг түлчихвэл барааны саван түрхдэг. Ингэж түрхэхийг эмч нар ч зөвлөдөг. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Эмнэлэгийн орчинд барааны саванд маш хүндэтгэлтэйгээр ханддаг хэвээр байгаад талархалтай явдаг. Төрөх эмнэлгүүдэд ч ариутгал халдваргүйжүүлэлтийн зорилгоор цэвэрлэгээг барааны савангаар хийдэг. Гэр оронд ч ариутгалыг барааны савангаас илүү сайн хийх бодис байхгүй хэмээн эмч нар зөвлөдөг. Дээр үед бол барааны саванг мэс заслын бээлий болгон хэрэглэдэг байсан түүхтэй. Гараа савандаад хатаасны дараа мэс засал хийхэд халдвар авах магадлал эрс буурдаг байсан байгаа юм.
Арьсан дээр үүссэн жижиг шархыг барааны савангаар савандан угаахад хурдан эдгэдэг. Барааны саван мөн вирусын эсрэг сайн үйлчилдэг, тиймээс хамрын ханиаднаас хамгаалах болон эмчлэх зорилгоор барааны савангийн уусмалд хөвөн дүрээд хамрынхаа дотор талыг арчвал нэн тустай. Иймээс эдийн савангийн ач тус их л дээ. Гэхдээ цэвэр “ориг” барааны саван л энэ үүргээ “сайн” гүйцэтгэж чадна гэдгийг анхаарах хэрэгтэй дээ.
Үүнээс гадна шүдний сойзоо ариун байлгаж, нян үржихээс хамгаалъя гэвэл хэрэглэснийхээ дараа барааны саванд үрж хөөсрүүлээд орхих хэрэгтэй. Хөлийн өсгийний арьс хагаран шархлахад барааны саван л бас тус болно. 2 литр халуун усанд 1 цайны халбага сод, 1 амны халбага барааны савангийн үртэс хийж уусгаад хөлөө дүрвэл түргэн эдгэнэ. Тэгэхээр “Сайн” эдийн саван бол энэ бүх үүргээ гүйцэтгэж чадна гэсэн үг.Мөн Монголын чанар стандартад нийцсэн гэдгийг хэлмээр байна.
-Сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа, танд. Манайхан нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ түлхүү дэмждэг болсон. “Сайн” саван хаагуур худалдаалагдаж байна вэ?
-“Нарантуул” олон улсын худалдааны төвүүд болон бусад худалдааны төв захуудаар худалдаалагдаж байгаа. Нэг хэрэглээд үзсэн хүн, дахин дахин авч байна гэсэн.
Мөн үйлдвэрээс шууд эмнэлгүүдэд нийлүүлэгдэж байна. Тухайлбал, III төрөх эмнэлэгт нийлүүлж байна. Учир нь ямар нэгэн харшил өгөхгүй, эх хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй учраас юун түрүүнд эмнэлгүүдэд захиалгаар өгч байна. Хэрэв үйлдвэрлэлээ өргөжүүлчихвэл худалдан борлуулах газрынхаа тоог нэмнэ. Бүр дотоодынхоо хэрэгцээнд нийлүүлэхээс гадна гадаадад экспортлох боломж бий гэж хараад байгаа.
-Тодруулбал?
-Бид Япон Улсын энэ чиглэлээр худалдаа эрхлэгчидтэй холбогдож үзсэн. Сонирхож байна. Үнэхээр хүйтэн аргаар савангаа үйлдвэрлэж байгаа бол “авъя” гэж байна.
Коммунизмын үед “Намуу цэцэг” гэдэг нэртэй саван үйлдвэрлэдэг байсан. Тэр саванг ч бас хүйтэн аргаар хийдэг, гол экспортлодог орон нь Япон байсан. Тиймээс бидэнд эх орныхоо нэрийг саванийн чаар олон улсад гаргах боломж бий.
Иймээс бид зах зээлээ хамгаалах, үнийн бодлогоо тодорхойлох, түүхий эдээ нөөцлөх зэрэг асуудлаар олон талын судлагаа хийгдсээр байгаа.
-Танайх зөвхөн эдийн саван үйлдвэрлэж байна уу?
-Тийм ээ. Гэхдээ цаашид эдийн савангаар тогтохгүй ариун цэврийн саван, угаалгын унтаг гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг уг саван дээрээ суурилж хийх боломж байна.
Саванг зөвхөн эдийн саван талаас бас харж боломгүй. Яагаад гэхээр, аливаа бүтээгдэхүүнийг хийхэд “хаягдал” гэж гардаг шүү дээ. Тэднийг нийлүүлж байгаад бид угаалгын нунтаг гаргаад өөрсдөө гэр орондоо хэрэглэдэг. Хувцсыг бол янзтай өнгө оруулдаг. Ямарч харшил үзүүлдэггүй гар, арьсыг бол маш толигор болгодог . Түүнээс болсон уу, нэг хүн утсаар яриад, “танай саванг гоо сайхны савангийн зориулалтаар ашиглаж байгаа. Ёстой сайхан саван үйлдвэрлэж байгаа юм байна” гэж урмын үг хайрлаж байсан. Мөн аяга угаагч гэж байдаг даа. Тэрний оронд хэрэглэхэд маш үр дүнтэй. Тэгэхээр хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжийг асуудал шийдэгдчихвэл илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах авах боломж байна. Энэ талын судалгаа, туршилтууд хийгдээд эхэлчихсэн байгаа.
-Үйлдвэрлэлээ хэзээнээс өргөжүүлэх вэ?
– Ирэх сараас жижигхэн механикжсан цехийг нэвтрүүлэхээр гэрээ хэлцэл хийгдээд явж байна. Хэрэв энэ ажил хэрэг болоод ирвэл ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж байна. Манай улсын хувьд ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлийг импортлогчид оролдог бөгөөд Сингапур, Малайз, Солонгос, Япон, Орос, Хятадад үйлдвэрлэгдсэн савангаар хэрэглээгээ хангаж байна. Эндээс дүнэлт хийн үзэхэд, манайд түүхий эд нь хангалттай байхад барааны савангаа гадаадаас импортоор /тэгээд бас их үнэтэй/аваад байх нь мөнгөний урсгалыг гадагш нь чиглүүлж байгаа нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдөө яаралтай хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.Дашрамд хэлэхэд, компаныхаа нэрээр хувьцаа гаргахаар төлөвлөж байна. Хийх ажил их байна аа.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Уянга
1 comment
нэрэндээ таарсан үнэхээр сайн саван шүү, манайх хайрцгаар нь дуудаад авчихдаг