Ардчилсан намын дотоод сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар намын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболд нар өнөөдөр (2017.04.03) хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ удаагийн сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг болон намын үүрийн 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлджээ. Санал хураалтад 152 800 гишүүн санал өгөх байсан ч ирц нь 78 хувьтай байсан аж.
Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнд 511 нэр дэвшигч бүртгүүлсэн боловч Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас дөрвөн нэр дэвшигчийг хасчээ. АН-ын Хяналтын ерөнхий хороо нь тодорхой хугацаатай шийтгэл оногдуулж, энэ шийтгэлийн хугацаа дуусаагүй байсан гэдэг үндэслэлээр Дорнодийн хоёр нэр дэвшигчийг хассан бол Дархан-Уул аймгийн нэг нэр дэвшигчийг мөн ижил шалтгаанаар хассан байна. Сэлэнгэ аймгаас хасагдсан нэр дэвшигч нь С.Баярцогт. АН-ын дүрмийн хороонд гомдол ирсэн тул түүнийг хассан гэж намын удирдлагууд тайлбарлаж байна.
Парламентад суудалтай улс төрийн намууд ирэх тавдугаар сарын 2-7-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах ёстой. Үүнээс өмнө АН их хурлаа хуралдуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ мөн л сунгаагаар тодруулна гэж тус намын удирдлагууд мэдээлэв.
АН-ын аймаг, нийслэлийн даргад өрсөлдөн сонгогдсон хүмүүсийн нэрсийг урьдчилсан байдлаар гаргажээ.