Сири улсын террористуудад барьцаалагдсан япон иргэн өөрийгөө Солонгос хүн байна гэж мэдэгджээ. Террористуудын өмнө суусан ази царайтай эрэгтэй ” Намайг Умул гэдэг, би Япон улсын иргэн солонгос хүн байна. Өнөөдөр 2018 оны долдугаар сарын 28-ны өдөр. Би маш хүнд хэцүү байдалд хоригдож байна. Энэ бол миний амийг аврах хамгийн сүүлийн боломж тул надад туслаач гэж гуйж байна” гэж японоор хэлж буй 20 секундын бичлэгийг интернэт орчинд байршуулжээ. Энэ талаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг 2015 оны зургадугаар сард Сирид ор сураггүй алга болсон Япон улсын иргэн, 44 настай Ясида Жупей байж магадгүй гэсэн байна. Ингэхдээ уг бичлэг өмнө нь хоёр удаа интернэтэд орж байсан бөгөөд тэр энэ удаа нэрээ өөрөөр хэлсэн төдийгүй солонгос хүн гэж танилцуулсан нь эргэлзээ төрүүлж байна гэдгийг мэдээлжээ.
Японы хоёр иргэн 2016 онд “Исламийн улс“ бүлэгт барьцаалагдаж амь насаа алдсан бөгөөд террористууд тухайн үед Японы засгийн газраас 200 сая доллар нэхэмжилж байсан юм. Тэгвэл сураггүй алга болсон Японы сэтгүүлч Ясида нь 2015 оны долдугаар сард Сирид сурвалжлага бэлтгэж яваад холбоо тасарч сураггүй алга болсон бөгөөд 2016 онд “Аль Кайда” бүлэглэлийнхэнд барьцаалагдсан тухай мэдээлэл цацагдаж байв.