УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.
-Хаврын чуулган өндөрлөөд сар ч болоогүй байхад дахин ээлжит бусаар хуралдах ёстой гэх яриа гараад эхэллээ. Таны хувьд өнгөрсөн хаврын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэх вэ. Хэлэлцэх ёстой асуудлуудаа хэчнээн хувийн гүйцэтгэлтэй эцэслэсэн бэ. Одоо дахин хуралдах шаардлага байгаа юм уу?
-Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх талаар одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байна. Хэрвээ ээлжит бусаар хуралдана гэвэл би очиход бэлэн. Ямар асуудлаар, хэдийгээр чуулганыг ээлжит бусаар хуралдуулах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс л мэдээлэл авч байна.
Хуралдуулахдаа тулбал энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэж таарах байх. Харин болж өндөрлөсөн хаврын чуулган нэлээд ачаалал ихтэй болсныг юуны өмнө дурдах хэрэгтэй болов уу. Оруулж ирсэн хуулиудаар нэлээд их мэтгэлцсэн. Ер нь аливаа хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн оролцоо хэр байна, тэр чинээгээр чамбайрдаг л даа. Эсрэгээрээ УИХ-ын гишүүд төдийлөн анхаарахгүй өнгөрч байвал “түүхий” хууль гарах магадлал өндөртэй байх шиг анзаарагддаг. Тэгэхээр болж өнгөрсөн ээлжит чуулган ачаалал ихтэй байж цөөнгүй хуулийг баталж гаргасан.
Ингээд бодохоор уг чуулган маш амжилттай буюу үр дүнтэй болсон гэж би дүгнэнэ. Нийгэм төдийгүй иргэд, залууст хэрэггэй олон хуулийн төслийг ба талж амжсан. Тухайлбал, нийгмийн бодлогын чиглэлээр Ахмадын тухай хууль, олон хүүхэдтэй ээжүүдийн ажилласан жилийг нэмэгдүүлэх талаар, мөн эрүүл мэндийн салбарт хэрэгтэй эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Өнгөрсөн хугацаанд хуулийн заалтад байсан алдааг засахын тулд нэлээд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг онцлох байна. Шийдээгүй хойш нь тавьсан асуудал байхгүй гэж хэлэх байна.
-Үндсэн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр дараалалд оруулсан ч амжсангүй. Энэ хуулийг яаралтай өөрчлөх шаардлага байгаа эсэхэд та ямар байр суурьтай байгаа вэ. Намрын чуулганы хугацаанд ээлжит бусаар юмуу тусгай горимоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гээд байгаа шүү дээ?
-Монгол Улс Үндсэн хуулиа батлаад 20 гаруй жил болчихлоо шүү дээ. Тиймээс энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Тэр дундаа алдарт “дордуулсан долоон өөрчлөлт” зэргийг бид эргэж харах ёстой. Анх Үндсэн хуулийг баталж байсан цаг үе, нийгмийн байдал өнөөдрөөс эрс ялгаатай байлаа шүү дээ. Цаг хугацаа ингэж өөрчлөгдсөн учраас зохицуулаад Үндсэн хуульдаа ч гэсэн өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай хүмүүсийн нэг нь би л дээ.
-Өөрчлөлтийг ямар байдпаар хийх ёстой вэ.Тухайлбал,төрийн гурван өндөрлөгийн эрх үүргийг тодорхой хэмжээгээр ялгаа заагтай болгох шаардлагатай гэж зарим хуульч үздэг шүү дээ. Энэ тухайд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Үүнтэй би санал нийлнэ. Тэр дундаа Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын үүргийг тус бүрт нь тодорхой болгож өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл хууль хүчний байгууллага гэхэд хэд хуваагдчихсан байгаа нь нууц биш шүү дээ. Хэдийгээр УИХ, Засгийн газар нь нэг намынх байлаа ч Төрийн тэргүүн нь өөр намынх байвал үл ойлголцол үүсч эхэлдэг. Төрийн өндөрлөгүүд нь нэг зүгт харж чаддаггүй тархай бутархай байдал үүсдэг.
Гэтэл үүний дунд хуулийн завхрал маш их гарч байгаа нь хэний ч нүдэнд ил байна шүү дээ. Тиймээс ард иргэд тэднээс, биднээс хариуцлагын тогтолцоог тодорхой болгож өгөхийг шаардаж байгаа нь зүй ёсных юм. Төрийн алба хашиж байгаа болон байсан хүмүүс олон нийтийн өмчийг шамшигдуулсан, улс орныг хохироосон асуудал олон гарсан. Үүнд арга хэмжээ аваач гэдгийг хэлж байгаа.
Ингэж иргэдийн хүсэлт шаардлага их ирж байгаа учраас УИХ, Засгийн газраас хариуцлага тооцъё гэдэг. Гэтэл хууль, шүүхийнхэн нь хэдэн хэсэг болчихсон, шийдвэр гаргаж, ажлаа хийж өгдөггүй. Энэ мэтээр л төрийн ажилд гацаа саад үүсдэг юм байна гэж ажиглаж сууна. Тиймээс л энэ бүгдийг цэгцлэх, цэгцэнд нь оруулах зайлшгүй шаардлага үүссэн нь харагдаад байгаа юм л даа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй хийх хэрэгтэй.
-Таны харж байгаагаар намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжих болов уу?
-Намрын чуулганаар оруулахад ямар нэгэн гацаа тээг байхгүй гэж харж байгаа. Учир нь, энэ хуулийн ажпын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалсан. Түүний хэлж байгаагаар одоо Ерөнхийлөгч, Засгийн газар, ҮАБЗ зэрэг зургаан газраас санал авах ажил л үлдсэн гэж байсан. Хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын гишүүдэд урьдчилсан байдлаар танилцуулаад саналаа авчихсан шүү дээ. Ингээд зохих газруудаас ирсэн саналыг авч нягтлаад шаардлагатай саналуудыг тусгах ажил л үлдсэн учраас нэг их цаг орохгүй болов уу гэж харж байгаа.
-Хэдийгээр хаврын чуулган завсарлаж, хаа сайгүй амралтын байдалтай байгаа ч улс төр бужигнаантай байна гэлцэх юм. Тэр тусмаа танай намынхан хоорондоо толхилцоод байна гэх мэдээлэл гараад байна. МАН-ын дотоод уур амьсгал хэр байна вэ?
-УИХ-аас гаргаж байгаа хуулиуд өнөөдөр нийгэмд бий болсон хариуцлага, ёс зүйгүй байдлыг цэгцлэх, цаашлаад жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэж гарах ёстой юм. Тийм учраас ард иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүйн тулд УИХ-ын гишүүд чуулганаар оруулж ирж байгаа хуульд ач холбогдол өгч, анхааралтай уншиж танилцаж байх хэрэгтэйг юуны өмнө хэлье.
Ингэж байж цаашид ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид аливаа болж бүтэхгүйг хуулиар тогтоон барихаас аргагүй байна. Харин манай намын дотоод асуудлыг хэт дөвийлгөж улс төр хийх хүн олон байгааг энд онцгойлон дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, аливаа хууль юмуу асуудлын хүрээн дэх мэтгэлцээнийг зөрчил гэж харж байгаа тал байна. Үнэндээ тийм зүйл болоогүй. Бүлэг хоёр хуваагдсан, намынхан толхилцсон зүйл байхгүй.
-Чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил амжуулж байна вэ?
-Чуулган завсарласан хугацааг ашиглаад эмнэлэг барих ажилд орчихсон байна. Есдүгээр сар гэхэд эхний барилгаа ашиглалтад өгч, тоног төхөөрөмжийг нь суурилуулах юм. Арван хэдэн жил бодож, төлөвлөж явсан зүйлээ ажил болгох гээд тун завгүй байна. Ажил болгочихвол олон түмэнд мөн ч их хэрэгтэй дээ гэж л бодож явна даа.
М.Өнөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин