Өглөө эрт М.Билэгт гишүүний барьж буй хавдрын эмнэлгийн барилгад бүр нэг зорьж очлоо. Зах зээлд шилжих үеэс хойш босгосон бүх үл хөдлөхүүдээ барьцаанд тавьж, хамаг л мөнгө хөрөнгөө ийш нь оруулж байгаа гэж ярьдаг хүн. “Дүү нь амралтаа авч, лагер дээрээ зэрлэг зулгаагч болсон” гэвэл “Харин эгч нь барилгачин болсоон” гээд инээж байна. Өглөө эрт яг талбай дээрээ ирчихсэн зогсож л байдаг юм байна.
Хүний хүсэл тэмүүлэл чин зүтгэл гэж сонин юм шүү. Бас юуг ч пармаалдахгүй, яг таг ухаан. Эмнэлгээ анх барьж эхлэхдээ гадаад яваад ирэх онгоцны зардлаараа иргэд дотооддоо оношлуулдаг. Цаашлаад эмчлүүлдэг байхаар тооцож, Япончуудад хандсан байгаа юм. Өнөөдүүл нь яг таг хүмүүс учир яг сайхан стандартаар нь хийж өгөх ажилд мэрийж, тусгай хэлтэс хүртэл байгуулан ажиллажээ.
Гэхдээ эмнэлэг барих ажил нь шулуун дардан явчихаагүй. Шүүгчид өөрсдийн амьдардаг байрны салхин талд эмнэлэг баригдах гэж байна гэж баахан шүүхэдсэн. Энэ хооронд зээлийн тооцоолуур гүйж, Япончууд ч залхах шинжиндээ орсон гэдэг. Энэ дунд нэг хүн хар эрчээрээ зүтгэсэн нь М.Билэгт гишүүн байж.
Тэгээд яг стандартынх нь дагуу бариулах ажилд нь анхаарч, ирэх аравдугаар сард ашиглалтад өгөхөөр зүтгэж байгаа нь энэ. Эмнэлгийн барилга одоо дотоод агааржуулалт, хүчилтөрөгчийн хийн хоолой, техникийн нөхцөлд зориулсан шугам сүлжээгээ хийж байна. “Нэг том сав босголоо гээд асуудал шийдэгдэхгүй. Хамгийн чухал, юуг ч орхиж болохгүй ажлаа яг одоо л хийж байна” гэж ярив.
Өнгөрсөн жилүүдэд Ажаа гэгээнтэн, Аса аварга эмнэлэг барьж, барихаар ажиллаж байна. Ард түмэн ч үүнийг хөхүүлэн дэмжсэн билээ. Бүр үүнээс өмнө энэ эмнэлэг шаваа тавьсан. Гол нь, М.Билэгт энэ хугацаанд УИХ-ын гишүүн болсонд л асуудал гарч, элдэв сөрөг мэдээллүүд гардаг гэж харж болохоор.Түүнээс биш эмнэлэг нь ард түмэн болоод төр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй нь үнэн юм.
Сүүлийн үед М.Билэгт гишүүний эмнэлгийг төрд авна, авахгүй гэж яригдаж буй. Хар ухаанаар бодоход ч тэр, нэгэнт босгоод ирсэн олон улсын стандарт нийцсэн энэ хавдрын эмнэлэг ашгаа өгч л таараа. Бүр урт удаан хугацаандаа шүү. Гэхдээ төрд авснаар иргэд төрийн үйлчилгээгээр дамжуулан,ИЛҮҮ ХЯМДААР үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Ялгаа нь ерөөсөө л ийм. Харин М.Билэгт гишүүний хувьд гэрлийн хурдаар өсч буй хавдрын өвчлөлийн өмнө “Би эмнэлгээ төрд өгөхгүй” гэж хэлэх ам бас байхгүй билээ.
Учир нь анхнаасаа л эргэн тойрны хүмүүс нь хавдраар өвчилж, ийм байдлыг харж сэтгэл нь эмзэглэхдээ эмнэлэг барих нүргээнт ажлаа эхлүүлсэн хүн. Бас нэг зүйл нэмж хэлэхэд, Хавдрын эмнэлгийг тойрсон газруудыг хүмүүс эмнэлэг барих зориулалтаар авсан мөртлөө бүгд орон сууц барих ААН-үүдэд зарсан. Эдгээрээс ганцаар торойж, сайхан муухайгаараа хэлүүлэн, мичийтэл зүтгэж, эмнэлэг барьж байгаа нь ганц М.Билэгт гишүүн билээ.
Төрд авлаа ч, эс авлаа ч энэ барилга Монголд яалт ч үгүй хэрэгтэй юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Чин зүтгэлтэй, хөдөлмөрч олон сайхан эмэгтэйчүүд бас мандтугай.
Ж.Мядагбадам