Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”-ийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын тогтмол орлоготой болгох зорилгоор хот суурин газраас хөдөө орон нутагт шилжин суурьшиж, олон малтай малчныд гэрээгээр ажиллах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Нийслэл болон орон нутгийн төв суурин газраас гэр бүлээрээ суманд очиж гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй залуучууд, нөгөө талд хөдөө олон малтай ч ам бүл цөөтэй, гэрээгээр малчин ажиллуулах хүсэлтэй малчдын судалгааг орон нутаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан наймдугаар сарын 1-нээс хийх аж.
Хөтөлбөрийн хүрээнд өөрийн хүсэлтээр гэр бүлээрээ мал маллахаар орон нутгийг зорих иргэдийн нүүдлийн зардал, гэрээгээр ажиллахдаа нийгмийн даатгал төлбөл түүнийх нь 50 хувийг, ажил олгож буй малчин нийгмийн даатгал төлдөг бол түүний 50 хувийг тус тус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох юм байна.
Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгаагаар ажилгүй иргэд:
- Баруун бүсэд – 21,826
- Хангайн бүсэд – 29,028
- Төвийн бүсэд 19,856
- Улаанбаатар хотод – 46,418 байгаа бол 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар албан бус хөдөлмөр эрхлэгчид 223,200 байгаа бөгөөд үүнээс 75.4 хувь нь хот суурин газарт амьдарч байна.