Р.ЧУЛУУН (Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)
ҮРГЭЛЖ САНАГДАХ БУРХАН ИЖИЙ
Хүмүүн заяанд төрсөн хэн бүхэн эрхмийн эрхэм ижийгээ байнга санан дурсаж, үл мартагдах түмэн учралыг эргэн санасаар аж төрдөг нь дамжиггүй ээ. Жил жилийн Улсын баяр наадмаар ч ээжийгээ бодож санаашрах юм даа. Ээж минь сумын наадмыг төдийлөн олон үзээгүй байх аа. Миний хувьд хурдан морь унахаас чөлөөлөгдөх насандаа, анх удаа Говь-Алтай аймгийн Дарви сумынхаа наадмыг ээжтэй цугтаа үзсэн сэн. Б.Гонгор аажаагийн хүрэн морийг унаж уралдаад барианы ард ирэхэд ээж минь “Миний хүү ядрав уу” гээд цийдэм залгилуулж байсныг санаж байна. Ээжтэйгээ үзсэн миний анхны, сүүлчийн наадам тэр болой. Аав минь багад “Миний зэнтгэр хүү хүнд ястай. Чиний унасан морь гавьтай давхихгүй” гэдэг сэн. Ийм учрал тохиолдлоор эрхмийн эрхэм ээж, аавыгаа наадмын өдөр ч санан суух юм даа, би.
ЦАЙГАА ЧАНАХ БАЙЖ…
Хүү нь ээжийгээ дурсахдаа эх болгон хүүгээ, ер нь үр хүүхдээ санасаар байдгийг нэгэн баримтаар бас илэрхийлье. Архангай аймгийн Багшийн сургуульд сурч байсан үе. Нэгдүгээр ангиа төгсөх хавар талын аргаар тоосго үйлдвэрлэж, хичээлийн шинэ байр барина гээд журналын дүнгээр шалгалтгүй анги дэвших боломжтой хэсэг хүүхдийг ажилд дайчлан “барилгачин” болгоход би багтсан тул наадам өнгөртөл ажиллаад нутгаа зорилоо. Сумын төвөөс Чандага ахын алаг гүүг унаад Их Өлзийтөд зусаж буй гэр өөдөө зүтгүүлэв.
Үдийн саалийн үеэр л гэрийн бараа харлаа. Ээж, аав, эгч, дүү нар болон хот айлынхантайгаа золгоод гэртээ ороход ээж минь “Цайгаа чанах байж. Ажу хөгшин мөн лут мэдэх юм даа” хэмээн аргал зэрэглэн цайгаа чанасан сан.
“Хотын болон холын оюутнууд хавар ирээд түрүүч нь буцахад туллаа, Ажу та нэг сайн мэргэлээд өгөөч, хүү сайн явна уу, ирэх дөхөж байна уу” гээд үдийн хонь хотлохоос өмнө зоос гүйлгүүлжээ. Хөгшин хэд шажигнуулснаа “Нүүр нь улалзаад ирж явна. Гэртээ ороод цайгаа чанаж бай” гэхэд сэтгэл нь амарч, баярласан ч цайгаа чаналгүй саалинд гарснаа ярин баясаж суусан сан. Хүүхэд залуус минь, бурхан ээжийгээ удаан хүлээлгэлгүй, ойрхон очиж байгаарай. Ядаж утсаар ярьж, сэтгэлийг нь амрааж яваарай.
ХҮҮХНҮҮДИЙН БУРУУ БИШ ЭЭ
Хосоор аж төрөх хувь тавилантай хүүхнүүд аль болохоор эртхэн шиг эрийн нөмөрт багтаж, айлын галын бурхан болох мөрөөдөлтэй байдгийг би залуу насандаа нэг биш удаа мэдрээд үлдсэн билээ. Миний хувьд хөөрхөн, ганган хархүү биш, боргил нэгэн залуу явсан хэдий ч үе тэнгийн охид, бүсгүйд гологдолгүй, хайр сэтгэлийн сэдвээр ярилцаж, санал бодол солилцож явсан л байлгүй, гучин нас гарлаа. Тэгж танилцсан, дотносох дөхсөн танилууд минь тэгсхийгээд зайгаа барьж, өөрийгөө бодсон нь тэдний зөв байжээ.
Би хүүхнүүдийг яагаад үргээснээ товчхон өгүүллээ. Ээж минь ужиг хүнд өвчнөөр өвчилсөн тул эгч бид хоёр ээлжлэн сахиж, 100 гаруй хоносон хувь тохиолтой. Би Багшийн сургуульд сурч байсан тул өдөр хичээлдээ явсаар шөнө эмнэлэг дээр нь сахиж хононо. Эгч Бужиг өдөр сахиад, орой гэртээ харьж өглөө ирнэ.
Байнгын хэвтэрт орсон ээжийнхээ хоолойг нь дэвтээж, цайны халбагаар уруулыг нь чийглэж суухад “Аав чинь өндөр настай болсон. Чиний гурван дүүгийн хоёр нь бага байна. Эр хүн гэрлэхдээ оройтох нь гайгүй. Чи чадвал хоёр эмэгтэй дүүгээ хоолны захад хүртэл түшиг болоорой” хэмээн захисан юм. Захих ч юу байх вэ. Ээжийн гэрээслэл тэр. Дүү нар овоо л болж байна. Гэхдээ гэрлээд хар толгойгоо бодох болоогүй шүү, би. Дээрх өгүүлбэрүүдийг сонсоод намайг хүлээлгүй замаа бодсон танилууд хожмоо намайг хань бүлтэй болж, Даваатайгаа дэр нийлүүлэхэд надад баяр хүргэсэн тохиолдол ч бий. Харьцангуй орой гэрлээд би алдаагүй ээ. Ээж миний сайн сайхны төлөө амьсгалаа хураатлаа залбирсанд итгэсээр өдий хүрлээ. Тандаа итгэхгүй, өөр хэнд ч итгэх билээ.
ЭЭЖ ТАРНИ УНШИЖ, БУРХАНД ЗАЛБИРДАГ САН
Бурхан судар, шашин номоос би олон жил хол явсан толгой. Тэр битгий хэл, шашин бол хар тамхи гээд шалгалтаа давгүй давж явснаа нуугаад яах вэ. Бид тайж язгууртай, бурхан шашны өв сантайгаа мэддэг ч цагийн төрх ганц намайг битгий хэл олон хүнийг бурхангүйчүүдийн эгнээнд багтаагаад цөөнгүй оныг улираасан. Ардчилсан хувьсгал ялж, цагийн салхи эргэж, шүтэн бишрэх чөлөө тавигдаж, бурхны сургаал бүхий ном хэвлэл гарч эхлэхтэй зэрэгцээд бидний үеийнхний сэтгэлийн мухарт хадгалагдаж явсан бурханлаг цог гал болон сэргэсэн.
Чухам энэ л үед ээжийн уншиж, залбирсан тарниуд хоосон чанаргүй, хүч чадалтайг гадарлахтайгаа болж билээ. Тун саяхан “Тарни буюу мантра бол шидэт үг гэсэн утгатай. Шидэт үг хэрэг болно” хэмээсэн үгийг тэмдэглэлийн дэвтрээсээ эргэж уншаад гэрээ тойрон ээж минь жадамба, ногоон дара эх, шарав нямбуу судар тэврэн, мэддэг тарниудаа уянгалуулан уншсаар явсныг бас сэргээн санаж, ижийгээ бодлоо. Нас ахихын хэрээр бурхан шашинд сүсэглэх минь лавшраад орой унтах, өглөө сэрэх тоолондоо аав, ээждээ залбирсаар л явна. Ээж идэр залуудаа насан өөд болсны улмаас гэрэл зураг нь үр хүүхдүүддээ үлдээгүй ч гэгээн сайхан төрх нь сэтгэлд байнга оршдог оо.
Цагаан, ногоон дара эх бурхдыг ижий минь хэмээн залбирч, тарнийг нь өдөрт хэдэнтээ унших юм даа.
Тарни шидэт үг учраас ээжтэй минь өдөр болгон уулзуулдгаас үе үе зүүдэнд ирж баярлуулдаг нь сайхан.
Ээжийн бүүвэй нялхад минь шидэт тарни байсан шигээ өтөл насанд эхийн минь тухай гэгээн дурсамжууд содон тарни болсоор л байна. Миний ээж надад, бас хүүхдүүддээ дара эх мөнөөсөө мөн. Уншигч таны ээж ч дара эх ээ.
2018.07.16