Улаанбаатар хотод метро барьж байгуулах судалгааг хотын хөгжлийн бодлоготой уялдуулан дахин эхлүүлсэн гэдгийг Нийслэлийн тээврийн газраас мэдээлэв. Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагад тусгаснаар 2030 он гэхэд метро байгуулах эдийн засгийн бололцоотой гэсэн тооцоо хийжээ. Нийслэл хотод метро барьж байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардагдах аж. Хөрөнгийг манай улс дангаар гаргах боломж байхгүй учир гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, концессын гэрээ зэрэг арга замаар шийдэх юм байна. Метроны чиглэлийг Офицеруудын ордноос Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу Сонсголон хүртэл хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км газар доогуур барих бололцоотой гэж тодорхойлсон аж. Мөн хотын захын дүүргүүдийг гүүрэн буюу өргөтгөсөн замаар холбох төлөвлөгөөтэй байгаа аж.
Анх метро барих судалгааг Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжаар 2013-2014 онд хийж байжээ. Гарсан тайланг НИТХ-аар хэлэлцэн ҮАБЗ дээр дэмжин зөвлөмж гарч Японы засгийн газраас 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо албан ёсоор мэдэгдэж байсан боловч улс орны эдийн засгийн хүчин чадал, санхүүгийн боломжоос шалтгаалан зогсоод байсан юм.