Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх зам засварын төсөл”-ийн 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.07.23/ Сангийн яаманд боллоо.
Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар тус гэрээнд гарын үсэг зурав. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо. Азийн хөгжлийн банкнаас авч буй энэ зээл нийт 27 жилийн хугацаатай гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Тэрбээр “Энэхүү 60 сая ам.доллар нь 150 тэрбум төгрөг их мөнгө. АХБ-ны ердийн зээл гэсэн ангилалд багтаж байгаа юм. Эхний долоон жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин дараагийн 20 жилд үндсэн зээл дээр нэмэх нь 0.6 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлөөр уг замын өргөтгөл, шинэчлэлийн гэрээ байгуулж байна” гэсэн юм.
Улаанбаатар-Алтанбулаг буюу Дарханы замыг өргөтгөн шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна. Нийт 310 км замын ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлэхээр төлөвлөжээ.