Үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгийчүүдэд туслах нэрийдлээр ашиг хонжоо харсан хувь хүмүүс тухайн аймгийн иргэдэд туслах нэрийдлээр данс нээн, мөнгө залилж байгаа хэрэг гарч байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Иймээс аймгийн Засаг даргын тамгын газрынхан албан ёсны хандивын данс нээж, Монголын нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас гэр оронгүй болсон иргэдэд тусламж үзүүлэхийг хүссэн байна.
Энэ сарын 14-16-ны хооронд тус аймагт их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас үер бууж 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэн гамшигт нэрвэгдсэн. Урьдчилсан тооцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд дүгнээд буй. Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн болон бусад тусламж үзүүлсэн ч хохирлыг бүрэн барагдуулж хүрэхгүй байгаа аж.