Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Хуралдаанаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл “Үерийн гамшгийн улмаас улсын чанартай авто замд үүссэн тулгамдсан асуудлын талаар”, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин “Цаг агаарын төлөв байдлын талаарх мэдээлэл” зэрэг сэдвүүдээр тус тус танилцуулга хийсэн юм.
Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян “2018 оны 07 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, автозам, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 220 гаруй өрхийн 1560 орчим хүнийг аюулгүй газарт гаргаж, 180 гаруй өрхийн 670 орчим иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.1 км үерийн далан босгосон. Мөн Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 80 гаруй өрхийн 170 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, эм бэлдмэл тараагаад байна. Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр нийт 620 орчим хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэй ажиллаж байна” хэмээн танилцууллаа.
Мөн ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл “2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас 13 аймгийн нутагт дэвсгэрт хамаарах 29 байрлалд нийт 116 км урт аюто зам, замын байгууламжид ноцтой эвдрэл гэмтэл үүсээд байна. Эвдрэлийг сэргээн засварлах ажилд 14 зам хариуцагч байгууллагын 154 хүний бүрэлдэхүүнтэй, 62 машин, механизм ашиглан засварын ажлыг тухай бүр нь гүйцэтгэж байна. Урьдчилсан байдлаар 1,348 сая төгрөгийн хохирол учраад байгаа” хэмээн мэдээлсэн юм.
Харин ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, “Энэ сарын 20-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-22 нд нутгийн хойд хэсэг, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа” гэдэг мэдээллийг өглөө.
Мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм. Үүнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд, 2018 оны 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас улсын чанартай замд учирсан хохирлыг арилгахад шаардагдах хөрөнгийн зардлын тооцоог боловсруулан яаралтай шийдвэрлүүлэх, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж, гамшигт нэрвэгдэгсдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод, Үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулах, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригт, Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлээс ард иргэдийг сэрэмжлүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран тухай бүр зохион байгуулах, ЗХЖШТ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав нарт, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.
Улсын Онцгой комиссын хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.