МХЕГ-аас Төв аймгийн Борнуур сумын нутаг, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Борнуур сум хүртэлх замын Шавартайн 30 у/м төмөрбетон гүүр болон сумын төвийн авто зам, замын байгууламжийн ашиглалт, үүссэн нөхцөл байдалд хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдөр хийлээ.
Шавартайн 30 у/м төмөрбетон гүүрийн завсрын тулгуурын орчим үерийн усны хурд нэмэгдэж, гүүрийн суурийн угаагдалтын хэмжээнд нөлөөлж, тулгуур суултанд орж хазайсан, захын тулгуурын далан усанд урсаж, дамжих хавтан, хажуу хана хөндийрч, зорчих хэсэг суултанд орсон, сумын төвийн замын ус зайлуулах байгууламж болон замын зорчих хэсэг эвдэрсэн байгаа нь гүүрийн болон авто замын ашиглалтын байдалд сөргөөр нөлөөлж, авто тээврийн хэрэгсэл, зорчигчид хэвийн зорчих нөхцөл алдагдсан байна.
Иймд тус гүүр болон сумын төвийн замын ашиглалтын нөхцөл байдлыг хэвийн болгож, засварлах хүртэлх хугацаагаар хаах дүгнэлт, акт тогтоожээ.
Гүүрэнд болон сумын төвийн ус зайлуулах байгууламжид үүссэн суулт, эвдрэлийг эвдрэлийг засварлах хүртэл түр замыг байгуулах, эвдрэлийн шалтгааныг тогтоолгож, засвар, шинэчлэлтийн зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, засварын ажлыг ойрын хугацаанд гүйцэтгүүлэх шаардлагатай байгаа талаар орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудад нь мэдээлэл хүргүүлэв.
Түүнчлэн улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Урьхан орчмын замын эвдрэлийн байдалд үзлэг хийж, засварлах талаар хариуцагч байгууллагад заавар, зөвлөгөө өглөө.