Хэдхэн өдөр орсон борооны улмаас үер бууж, Улаанбаатарын авто замуудын чанарыг шалгав. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхээс Ганцхудаг руу өгсөх зам шалгалтад бүдэрлээ. Энэ сарын 17-нд орсон бороонд эвдэрч, хуулран машин явах аргагүй болжээ. Түүнчлэн уг замын ойролцоох 30 гаруй айл усанд автсан байв.
Өчигдөр газар дээр нь очиход замыг шороогоор дүүргэж, тэгшилсэн байлаа. Гурван уулын бэлчирт байрлах эл замын хоёр талд уг нь үерийн далан байжээ. Харамсалтай нь, хайнга нь дэндсэн иргэд далангийн гуу, жалга руу шороо асган, газартай тэгшилж, дээр нь гэр, байшингаа барьсан байна. Арваад жилийн өмнө ийм жишиг бий болсон бөгөөд өдий хүртэл 30 гаруй айл далан дээр суурьшчихаж. Хороо, дүүргийнхэн шаардлага тавихад “Бид Үндсэн хуулийнхаа дагуу хаана ч амьдрах эрхтэй, та нараар заалгахгүй” гэх мэтээр эсэргүүцдэг тухай мэргэжилтнүүд хэлсэн.
Замын ус зайлуулах байгууламжийг нь айлууд эзэлчихсэн тул энэ сарын 17-д 30-хан минут асгарсан аадар бороонд цохиулаад, 400 метр хэсэг нь эвдэрчээ. 2011-2012 онд барьж, ашиглалтад оруулсан эл замыг стандартын дагуу барьсан, эсэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодруулахад “Манай улсын авто замын 100 гаруй стандарт бий. Тухайн газрын онцлог, орчин нөхцөлөөс шалтгаалан өөр өөр байдаг. Ганцхудаг руу өгсөх зам стандартаараа долоон см зузаан байх ёстой. Энэ шаардлагыг хангаж байсан” хэмээсэн юм.
Шалгалтад бүдэрсэн дараагийн зам нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Геодези, усны барилга байгууламжийн гудамжинд бий.
Шинээр тавьж буй эл замыг бороо “идчихжээ”. Уулнаас буусан үер тус гудамжны хажуугийн ус зайлуулах хоолойгоор урсаж, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хойд далан руу цутгах ёстой аж. Гэтэл ус зайлуулах хоолойнууд дээр мод тавьж, цементээр хучаад, Машины эд анги засварын газар байгуулчихжээ. Очиж үзэхэд хучсан цемент нь цөмөрч, мод нь ил гарсан байв. Ус зайлуулах хоолойг боосны улмаас үер авто зам болон тухайн хэсэгт байсан нийтийн байрыг эзэлсэн аж. 310 метр урттай замыг хэдхэн хоногийн дараа ашиглалтад өгөхөөр байжээ.
Усанд автсан нийтийн байрны оршин суугчид ус зайлуулах хоолой дээр барьсан барилгыг нэн даруй буулгах шаардлагатай гэв. Тус нийтийн байрны оршин суугч н.Батаа “Бид энэ засварын газрыг эсэргүүцээд дийлдэггүй. Дүүргийнхээ ЗДТГ-т өргөдөл гаргасан ч “Бид дийлэхгүй юм билээ. Хэл амтай хүмүүс. Шүүх дээр очоод ч тэдний талд шийдвэр гардаг. Албадан нүүлгэх юм бол Зөрчлийн тухай хуулиар бид өөрсдөө хэрэгт орно” гэсэн. Манай байрны нэгдүгээр давхрын айлууд үерт автсан. Байраа хамгаалах гэж элсэн далан босгож үзсэн. Хажуугийн дэлгүүр усанд автчихдаг юм. Урсаж ирсэн устай дээд айлуудын жорлон буугаад ирдэг гэж болно. Энэ бол хамгийн том асуудал. Ариутгал хийх зайлшгүй шаардлагатай” хэмээв.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Авто замын хөгжлийн газар, Газрын албаны хамтарсан ажлын хэсгийнхэн өчигдөр дээрх хоёр газарт очиж, зөвшөөрөлгүй буусан аж ахуйн нэгж, айлуудад шаардах бичиг өгсөн ч иргэд эсэргүүцсээр буй аж. Улаанбаатарын хэмжээнд зөвхөн үерийн аманд буусан 2500 гаруй өрх бий. Тэд шаардлага тавьсан хэний ч өмнөөс давшилж, өөрсдийнхөө эрхийг хамгаалж, эсвэл зовлон тоочсоор өдий хүрчээ. Том толгойтой хэдэн хүн дураараа авирласны гороор татвар төлөгчдийн мөнгийг хэзээ болтол үерт урсгах вэ?
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
3 comments
нүүхгүй байгаа айлууд руу очиж тусламж үзүүлэхгүй л бай л даа. урсаад л явцгаана биз. шаардлага тавиад нүүхгүй гээд байгаа улсыг өөр яахын. өөрсдийнх нь асуудал ш дээ. усанд үйгдэж үхнэ үү яана хамаа алга байна ш дээ. аминдаа хайргүй улсуудад санаа зовоод юу хийхэв дээ
zam muu tabichihsan ni il haragdana,ychir ni zamiig 70 sm gynd tabidag yum,gadaadiin zamuudiig bid nydeer yzej salgadag tyynees ch gyn baih jiseetei!ene halis sig tabihad chini ebdrel gemtel garalgyi yahab dee!!barag nyd hyyrsan tedii zyil haragdana!
Иргэн хүн амьдрах газраа өөрөө сонгоно гэсэн хуулийн заалт бол сахилгагүй хариуцлагагүй улсад хууль зөрчих боломж олгосон амьдрал үл нийцэх заалт,энэ бол алс хойчоо бодоогүй,зөвхөн тухайн цагт сонгогчдоос санал авах,магтуулах гэсэн хүмүүсийн харалган бодлого,энэ заалт бол бүх л хариуцлагагүй хууль зөрчсөн олон олон асуудлын эх үүсвэр нь,үүнээс л болж шилжилт хөдөлгөөн замбараагаа алдсан,улс оронд ямар их гай гамшиг тарьж байгааг харж байгаа биздээ,бодлогогүй шийдвэр ямар их хор хохирол дагуулдагын сонгодог жишээ энэ мөн,шаардаад нүүдгүй айлуудад үер усны аюул тохиолдвол хохь чинь гэж хэлж байлдаа,дарга нар нь нэр нүүрээ барсан болохоор амьтаны өөдөөс үг хэлэх сөхөө байдгүй биздээ.