Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолын 2.4-т “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заасны дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх, иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа” авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Иргэн та судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой.