АНУ-ын Сиэтл хотод амьдардаг монгол иргэн энэ сарын 2-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болжээ. 23 настай Батболдын Баттулга тус хотын “Edmond Community” коллежид 2017 онд суралцахаар ирсэн ч энэ улиралд суралцаагүй аж. Гадаад харилцааны яамнаас АНУ-ын цагдаа, Консулын газарт мэдэгдэж, эрлийн ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг өгчээ. Нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээллийг үзвэл “Батболдын Баттулга /Тука/ нь 23 настай. Сиэтл хотын “Edmond Community” коллежид 2017 онд суралцахаар ирсэн. Энэ улиралд сургуульдаа сураагүй. АНУ-д гэр бүл, найз нөхөд нь байхгүй. Хамгийн сүүлд энэ сарын 2-нд гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна.
Тэрээр 23 настай ч 16-18 насны хүүхэд шиг харагддаг. Тэр компьютер тоглоом байнга тоглодог, хаа нэг газар өрөө түрээслэн тоглож магадгүй. Түүний утас холбогдохгүй байгаа. Монголд амьдарч буй ээж нь сэтгэл санааны маш хүнд дарамттай байгаа тул энэ залууг олоход тус болно уу” хэмээжээ. Мөн түүнийг олохын тулд өдрийн 500 ам.доллараар ажилладаг хувийн мөрдөгч хөлсөлж, хандивын данс нээсэн байна. АНУ-д амьдран суудаг элэг нэгт Монголчууд эхнээсээ хандив өгч эхэлжээ. Гадаад дахь монголчуудын хувьд монголчууддаа хандаж эцэг эхчүүд цаашид зардал мөнгийг нь бүрэн дааж, сургаж чадахгүй бол биеэ даан амьдрах чадваргүй хүүхдээ харь оронд битгий хаяж байгаач ээ. Харь оронд өөрөө өөрийгөө болгож яваа залуус байвал та бүхэн эцэг эх бусад хүмүүстэйгээ байнгын харилцаатай байж муу зуршил, элдэв донд авталгүй зөв зүйтэй амьдраарай гэх зөвлөгөөг өгсөөр байна.