АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошалд цацагдаад байна. Тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах тодруулгыг өгчээ.
-Танай байгууллагын даргын өрөөнд авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Баяр орж хоол цайгаар дайлуулсан тухай бичлэг өчигдөр сошиал сүлжээнд тарлаа. Энэ ямар учиртай бичлэг вэ?
– АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг 2018 оны 6 дугаар сард явуулсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 5.5.3, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.8, “Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халсан.
– АТГ-ын дарга нь шалгагдаж байгаа хүнийг албан өрөөндөө дайлж цайлсан нь тэгэхээр үнэн болж таарах нь ээ?
– 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй.
– Гэхдээ ингэж болдог юм уу?
– АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу түүнтэй биечлэн уулзах эрх нь нээлттэй байдаг.
– Бичлэг алдагдсан гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ бичлэгийг сошиал сүлжээнд хаанаас тарааж байгааг тогтоосон уу?
– Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.
Эх сурвалж: АТГ
1 comment
Bi neg l um oilgohgui um Mongold gantshan M.Enhbold idej uusan eh ornoo bayalgaldsan lyivarchin deeremchin archaagui olhiogui buh um burdsen neg l suns chotgor bolson hun l bdag bysad humuus ni bugd ondog shig oo sevgui tseverhen tsagaan tsaas shig enhiin tsagaan tagtaanyyd um bhdaa hunii olon hunee barij iddeggui gej ert deer uaees ovog deedes helj yarij irsen syrgaal ug bdag um shuu