Манай уншигчидтай нэгэнтээ учирч байсан удган Хүүхэнхүүгийн Уянгатай бид урин цаг наашилсан хаврын энэ сайхан өдрөөр дахин уулзаж буйдаа таатай байна. Түүнийг “Дал тайлах” ухаанд мэргэшсэн гэдгээр нь аль хэдийнээ олон түмэн таньдаг болжээ. Монгол ёс заншлын тахилга тайллагад дал дөрвөн өндрийг эрхэмлэн дээдлэхээс гадна аливаа дайллага цайллагын хамгийн эрхэмд тооцогддог нь дал билээ. Монголчууд далыг мэргэ мах гэж хүндлэхийн дээр хүндэт зочин, нагац зэрэг ахас ихэсдээ барьдаг уламжлалтай. Монгол ихэс хаад хүртэл түүхэндээ далаар мэргэлсээр ирсэн нь судар номонд бичигдэн үлджээ. “Далны мэргэ нь гурван цагийн үйлийн үрийг хэлж чадах мэргэ төлгийн дээдийн дээд юмаа” хэмээн төрийн зайран хүртэл хэлсэн байдаг. Ингээд энэ агуу ухаанд мэргэшсэн удган Х.Уянгын яриаг хүргэж байна.
-Таныг “Дал тайлах” мэргэ, дом шившлэгийн ухаандаа улам бүр гүнзгийрэн орж, нэлээд далайцтай судалгаа шинжилгээ хийж байгаа талаар сонссон. Далтай холбоотой эрдэм мэдлэг цээжинд чинь ёстой л багтаж ядан оволзож байна уу?
-Өө тэгэлгүй яах вэ. Би өөрийн судалж мэдсэн өчүүхэн мэдлэгээс бусадтайгаа хуваалцахдаа үргэлж баяр, жаргалтай байдаг. Энэ бол улаач бидний үүрэг, хувь тавилан юм. Өнгөрсөн хугацаанд онгод тэнгэрээс маш олон зүйлийг сурч, түүний дээр мөнх тэнгэрээс өгөх олон арван өгөгдөл болон шид буяныг би болон гэр бүлийн маань хүн бид хоёр дээдсүүдийнхээ дэмээр олон түмэндээ түгээгээд явж байна. “Дал тайлах” дом шившлэгийн үйлийг ихэд түлхүү судалж, хийж байна. Ажил хийх тусам гарт орно гэдэгтэй адил миний мэдлэг мэдээлэл ч чамгүй тэллээ. Нэгэнт хийж чадаж байгаа зүйлсээ бусдад түгээх хэрэгтэй. Олон олон хүнд тусалмаар байна. Үүнийг ч өвөг дээдсүүд минь хүсч, ярьж байна. Арвин дүүрэн чадал байдаг, увдис байдаг үүнийгээ бусдад түгээхгүй юм бол хий хоосон ярьж суугаад яах вэ дээ гэдгийг л өвөг дээдсүүд маань бидэнд хэлээд байгаа юм. Тиймээс өнөөдөр тантай ярилцаад сууж байна. Би бөө, удган гээд худал хийрхэж, өөрийгөө магтахдаа бус зөв мэдээллийг бусдад хүргэх, монгол өв уламжлал, язгуурын талаарх үнэн зөв ойлголтыг хүмүүст түгээх хэрэгтэй байгаа юм. Улаач хүн онгод дээдсээсээ авсан үүрэг даалгаврыг л түмэндээ түгээдэг шүү дээ.
ДАЛДЫН АУГАА ХҮЧИЙГ ЭНЭ ОЛОН МЯНГАН ЖИЛИЙН ТУРШ ХАДГАЛСААР ИРСЭН ДАЛНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ ХЭДХЭН ҮГЭНД БАГТАХГҮЙ
-Тэгэхээр хоёулаа эхлээд монгол уламжлал, язгуурын үүднээс бидний өвөг дээдэс далыг эрт дээр үеэс нааш хүндэт идээ хэмээн дээдэлж ирсэн учир холбогдлын талаар ярилцах уу?
-Тэгэлгүй яах вэ. Монгол түмэн маань хонины далыг “Баруун хааны дал”, “Дал дөрвөн өндөр” гэж идээ шүүсний дээж хэмээн хүндэтгэлтэй хандсаар ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Дал бол бүтэн шүүсийг төлөөлдөг их идээ юм. Тэр ч утгаараа чанасан далны ясанд эмэгтэй хүн, балчир хүүхэд хүрч болдоггүй, далны махыг далуулаа хүрт гэхчлэн идэж байгаа шүүс нь хүртэл нарийн учиртай болохыг бидний өвөг дээдэс сургасаар ирсэн. Гэтэл сүүлийн үед бид далаа ч зөв сайхан хүртэж чадахгүй болтлоо харийнжсан байна. Далыг хөгшин хүний дэргэд болон эцгийнхээ дэргэд үр хүүхдүүд нь эхэлж хүртдэггүй номтой. Үүнийг мэдэхгүй байгаа олон залуус энд тэнд нүдэнд өртөх юм.
Монголчууд бид эртнээс нааш “Дал”-ны ясыг хаядаггүй, хаях бол цуулж хаядаг гэдэг шүү дээ. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр “Дал”-ны яснаас тухайн хүн хийгээд, гэр бүлийн бүхий л талын мэдээллийг бүрэн унших боломжтой учраас цуулж хаядаг байжээ. Бид өнгөрсөн түүхийн уламжлалаа гээсэн, мэдэхгүйд л байгаа хэрэг. Дээхэн үед бол дом шидтэй хүмүүс их байсан. Тэр хэрээрээ ч ёс жаяг ч дагаад нарийн байжээ. Даланд маш агуу хүч, эрчим бий. Энэ “Дал”-ны гайхамшгийг эргээд мэдэх, амьдралдаа ашиглах аргыг өвөг дээдсүүд минь улаач биднээр дамжуулан мэдүүлэхийг хүсч байна. Тэр цаг ч ирсэн.
Арга талаас нь аваад үзэхээр цаанаа хүндэтгэлийн шинж чанартай. Харин өв соёлын хувьд далаар дан ганц мэргэлэхээс гадна дом шившлэг хийдэг. Газар дэлхий, уул усны холбогдолтой мэдээллийг далнаас авч болдог. Далдын аугаа хүчийг энэ олон мянган жилийн турш хадгалсаар ирсэн далны тухай ойлголт хэдхэн үгэнд багтахгүй, тийм өргөн цар хүрээтэй.
ЦАГААН ДАЛАН ДЭЭР ТАЙЛАГДАХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ
-Таныг дал шатаахгүйгээр цагаанаар нь мэргэлдэг гэдэг. Энэ сайхан эрдмийг анх хэрхэн, хаанаас өвлөн авч байв?
-Үе удам дамжсан удган, зайран тэргүүтнүүд далыг шатаах мэргийг өвлөж авдаг. Харин далыг цагаанаар тайлах мэргийг энгийн хүнээс хэн нэгэнд өвлүүлж өгдөггүй. Тодруулбал, тэнгэр онгодоос зөвшөөрөл өгч байж, тухайн улаач хүн далыг цагаанаар тайлах эрхийг хүлээн авдаг. Түүнээс хөрстөд мөр зэрэгцэн амьдарч байгаа хэн нэгэн, багш шавийн барилдлагатай хүмүүс бие биедээ уламжлуулан өгдөг ойлголт биш юм. Хүний сэтгэлийн дотоод мөн чанар, итгэл сэтгэл, тэсвэр тэвчээр гээд бүх зүйлийг онгод тэнгэрүүд хардаг. Ингээд хугацаа нь болонгуут энэ эрхийг өвөг дээдэс маань надад өгсөн. Миний хувьд өөрийн эрдэм мэдлэгийг бүрэн төгс боловсруулахын тулд Сэлэнгэ аймагт зорьж очин гурван жил амьдарсан. Энэ нь улаач хүний хувьд байгальтайгаа, жинхэнэ монгол ахуйтайгаа ойрхон байх таатай нөхцлийг бүрдүүлж өгч чадсан.
-Хөзрийн, чулууны гээд маш олон төрлийн мэргэ энэ ертөнцөд бий. Дал шатаах, далыг цагаанаар тайлах мэргэ нь эдгээрээс чухам ямар онцлог ялгаатай юм бэ?
-Юуны өмнө дал шатаах, далыг цагаанаар тайлах хоёр хоорондоо тэс ондоо ойлголт юм. Манай монголчууд маш эртнээс “Дал”-аар мэргэлэх, домнох аргыг ахуй амьдралдаа хэрэглэсээр ирсэн түүхтэй. “Дал”-ыг шатаалгүйгээр мэргэлж байсан. Бүр Хүн гүрний үед яг энэ аргаар дом, шившлэг хийж, элдэв бузар муухайг хүртэл дардаг байсан юм байна лээ. Тэгэхээр би улаач хүнийхээ хувьд энэ өгөгдлийг (өвөг онгод) дээдсээс хүлээж аваад “Дал”-ны талаар бага сага мэдээлэлтэй болсон.
“Дал”-ыг шатаалгүйгээр дээрээс ирсэн өгөгдлөөр уншиж заслыг нь хийж өгдөг. Тэр далан дээр нь тухайн хүний бүхий л мэдээлэл, засал зэрэг нь гараад ирдэг. Ингээд өгөгдлийн дагуу заслыг хийж тухайн “Дал”-ыг дом болгон засал хийлгэсэн хүнд буцааж өгдөг. Хүний амьдрал ахуйд тохиолддог болох болохгүй, сайн сайхан, эрээн бараантай талууд, ханийн заяа, өвчин зовлон, хүүхэд тогтох, тогтохгүй байх гээд маш олон асуудлууд далан дээр төгс гарч ирдэг, эргээд засал нь ч тодорхой байдаг. Ер нь “Далны дом” заслыг мэргэний толгой дээд гэсэн байдаг юм байна лээ, үүнийг дээдсүүд маань ч хэлдэг, мөн ном сонин дээр тэгж бичсэн байсан.
Цагаан далан дээр тайлагдахгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Далан дээр тухайн хүнтэй холбоотой бүхий л учир холбогдлууд гарна. Хүмүүс заяаны бус завсрын байдлаар яагаад гэмтээд байна вэ. Яагаад ажил үйлс нь бүтэхгүй, хэрэг төвөгт холбогдоод, гэнэтийн байдлаар бэртэж, осолдоод байна вэ. Ямар нэгэн байдлаар заслаа хийлгээд байхад цаанаасаа нэг л болж өгөхгүй байгаа тэр бүх угшил, учир шалтгааныг дал төгс тайлдаг. Тодруулж хэлбэл, бүх төрлийн мэргэний хамгийн дээд орой мэргэ нь цагаан дал тайлах юм. Бусад мэргэн дээр гарахгүй хамгийн эцсийн шатны мэргийг ч цагаан дал тайлдаг. Хамгийн багадаа далан дээр тухайн хүнээс дээш есөн үе доторх бүх мэдээлэл хадгалагддаг. Үүнээс гадна засал болон арга дом гээд бүхий л зүйл нь тухайн тайлагдсан далан дээр бүрэн илэрхий болдог.
Хүн бүр заяа таван тэнгэртэй байдаг шүү дээ. Буурлууд маань цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө “Үр хүүхдүүдийн маань хийморь сүлд нь өөдөө байг, ханийн тэнгэртэй байг, аз хийморийн тэнгэртэй байг” гээд заяа таван тэнгэрт даатгадаг. Биднийг хардаг тэнгэрүүд гэж бий. Тиймээс тухайн хүнтэй холбоотой мэдээлэл далан дээр гарч ирдэг л дээ.
Ерөнхийдөө далан дээр гарч ирэхгүй мэдээлэл гэж нэгээхэн ч үгүй. Бүх мэдээлэл төгс гарч ирдэг. Орчин үеийн анагаах ухааны техникээр зүйрлэвэл компьютерийн MRI аппарат л гэсэн үг. Тиймээс таны мэдээлэл бүрэн төгс гарч ирнэ гэдгийг би маш итгэлтэйгээр хэлж чадна.
МАГАДЛАЛТАЙ, МАГАДГҮЙ ГЭСЭН ЗҮЙЛ ДАЛАН ДЭЭР ОГТ БУУДАГГҮЙ ГЭДГИЙГ БАТТАЙ ХЭЛЬЕ
-Зарим хүмүүс энэ “Дал тайлах” мэргэ, далтай холбоотой уламжлалыг мухар сүсэг хэмээн үгүйсгэж магадгүй. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Далын дом зүй, шившлэг гээд ярихаар зарим нэгэн нь мухар сүсэгтэй холбон ойлгох нь мэр сэр бий. Энэ их язгуур ухааныг түмэн олондоо илүү ойроос түгээгээд явж байгаа хүний хувьд маш ойлгомжтойгоор тайлбарлан хэлье. Монгол хүн бүрийн мэдвэл зохих, мэдсэн байхад илүүдэхгүй гэдэг талаараа хүн хэмээх ертөнц махан болоод сүнсэн хоёр биетэй. Цөөн хэдэн үгээр хэлбэл, “Далдын” цаад талын “Арга билэг”-ийн “Билэг” дэх ертөнцийн бүхий л талын мэдээллийг цогцоор нь агуулсан толь нь дал юм. Далдын сөрөг хүчний дом гэдгийг бидний өнөө үед байгаа хийгээд өмнөх болоод өмнөхийн өмнөх судлаачид, номч мэргэд, түүхч өвгөд өтгөс маань ном судар, зохиол бүтээлдээ тодоос тод тэмдэглэн бичиж үлдээсэн байдаг. Энэ нь одоо үед бидний хийж түгээж буй үйл ажилд минь улам ихээр мэдрэгдэж байна. Тэр дундаа зөвхөн “Монгол үндэстэн” л энэ далдын язгуурт сүнслэг ухааныг өвлөн авах эрхтэй төрсөн гэдгийг машид сайн ойлгож мэдээсэй. Далны тэр дотоод ертөнцөд нь агуулагдах шинж тэргүүтнийг чадлынхаа хэрээр үе тэнгийн залуус, хойч ирээдүйдээ ойлгуулж тунгаалгахаар сүүлийн хэдэн жилд хичээж л явна. Хичээж байна гэдэг үгийн цаана Монгол хүн монголоороо байгаасай, зөвхөн амьтны мэт үйлдлээр л амьдарч, үржихгүй байгаасай. Өв соёл, ёс заншил өвөг дээдсийн сургаалтай, жудагтай, хариуцлагатай, оюунтай, хүнлэг чанараа үргэлж үеийн үед гэрэлтүүлж явах ухаанд суралцан шамдаж хичээж яваасай л гэж бодох юм. Үүний дээр цагаан далны дом шившлэгийг бусад мэргэтэй огтоосоо эн зэрэгцүүлж болохгүй.
-Учир нь?
-Учир нь даланд агуулагдаж буй мэдээлэл нь “магадгүй, эсвэл” гэсэн эргэлзээнд тайлагддаггүй. Тийм ч учраас хугацааны хувьд тодорхой. Барагцаалбал Хүннүгийн үеэс бүр түүнчлэн Монгол үндэстэн энэ хорвоо ертөнцөд анх үүссэн тэр цаг үетэй эн чацуу хэмжээнд түүхэн сударт бичигдсэн байдаг. Иймээс ч “Би хэлье, чи тайл”, “Хотон доторх хоёр мэргэн” гэх мэт он цаг дамнан ирсэн оньсого зүйр үлдсэний дээр өнөө цагийн амьд судар болсон Л.Түдэв гуай Дал судрыг бэлтгэн бидэнд түгээсэн байдаг шүү дээ. Ер нь ч монголчууд бид тэнгэрээ шүтэж, хар цагаан сүлдээ тахиж далаа дээдлээд, далтайгаа байхад арга билгийн алинд ч өвдөг сөхрөхгүй гэсэн байдаг.
Сүүлийн үед дал тайлуулах гэж ирж байгаа хүмүүс маань ихэвчлэн олон төрлийн мэргэ төлөг тавиулж байсан байдаг. Тэр болгоноос сайн нь ч байна, саар нь ч бий. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд далны мэргийг бусад төрлийн мэргэтэй зүйрлэж болохгүй. Хүмүүс ихэвчлэн “Мэргэ нь хэр сайн бэ, хэр магадлалтай вэ” гэж асууж лавладаг. Цагаан далыг өдий хугацаанд тайлаад явж байгаа хүний хувьд хэлэхэд “Магадлалтай, магадгүй гэсэн зүйл далан дээр огт буудаггүй гэдгийг дахин баттай хэлье. Нэг ёсондоо эргэлзээтэй мэдээлэл далан дээр буудаггүй юм. Учир нь тухайн хүн далтай харьцаж эхэлсэн цагаас түүнтэй холбоотой бүх мэдээлэл хадгалагддаг гэсэн үг. Тэгэхээр анх далны махаа хуулсан цагаас эхлээд тухайн хүний халуун эрчимтэй нь далны яс маань шууд холбогдож, далдын буюу сүнсэн талын мэдээллийг өөртөө буулгадгаараа гайхалтай байдаг. Тиймээс бусад төрлийн мэргэтэй харьцуулшгүй. Билэг талаасаа мэргийн цаад оношлуур нь далан дээр тайлагдаж байдаг
-Далан дээр хүний заяа төөрөг тэр чигтээ буусан байдаг гэхээр үнэхээр гайхалтай юмаа. Ингэж тайлуулсан далаа яах ёстой вэ?
-Тайлагдсан дал маань он цаг хугацааны туршид дом шившлэг болоод тухайн гэр бүлийн хойморт залагдаж, эрчим хүчтэй оршихуйд хадгалагдсаар ирсэн байдаг. Үүнийг монголчуудын өв соёлтой холбоод үзэхэд таван хошуу малынхаа далыг ерөөсөө хаядаггүй байжээ. Ялангуяа малчин зон олон маань буянт малынхаа баруун хааны далыг хаядаггүй байж. Энэ тухай түүхэн сурвалжууд арвин. Өнөө цагт хүртэл хөдөө орон нутгаар явж байхад аливаа хад хавцалд дал хавчуулсан байх жишээтэй. Ингэхдээ хар зүгийг хааж, далныхаа ясыг тавьдаг байсан байна. Дээр хэлсэнчлэн далтайгаа байхад гэдэг үгийн учир нь гэвэл далдын чигээ тайлуулсан дал маань давхар дом шившлэгийг өөртөө шингээдэг шидтэй билээ. Дом шингэнэ гэдэг тухайн айл гал голомт, ноён нуруу, хийморь сүлдтэй холбоотой далдын цаад мэдээллийг он цагийн турш хадгалсаар ирсэн гэдэг утгаараа монгол хүмүүн бид энэ ариун болоод далдын өгөгдлийг дотоод сэтгэлээсээ ойлгож, учиртай хандах хэрэгтэй. Хүндэтгэлтэй гэсэн үг л дээ. Засал гэдэг нь махан биед тариа тарихын адил биш. Хувь хүний дотоод сүнсэн эрчим хүчтэй холбоотой нарийн нандин зүйл. Хий талын эм эмчилгээ хийгдэнэ.
Монголчууддаа хандаж онцгойлон сануулахад засал хийлгэнэ гэдгийг нүдэнд харагдаж, гарт баригдах эд материалтай зүйрлэж болохгүй. Засал тухайн хүний сүлдэн бие буюу сүнсэн биед хийгддэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үүний цаана дотоод ертөнцөд тухайн хүний ноён нуруу болоод хийморь сүлд тал нь бүрэн бүтэн байх ёстой. Хамгийн гол нь хүний сүнсэн орон зай, сүнсэн бие чухал. Тэгэхээр сүлдээ, ноён нуруугаа бүтэн байлгахын тулд хувь хүнээс шалтгаалах ганцхан эрчим хүчтэй зүйл нь үг, хэл, сэтгэл, үйлдлээ зөв байлгах юм. Ингэж чадвал тухайн хүний ноён нуруу хийморь сүлдтэй холбоотой сүнсэн биеийн орон зай, цаад эрчим нь бүтэн оршдог.
МОНГОЛ ХҮН ДАЛАА ДЭЭДЛЭЭД, ГАЛАА ТАХИАД ЯВЖ БАЙХАД ТЭР ГЭР БҮЛИЙН НОЁН НУРУУ, ХИЙМОРЬ ХЭЗЭЭ Ч ДОРОЙТОХГҮЙ
-Сар шинийн дараа айл болгон галаа тахиулдаг. Гал тахиулж, засал хийлгэх нь ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Тухайн хүн заслын шалтгаантай л байвал тэр чигтээ галын засалтай байдаг. Монгол хүн болгоны зүрхэнд гал бий. Айл бүрийн гал дээр эзэн суудаг. Тэр айл зөв явж байна уу, буруудаад байна уу, хийморь сүлдний дархлаа нь ямар байна вэ гээд энэ бүхэн галын эзэн гэдэг ойлголт юм. Айл болгоны гал дээр амьтай эзэн сууж байдаг. Тийм учраас бидний өвөг дээдсүүд “Галаа дээдлээрэй, галаа тахиарай, галаа сэвтүүлж болохгүй шүү, галандаа ууртай уцаартай бүү хүрээрэй” гэж захидаг байсан. Ерөөсөө заслын гол шалтгаан нь гал байдаг. Галын эзэн сайхан бол тэр айл цаанаасаа аврагдаад, эрхшээл ивээлд нь ороод өөдөө сайн явна. Төөргийн зовлон, учрах ёстой зовлон, үйлийн үрийн зовлон, үйлийн үрийн бус зовлон гэж бий. Мөн өөрийн үйлийн үрийг эдэлж явж байна уу, хүний үйлийн үрийг эдэлж байна уу гэдгийг салгах ёстой. Өнөөдөр зовж байгаа зовлонгийн шалтгаан бүхэн зөвхөн далдын далдыг хардаг цагаан далан дээр буудаг юм. Заслаа хийлгэсний дараа анхаарах зүйлс гэж бас байна. Хүмүүс өнөөдөр заслаа хийлгэж, галаа тахиулсан гэдэг боловч маргааш нь ямар ч тийм шинж байхгүй тохиолдол илэрдэг. Энгийнээр жишээ аваад үзье л дээ. Эмчилгээ хийлгэсэн хүн гам барьдаг. Тэрэнтэй адил галаа тахиулна гэдэг бол тэр айл эмчлэгдсэн гэсэн үг. Ингээд гамаа барихдаа галын эзнийг тайван байлгах ёстой. Гал маш ялихгүй юмнаас сэвтдэг. Хуримтлагдсаар байгаад галын эзэн тэсэрдэг. Монгол хүн далаа сайхан дээдлээд, галаа сайхан тахиад явж байхад тэр гэр бүлийн ноён нуруу, хийморь сүлд хэзээ ч доройтно гэж үгүй.
-Тухайн айлын ноён нуруу ямар байх нь галын эзэнтэй нь шууд холбоотой. Бид юунд анхаарах ёстой вэ?
-За өнөөдөр манай амьдрал нэг л биш байна гээд л гэнэт галаа тахиулъя гэдэг. Иймэрхүү хэнэггүй байдлаар хандаж болохгүй. Хамгийн гол нь монгол хүн гэдгээ ойлгож галын тахилгын үйлд оролцох ёстой. Миний хийморь сүлд, цог золбоо өсч дэвжих бүх үндэс нь галын эзэндээ байдаг юм байна гэдгийг сэтгэл зүрхэндээ гүн гэгч нь ойлгох хэрэгтэй. Нэг талдаа бид их азтай ард түмэн. Азтай гэдгээ бүр илүү мэдрэе гэвэл монгол ёсоо дээдэлж явах нь өлзийтэй.
Хорвоо ертөнц дээрх бүх зүйл хоёр талтай. Билэг тал нь юу юм бэ гэдгийг тайлбарлая л даа. Өнөөдөр хүмүүс уул хангайгаа ухаад, алтыг нь аваад байдаг. Тэр хүний амьдрал нь элбэг хангалуун болж байгаа мэт боловч ирээдүй хойч үед нь үйлийн үр нь заавал ирдэг. Яагаад гэвэл хүн өөрийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдгээ сайн ойлгох ёстой. Өөрийг нь үүсгэсэн үүсгэлийнхээ энгэрийг нь малтаад л хамаг юмыг нь ухаж түнхээд байвал заавал хариугаа авна. Үүний цаана хүний сэтгэлийг гомдоогоод, сэв суулгаад, зориудын гаргалгатай буруу зөрүү санаад, байх юм бол эргээд тэр хүнд дааж давшгүй үйлийн үр болоод ирдэг. Ямар нэгэн хүн заслын шалтгаантай байна гэдэг бол түүний хийморь сүлд дааж давшгүй асуудалтай, доголдолтой явж байгаагийн шинж юм. Тэгэхээр хамгийн наад зах нь хүмүүс сэтгэлийн болон үгийн, үйлдлийн хатуу зүйлээс болгоомжтой явахыг хичээх хэрэгтэй.
-Орон сууцанд амьдарч байгаа айлууд галаа хэрхэн тахих вэ?
-Суурин соёл иргэншилд шилжээд хүн болгон амьд галтайгаа харьцаж чадахгүй байна. Ийм тохиолдолд яах вэ гэвэл гал маань бидний плитка болчихоод байна. Энэ бол биднийг хооллож ундлах, цайлах, амьдрах эрч хүчийг минь тэтгэж байгаа болохоор яалт ч үгүй гал мөн юм. Хоолыг маань буцалгаж байгаа тохиолдолд сэвийн сэтгэлээр галтайгаа харьцаж огт болохгүй. Монгол хүн болгон галаа сайхан дээдлээд, хайрлаад ариун байлгах ёстой. Аяндаа хийморь бат бол ирээдүйд өнгөтэй байна.
-Таны ярианд зөв сайхан сэтгэлтэй байх, сайн сайхан зүйлс амаараа ярьж хэлэх нь хүний сүнсэнд дархлаа тогтоодог гэж хэдэнтээ дурьдагдлаа?
-Бидний өвөг дээдэс амны билгээс ашдын билэг гэж эртнээс нааш үр ач нартаа сургамжилсаар ирсэн. Монголчууд маань амны билэг, амны хүч гэдгийг энэ цээж зүрхэндээ хэзээ ч мартахгүйгээр тээгээсэй гэж би хувьдаа боддог. Таны үр хүүхдүүд ямар явах нь аав, ээжийн, өвөө, эмээ нарын амны билгээс шууд хамаатай. Орчин цагт хүмүүс амны билэг гэдгийг оюун ухаандаа хадгалж чадахаа байчихсан юм уу, оюуных нь цараа тийм царцмаг болчихсон юм уу даа гэж харагдаад байгаа. Ялангуяа одоо цагийн өвөө, эмээ нар өвөө, эмээ биш болжээ. Тэд маань дандаа болохгүй, бүтэхгүй, хар бараан зүйл ярих юм. Монголчууд маань байхгүй ч байгаа, болохгүй, бүтэхгүй ч болно гэж хэлдэг байсан нь цаанаа нарийн учиртай. Гэтэл сүүлийн үед буурлууд маань энэ ёсоо алдчихаад байгаад их эмзэглэдэг. Өндөр насалсан ахмадууд маань зулын гол ч ороож чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.
Засал домоо хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн хувьд ч бэлгэ дэмбэрэлгүй зүйл ярих тохиолдлууд байдаг. Настай буурлууд маань хүүхдээ дагуулчихсан, ноён нурууг нь үзүүлэхээр ирэхдээ нөгөөдүүлийнхээ зовхийг өндийхийн аргагүй болтол загнах нь бий. Тэдэнд “Өөрийнхөө хайраас төрүүлсэн зүрх сэтгэл, мах, цус, яснаас тасарч гаргасан үрээ болохгүй муу муухай үгээр утаад байхаар тэр хүүхдийг нь мянган алтаар хучаад ч өндийхгүй. Хамгийн гол нь амны билгээ бод. Түүний дараа заслаа хийлгээрэй” гэж хэлдэг дээ. Юм болгоныг эерэг талаас нь харж байх хэрэгтэй. Хүний дотор хар, цагаан хоёр бие байдаг гэж би хувьдаа боддог. Дотор байгаа биеийнхээ цагаан зөвийг ажиллуулах юм уу, харыг нь давамгайлуулах уу гэдгийг тунгаах ёстой. Ухамсар бодол сэтгэлийн хүчээр бүх юм биелж байгаа. Аливааг буруугаар бодоод байвал гэрэлтэх юмгүй болно. Дээрээс өвөг дээдсүүд маань биднийг байгалийн хүн, тиймээс байгалиа шүтэж амьдарвал алзахгүй гэдгийг уураг тархинд шингээгээд үлдээсэн. Хамгийн гол нь дом шившлэгээ мартагнах юм бол өнөөдөр байгалийн хүн гэж яваад хэрэггүй.
Ер нь монголчууд бид билэг оюуныг дээдэлдэг үндэстэн учраас арга мухардана, арга барагдана гэж бараг үгүй. Тиймдээ ч монголчууд эрт цагаас эхлэн үр хүүхдээ бага балчраас нь эхлэн эрэгтэй хүүхдийг 13-ны жил дээр, эмэгтэй хүүхдийг хий насаараа есөн настайгаас эхлэн өөрийнх нь харсан заяа таван тэнгэрт нь бүсэнд нь домнолзүй хийж ерөөл бэлгэдлийн үг хэлж, ирээдүйн хань үрсийн бүтэн заяаг хурайлан дуудаж өгдөг байжээ.
Source: @ДАЛД Ертөнц
2 comments
oron syyzand baigaa hymyys galaa herhen tahih be?gesend hariu helj egsengyi ee,naad hyyhen chini?er ni medlegeer maryyhan amitan bna daa!!yag ylamjilaj absan bags nar ni hoid yeeiin muunuud boltoi!hynii tolgoi ergyyleh chanartai?Naad dalnii chini tyhaid manai Mongolchyyd ikhe medlegtei yridiin yum yl bolj hoid ye zyl bolson chag yum daa!!!Bi beer ene talaar ergen medlegtei hyn heleh boloogyi ee!
Тийм сайн юм бол гараад байгаа учир олдохгүй байгаа хэргийг илрүүлээд өгөөч дээ. Хүний сэтгэлзүйгээр тоглож амьдардаг сонин улс шүү.