Баяр наадмын өдөр Улсын драмын эрдмийн театрын залуу хос, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хуримаа хийлээ. Тэдний хуримын ёслол наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэхэд эхэлсэн юм. Энэ талаар жүжигчин Г.Алтангэрэл “Энэ жил бидний хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хэзээ ч мартагдахааргүй наадам болох гэж байна.
Бид хоёр наадмын нээлтийн ёслолд хуримаа хийж буй гэр бүлийн тухай зохиомжийн гол дүрд нь сонгогдсон юм. Тэр болгонд заяагаад байдаггүй хувь завшаан тул их билэгшээж хуримаа хийхээр шийдсэн. Наадмын гол дүрд хоёулаа сонгогдсон гэдгийг маш сайхан сэтгэл хангалуун хүлээж аваад хуримаа хийхээр шийдлээ”гэсэн юм.
Тэд энэ жил гурав дахь удааг наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. Жүжигчин Г.Алтангэрэл өмнө нь Есүхэй баатар, харин түүний эхнэр Г.Номуун жанжин Сүхбаатарын гэргий Янжмаагийн дүрд тоглосон бол өнгөрсөн жил Г.Алтангэрэл “Жангар” туульсын хэсэгт тогложээ. Энэ жилийн наадмын нээлтээр гэр бүл бат бөх байх, монголчууд олон болох тухай, монгол үндэсний хуримын ёс жаягаас харуулав. Энэ зохиомжийн гол дүрд тэднийг сонгосон байна.