Олон улсад балетаар эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, дэлхийн шилдэг 9 балетчны нэг болж яваа залуухан бүсгүйг өчигдөр төр өндрөөр үнэлж “үнсэв”. Тодруулбал, 13 жил балетаар хичээллэж, дуурийн театрт 8 жил ажилласан 23 настай О.Анужинд Гавьяат жүжигчин цол олголоо.
Түүний балетын түүхэнд оруулж буй хувь нэмрийг нь ийнхүү үнэлэв. Залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй гавьяат авсанд олон нийт хоёр тал болон талцаж янз бүрээр шүүмжилж харагдана. “Шагнал нүдээ олсонгүй, арай эрт авчихлаа” гэх мэтээр шүүмжилж байгаа бол нөгөө талд “Гаргасан бахдам сайхан амжилтыг нь өндрөөр үнэлсэнд баярлалаа. Авах ёстой.
Залуу хүн гээд яагаад авч болохгүй” гэх мэт баярын сэтгэгдэлүүд урссан харагдав. Шинэхэн гавьяат О.Анужин бол Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа залуучуудын нэг яах аргагүй мөн билээ. Олон улсын А зэрэглэлийн уралдаануудад зууны манлай С.Оюун гуайн гаргасан амжилтуудыг гаргаж байгаа мундаг бүсгүй гэх.
Гавьяат болоход түүний нас биш авьяас, хөдөлмөр нь нөлөөлсөн шүү. Хөдөлмөр авьяас хүнийг бий болгодог гэдгийг харууллаа. Өчигдөр Ерөнхийлөгчөөс гавьяатын тэмдгээ зүүсний дараа тэрбээр ДБЭТ-ынхаа алтан тайзнаа мөргөж хүндэтгэл үзүүлжээ. О.Анужин “Өнөөдөр миний хувьд ер бсуын азжаргалтай өдөр тохиолоо. Миний хувьд 23 хан насандаа энэхүү өндөр шагналыг энгэртээ зүүгээд зогсч байхад маш их зүйл бодогдлоо.
Юуны өмнө аав ээж, зааж сургасан багш нар, ах дүү хамаатан садан, хамт олон, найз нөхөд надтай сэтгэлээ зориулж хайр бэлэглэдэг хүн болгондоо гүн талархал илэрхийлж байна. Эх орныхоо өмнө илүү их хариуцлага, итгэл, үүрэг хүлээж байгаагаа ухамсарлаж байна. Ямартаа ч бүгдэд баярлалаа. Эх орныхоо төлөө илүү ихийг хийж улам сайн хичээхээ амлаж байна. Анх энэ урлагт дурлуулж суурийг минь тавьж өгсөн МУГЖ Т.Туул багшдаа маш их баярлалаа” гэжээ.
Тууштай, хөдөлмөрч хүнийг л амьдрал шагнадаг юм. Тиймээс О.Анужин минь Ази төдийгүй Дэлхий дахинаа алдар нэр, Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж, өндөрт өргөж яваарай.
1 comment
хөл боломжийн толгой цээж модондуу харагдаж байна уу гүй юу гайгуу байгаа